ТОГТОЛЦООНЫ ХЯМРАЛ МОНГОЛ
Монгол улсад хямралын шинжтэй үзэгдлүүд өрнөж, утга учир авцалдаагүй олон үйл явдлууд шил шилээ даран шуугиулж байна. Хамгийн тод ажиглагдсан нь Covid-19 цар тахал ба түүний үр дагавартай холбоотойгоор хүмүүсийн амьдралын хэв маяг, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн нөхцөл байдал юм.
Үүнээс гадна Монголын эдийн засаг дэлхийн ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хамааралтай эрсдэл, төсвийн үр ашиггүй зарцуулалт, хэт хавтгайрсан халамжийн бодлогоос үүдэлтэй хямардаг зүй тогтлыг засах, өөрсдөө үйлдвэрлэгч улс болох, эдийн засгийн хувьд эрүүл бус бүтцээ өөрчлөх, нэг улсын хэт хараат байдлаас гарах амжилтгүй оролдлогуудаас хуримтлагдсан хямралтай нүүр тулах нь гарцаагүй.
Цаг үеийн сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх байтугай түүнийг шийдвэрлэхийн тулд ашигтай зохион байгуулалт ч хийж чадаагүй нь тогтолцооны хямралд автан нийгмийн суурь багана өмхөрч ганхсаар байгааг харуулж байна.
Тогтолцооны хямрал зүгээр нэг хүнд хэцүү хямрал бус нэгнийгээ нөхцүүлж, нэг нь нөгөөгөөс улбаалан хавсарсан олон хямралын шинжтэй үйл явцуудын нийлбэр юм. Эдгээр үйл явцууд маш тодорхой эрэмбэ, дараатай үүсдэг.
Тогтолцооны хямралын сонгодог жишээг социалист эдийн засгийн засгийн тогтолцоотой тоталитар дэглэмээс ардчилсан тогтолцоотой зах зээлийн эдийн засагт шилжсэн өөрчлөн байгуулалтын шинжилгээнээс тодорхой харж болно.
Цаг хугацааны хувьд эхний хямрал нь 1980-1990-ээд оны үед тулгарсан үзэл санааны хямрал байв. Энэ нь “цаашдаа ямар чиглэлд хөгжих нь зөв бэ?” гэх асуулт хүн бүрийн оюун санаанд бий болов.
Тухайн үед социалист, капиталист гэсэн хоёр үзэл санааны өрсөлдөөн өрнөж коммунист байгуулалттай социалист тогтолцоо нурж эхлэхэд “хаашаа замнах вэ?” гэсэн асуултад логикийн хувьд ойлгомжтой ганц л хариулт байсан нь ардчилсан тогтолцоотой капитализм юм. Эндээс социализм ба коммунизмын байгуулалтыг үргэлжлүүлэх, эсвэл нийгмийн тэс өөр байгуулалтад шилжих сонголтын дилемма бий болсон нь үзэл санааны хямралд хөтлөжээ. Үзэл санааны хямрал дарааллаараа хамгийн эхнийх нь юм. Үзэл санааны хямрал хөгжлийн цаашдын замыг сонгох сонголт байлаа. Үзэл суртлын хямралыг шийдвэрлэх нь чухамдаа тэр үед социалист эсвэл капиталист хөгжлийн сонголт байсан.
Капитализмын замналыг сонгосон нь “биднийг хэн тийш нь хөтлөх вэ?” гэсэн асуулт зүй ёсоор бий болгож засаглалын хямралыг эхлүүлсэн. Хуучны манлайлагчид үзэл санааны хямралыг шийдвэрлэх замд хөтлөх чадваргүй нь нэгэнт тодорхой тул шинэ улс төрийн элитүүд, шинэ улс төрийн бүтэц шаардагдав. Засаглалын хямрал улс орныг залах боломжтой тов тодорхой хоёр манлайлагч талууд бий болсноор оргилдоо хүрчээ. Нийгэм ийм сонголт хийсэн бөгөөд энэ хямралыг гэтлэх үйл явц одоо хүртэл өрнөж байна.
Засаглалын хямрал шийдвэрлэгдсэн үед бүрэлдсэн удирдлагын тогтолцоо нь өмнөх социалист эдийн засгийн тогтолцооны үед хийсэн сонголтын хэрэгцээнд хүлэгдсэн тул ардчилсан удирдлага, зах зээлийн эдийн засгийн шинэ бүтэц байгуулахад огт тохирсонгүй. Иймд төрийн удирдлагын хямрал үүсч засаглалын шинэ институциудыг бий болгож, харилцааг зохицуулах шаардлага урган гарчээ.
Төрийн удирдлагын хямрал нь шинэ амьдралын хэв маягтай хөрөнгө, санхүүгийн нөөц олох асуудалтай тулгарч, харин хуучин эдийн засгийн загвар нь төрийн удирдлагынхаа нэгэн адил үүргээ гүйцэтгэхэд хангалтгүй байсан юм. Тиймээс дараагийн сорилт нь эдийн засгийн хямралаар үргэлжилжээ.
Томъёолвол, “улс орны амьдралыг ханган тэтгэх мөнгө хөрөнгө, санхүүгийн нөөцийг хаанаас авах вэ?” гэсэн асуултад хариулт өгөх шаардлага үүсч эдийн засгийг өөрчлөх явц өрнөв. 1980-1990 онд өөрчлөлт хийсэн улс орнуудад хямралын асуудлыг янз бүрээр шийдвэрлэсэн жишээг бид мэдэх билээ. Жишээ нь Польшд “шок эмчилгээ”-г хэрэгжүүлсэн, зарим улс орнуудад бүгдийг хувьчлах арга хэрэглэсэн, зарим улс оронд арай өөр гэх мэтээр бүгд ямар нэгэн байдлаар эдийн засгийн реформ хийж, хямралыг даван туулсан юм.
Эдийн засгийн хямралын үр дүнд иргэдийн амьдралын чанар доройтож, төрийн удирдлагын тогтолцоо, зохион байгуулалтын нүсэр өөрчлөлт шинэ хямралын үүдийг нээв. Энэ хямрал нь хүн бүрийн амьдралд шууд нөлөөлж амьдралын хэв маягийн хямралд хүргэсэн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл хүмүүс “өмнөх шигээ амьдарч чадахаа больсон, цаашид яаж амьдрах вэ, хэрхэн дасан зохицох вэ?” гэсэн асуултууд тавив. 1990ээд онд өрнөсөн шилжилтийн үйл явцад иргэд ажилгүйдэл, цомхотголд нэрвэгдэж гэр бүлээ тэжээж чадахаа больсон, амжиргааны эх үүсвэрээ алдсан, хөдөлмөрийн салбараа өөрчилсөн тухай түүхийг зарим нэг нь сануулж, зарим нь энэ тухай уншсан биз. Төвлөрсөн эдийн засгийн бүтцэд ажиллаж байсан инженерүүд ажлын байраа алдаж, амьжиргаагаа залгуулахын тулд юу ч хамаагүй хийхэд хүргэсэн эмгэнэлт түүхүүдийг тоолоод ч баршгүй.
Давхралдан хуримтлагдсан, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн гүнзгийрсэн хямралуудын цогц нийлбэрийг бид тогтолцооны буюу системийн хямрал гэж тодорхойлдог.
Тогтолцооны хямралын дээрх үе шатуудыг Монгол улс сүүлийн 32 жилийн турш даван туулсаар өдий хүрлээ. Хямралуудыг шат дараатайгаар донсолгоо багатайгаар “хэвийн” даван туулсан улс орнууд ч бий. Үзэл санааны хямралаас эхлээд жанжин шугам (хөгжлийн зам)аа сонгох, засаглалын хямралтай нүүр тулах, улс төрийн шинэ манлайлагчид тодорч төрийн удирдлагын хямралыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэж эдийн засгийн реформ эхлүүлэн шинэ нөхцөл байдалд дасан зохицож зохистой шинэ хэлбэрүүд бий болдог.
Улс орон бүр хямралыг даван туулах арга зам харилцан адилгүй байсан ба бүгд хямралуудыг бугшуулсан алдаа гаргаагүй. Зарим улс орнууд ээлжит хямралыг гэтэлгэх зам зууртаа шийдвэрлэж чадалгүй аль нэг үе шатанд “гацаж” шилжилтийн үйл явц “зогсонги” болсон. Тийм улсаар Беларусь, Украйныг нэрлэж болох юм.
Хуучны посткоммунист улс орнууд бүгд л үзэл санааны хямралыг даван туулж, засаглалын хямралыг гэтэлж коммунист лидерүүдийн оронд шинэ улс төрийн манлайлал бий болгожээ. Харин төрийн удирдлагын хямралтай тулснаар эдийн засгийн хямрал нүүрлэж, шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл тогтвортой тогтолцоо төрийн удирдлагын хүрээнд ч, эдийн засагт ч бэхжээгүйгээр барахгүй хямралаас гарч чадаагүй юм. Үүнээс үүдэн Украйн засаглал ба төрийн удирдлагын хямралын дунд байнга дэнжигнэж эрх баригчдыг эцэс төгсгөлгүй ээлж дараалан өөрчлөн солих үйл явц үргэлжилсээр нэгдсэн бодлого алдагдаж, гадны заавар, аргачлалаар замнасаар үндэсний аюулгүй байдал нь эрсдэлд орлоо. Дорнод Европын Унгар, Чех, Польш зэрэг орнуудад төрийн удирлагын асуудлаа аль 1990ээд онд шийдвэрлэж чадсан бол Украйнд одоо хүртэл дуулиан шуугиантай, Майданы хувьсгалаар засгийн эрхийг авсан бүлэглэлүүд тухай бүр төрийн удирдлагын хямралтай тулгардаг хэвээрээ байна. Хямралыг шийдвэрлэж чадахгүйн улмаас Украйн дахин шинэ шинэ хямралуудад автдаг тул иргэдсонгогчид шинэ лидерүүдийг шаардаж эхэлжээ. Бид Украйны хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг сайн мэднэ. Өмнө нь улс төрийн ямарч туршлагагүй нэгнийг төрийн тэргүүнээр сонгож, итгэл найдвар хүлээлгэсэн нь ямар үр дүнд хүргэснийг ойлгоход төвөггүй юм.
Бодит байдал дээр хуримтлагдан бугшсан хямралын давалгаануудын үр дагавар дэндүү хортой. Шийдвэрлэгдэхгүйн улмаас бүх үр дагавар амьдралын хэв маягийн хямралаар илэрдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл хүмүүс “энэ улс оронд юу болоод байна вэ? Яагаад нэг л биш байна вэ? Яавал хөгжих юм бол? Биднийг удирдах хүмүүс чадамжтай юу?” гэх асуултууд байнга тавих болсон нь амьдралын хэв маягийн хямрал нүүрлэснийг илтгэнэ.
Хүмүүсийн тогтсон амьдралын хэв маяг эвдэгдэж, өмнө хийж байсан зүйлсээ хийх боломжгүй болсноор илүү өндөр төвшний асуултууд тавьж эхэлдэг. Монголд эдгээр хямралууд бараг эсрэг дарааллаар өрнөж байна.
Өнөөдөр бид амьдралын хэв маягийн хямралтай аль хэдийнэ тулгарсан. Цар тахлын хорио цээр, дэглэмээс үүдэн зайнаас ажиллах зэрэг өмнө хэвшиж дадсан амьдралаа тэр хэвээр нь үргэлжлүүлэх боломжгүй болсон. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд, худалдаа, үйлчилгээний салбарын орлого эрс буурч, санхүүгийн хувьд чадавхгүйдсэн.
Монгол Улсын өрийн хэмжээ 2021 онд 32.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 240 орчим хувьд хүрсэн. Оны эцэст Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын Засгийн газарт ногдох өрийг хасч тооцвол улсын өр нийт эдийн засгаасаа давж, ДНБ-ий 150 орчим хувьтай тэнцснээр нь олон улсын дунджаас хол тасарчээ. Энэ бол үйлдвэрлэл хөгжөөгүй, уул уурхай түшиглэдэг Монгол Улсад хамгийн том аюул.
Эдийн засгийн өсөлтийн таамгаа Монголбанк 2021 онд гурван удаа шинэчилж, бууруулсан. Гэвч бодит гүйцэтгэлээр 2021 оны ДНБ-ий өсөлт 2.8 дахин бага гарсан. Өмнөд хөршид цар тахлын шинэ тархалт эхэлсэн, хойд хөрш цэрэг дайны үйл ажиллагаа явуулснаас эдийн засгийн хориг арга хэмжээнд орж, гадаад худалдаанд зонхилдог валютын ханшны хэлбэлзэл, төгрөгийн ханшны уналт зэрэг нь эдийн засгийн гүнзгий хямралд хөтөлж байна.
Монгол Улсын хувьд хямралаас бүрэн гарах хугацааг дунд хугацаанд байтугай, урт хугацаанд ч баримжаалан төлөвлөх боломжгүй. Уламжлалт аргаараа ОУВС, донор орнуудаас дэмжлэг, гуйлга хэлбэрээр аргацаахаас өөр арга замгүй. Угаасаа өөр арга зам өмнө нь байгаагүй гэхэд хилсдэхгүй.
Энэ арчаагүй байдал өнөөдрийг хүртэл цаашид ч хур хог шиг их хямрал цуглуулна. Хямралын багцууд бидний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Хамгийн энгийн жишээ нь өдрөөс өдөрт доройтох иргэдийн амьжиргаа юм. Үнийн өсөлтийг иргэд халааснаасаа төлдөг ч цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байгаа билээ. Үнийн өсөлт орлого багатай иргэдэд хамгийн хүнд тусаж байгааг сануулах хэрэгтэй.
Амьдралын хэв маягийн хямрал, эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрийн удирдлагууд эрс шийдвэртэй, зарим тохиолдолд хэвийн бус шийдлүүд гаргах шаардлагатай.
Монгол “сонирхолтой” гэж хэлж болохоор онцлог улс. Цөөн хүн амтай, хэт төвлөрсөн доголдолтой, мерит бус улс төрийн багаас бүрддэг, өөрөөр хэлбэл асуудалтай төрийн удирдлагын тогтолцоотой улс. Үүний жишээ нь бүх шийдвэр дээд төвшинд гардаг бөгөөд тэр нь популист шинжтэй тул тогтвортой цаг үед илүү таатай, бүрэн хэрэгждэг.
Харин цар тахлын өмнөх үе буюу дотооддоо халдварыг алдахаас өмнө, хөл хорио, цээрийн үед ч төрийн удирдлагын тогтолцооны гажиг нь ажиглагдаж, эдийн засгийн хямралыг шийдвэрлэх ямар ч чадваргүй, асуудлыг хүчээр мундагдан халамж, тэтгэмжийг шууд тараахаас өөр зохицуулалт хийж чадсангүй.
Хямралыг даван туулахад засаглалын тогтвортой байдал чухал. Гэвч засаглалын тогтвортой байдал сөрөг хүчингүй, бодлогын өрсөлдөөнгүй, мэтгэлцээнгүй, зөвшилцөлгүй хангагддаг гэвэл эндүүрэл. Эрх баригчид “засаглалын тогтвортой байдал”, “төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах” нь “тогтвортой хөгжил”-ийн үндэс гэдгээр халхавчилж, эрх мэдлээ хадгалах эрмэлзэлдээ хэт хөтлөгдөн нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралын зохистой харьцаа, шүтэлцээг зохицуулдаг улсын төсөв, санхүү, сонгууль, засаг захиргааны гол гол хууль, дүрэм, журмуудыг байнга өөрчилж байгаа нь хямралыг улам гүнзгийрүүлэх гол хүчин зүйл юм.
Ужгирсан хямралуудыг даван туулах, гаж буруу, алдаатай тогтолцоог засах, залруулах оролдлого бүхэн нь дараагийн сонгуулийн үр дүнг өөрсдөдөө ашигтай байлгах, эрх мэдлээ тогтоон барих эрмэлзэлтэй нь яг урвуу хамааралтай тул эрх баригчдын аминчхан эс үйлдэхүй нь найдваргүй, тодорхойгүй тогтолцооны цогц хямралыг зөгнөж байна. Үнэндээ эрх баригчид улс орны өмнө тулгараад буй хямралтай бус намаа бодох дотоод зөрчилдөө шаналж, бусдад нялзаан бусдыг буруутгах бүх арга замыг эрэлхийлж байна. Шийдэлгүй, тодорхойгүй, цаг аргацаасан, шуудхан хэлэхэд өөрсдийгөө хаацайлан өмгөөлсөн “агуу ихийн зовлон”-нд нэрвэгдсэн нь засаглалын хямралыг гүнзгийрүүлж байна.
Засаглалын хямрал нь төрийн удирдлагын хямралыг даллаж хариуцлагагүйн зуданд нэрвэгдэж байгааг ард иргэд өдөр тутамд ажил, амьдралаараа мэдэрдэг.
Хүний эрх, эрх чөлөө шударга ёс, ёс суртахууны хэм хэмжээ, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн боловсрол, эрүүл мэндээс илүү үнэ цэнэтэй нэг намын эрх ашиг гэж байхгүй.
Тогтолцооны хямралын олон шалтгааны зөвхөн нэг нь улс төрийн сонгуулийн завхрал юм. Наад захын жишээ нь эрх баригчид Үндсэн хуулийг буруу тайлбарлан парламентын ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, сөрөг хүчнээ захиргааны арга хэрэгслээр боомилох, сонгогчдын саналыг хуваах, худалдаж авах зэрэг бохир технологиуд чадамгай ашигладагаас парламентын олонхи нийт сонгогчдын талд ч хүрэхгүй хувийн саналаар бүрэлддэг гажиг үзэгдэл. Эрх баригчдын эсрэг санал өгсөн сонгогчдыг төлөөлөх сөрөг хүчин, парламентын цөөнхийг механикаар нухчин дарах, хуваан задлахдаа төрийн захиргааны удирдлагын институциудыг татан оролцуулсаар зохиомол завхралыг улам дэвэргэж байна.
Сонгогчдын дуу хоолойг төлөөлдөггүй, эрх баригчдын алдаатай бодлогыг шүүмжилдэггүй, тэдэнд тааламжтай, өөрсдийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг эрмэлздэггүй “халаас”-ны намуудын олонлог бидний сайн мэдэх Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс тусгаарлаасан Беларусь, Казахстан зэрэг дундад Азийн орнуудын улс төрийн тогтолцоонд “дэлүү” мэт оршдог. Тусгаар төрт ёсны түүхтэй Монголын ардчиллын суурь нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс тусгаарласан шинэ улс орнуудын тогтолцооноос тэс ондоо юм.
Улс орон тогтолцооны хямралд гулсаж буй эцсийн шат засаглал, төрийн удирдлагын хямрал нүүрлэснийг илтгэх бас нэгэн жишээ нь эрх баригчид бүх ард нийтийн санал асуулгагүйгээр Үндсэн хуулийн байгууллаа өөрсдийн эрх мэдлийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилсөн явдал мөн. Үндсэн хуульд дуулиан шуугиантай нэмэлт өөрчлөлт оруулаад хоёрхон жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн атал дахин өөрчлөлт оруулахаар сурталчилчилж эхэлсэн нь ямар хуудуутай зүйл хийснийг нь бүрэн илтгэнэ.
Үндсэн хуулийг нийт сонгогчдын 45 хувийн санал авч парламентийн хэт олонхийг бүрдүүлсэн эрх баригчид өөрчилвөл намынхаа эрх ашигт хөтлөгдөж, тогтолцооны хямрал гүнзгийрэх нь гарцаагүй. Үндэсний зөвшилцөлд хүрэх, ард нийтийн санал асуулга зохион байгуулахгүйгээр Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэдгийг өмнөх өөрчлөлтүүд батлан харууллаа.
Нийт ард иргэдсонгогчдын тал хүрэхгүй хувийн дэмжлэг авсан одоогийн эрх баригч нам өөрийгөө цор ганц “төр” хэмээн сэтгэх, өдөр өдрөөр унаж байгаа нэр хүнд, дэмжлэгээ тооцолгүйгээр тогтолцооны шинэчлэл хийж буй мэт дүр эсгэн муйхарлаж, улс орноо хаос руу залахгүй хэмээн найднам.
С.БАТ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
Зочин [64.119.18.147] 2022-06-03 15:16:30
Хэ хэ төрд нь буруу нөхдүүд байгаа юм чинь тогтолцооны хямрал үүсэх нь аргагүй шүү дээ