Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2022.07.10) Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов.

Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцсон юм.

Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг билээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нар 2009 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг санаачлан батлуулснаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.

Энэ онд 13 дахь жилийн ойтой золгож буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 14 байгууллагын 4000 гаруй цэргийн албан хаагч, сонсогч, байлдагчид оролцсон бөгөөд жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал С.Ганбямба командлав.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг.

Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг бөгөөд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргийн хүсэл зоригийг илтгэдэг. Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, наран, саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.

Ардын хувьсгалын дараагаас эхлэн шинээр төрийн далбаагаа бий болгосоор, Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.89.3] 2022-07-10 14:08:02

Иш чааваас. Ядаж онгоцоо угааж цэвэрлэхгүй дээ... ямар ч хуягтгүй АТV, Украйнд үй олноороо шатаж буй ВТР, онгоцоо гүйцэж чадахгүй ААМ... МЭӨ Зөвлөлтийн хоцрогдсон төмрийн сэгүүдтэй, америкийн иргэний жийп машинтай ядруухан арми бна штээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.