LOH SIEN CHI-ТЭЙ ОНЛАЙНААР ХАРИЛЦСАН ОХИД 300 ДАВЖ, КК ПАРКАД ХУДАЛДАГДСАН НЬ ТАВААС Ч ИЛҮҮ БОЛЖЭЭ

Aдмин / Нүүр

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэн Loh Sien Chi-нийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн пүрэв гаригт баривчлав.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснэээр Loh Sien Chi нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан. Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авдаг байсан. Ингэснээр хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн юм.

Одоогийн байдлаар тухайн этгээд нь 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк болон инстаграм сүлжээгээр харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас гаргасан мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус мэдээлэлд “Цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш Зүүн Өмнөд Азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх боллоо. Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мьянмар улсын “КК парк” гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байгаа юм.

“КК парк”-д цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн. Дээрх гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж, амласан худал зар мэдээлэл оруулж иргэдийг хууран мэхэлж авчирч байна.

Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Гадаадын хууль сахиулах байгууллагаас “КК Парк”-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралгүй хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байна. Тагнуулын Ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ Монгол Улсад аюулгүй буцаан авчрахаар төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихоос сэрэмжлүүлж байна” гэлээ.

“КК Парк” гэж юу вэ?

Энэ нь Мьянмар улсын хойд хэсэгт орших цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа явагддаг жижиг хэмжээний газар нутаг юм. Сүүлийн жилүүдэд хууль бус үйл ажиллагаа нь эрчимжиж, хохирогчид нь зөвхөн хил залгаа улс орнуудаар тогтохгүй Зүүн хойд Азийн бүхий л улс орнуудаас авчрах болжээ.

Дээр өгүүлснээр хохирогчдоо хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж хуурч мэхлэн хил давуулдаг. КК паркад хүргэсэн хойно хохирогчид маш ноцтой эрүү шүүлтэнд өртдөг, цаашлаад амь насаа алдах тохиолдол элбэг байдаг аж.

Хэдхэн хоногийн өмнө КК паркад барьцаалагдсан Малайзын иргэн өөртэй нь хамт байгаа 100 гаруй иргэнийг аврахыг Малайзын Засгийн газраас шаардсан захидлыг илгээж амжжээ. Энэ мэдэгдэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ид шуугьж байна. Тодруулбал, КК паркад Малайзын 100 гаруй иргэн эрүүдэн шүүгдэж байгааг хохирогч дурдаад зугтахыг завдсан нэг найз нь хамгаалалтын ажилтанд буудуулж амиа алдсан гэжээ. Тэрээр мөн тус паркад Тайванийн иргэд байсан бөгөөд Засгийн газрынх нь зүгээс хэлэлцээ явуулж, иргэдээ аварсныг дурдсан байна. Тайваньчууд Мьянмар, Камбожид ажлын байрны онлайн луйврын золиос болох тохиолдол маш их байдаг байна.

Тэгвэл Камбожид ч мөн КК парктай холбоотой дуулиан дэгдээд байгаа аж. КК паркийн эздийн нэг Камбожид суурьшсан хятад иргэн Ше Жижианг Тайландын Бангкок хотоос баривчилжээ. Тэрээр нэрээ өөрчилж, “Asia Pa­cific International Holdings Group” гэх компани нээн Мьянмар, Тайландын хил дээр “Нэг бүс нэг зам” хэмээн сурталчлан “Шүйгүгийн хөндийн эдийн засгийн онцгой бүс”-ийг байгуулж хятад бизнесмэнийн дүрээр хууль бус үйл ажиллагаагаа зохион байгуулж ирснийг нь цагдаа нар илрүүлжээ.

Өөрөөр хэлбэл, КК паркийн хохирогчид хэдэн зуугаараа тоологдож байгаа бөгөөд гэмт хэрэгтнүүд илүү зохион байгуулалтад орсоор байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, хохирогчдыг аврахад хүндрэл учруулж байгаа гэнэ.

КК паркийн хохирогчид нь зөвхөн эмэгтэйчүүдээр тогтохгүй эрчүүд ч олон байгаа аж. Хохирогчдыг бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болгоод тогтохгүй чөлөөллөө гэхэд их хэмжээний төлбөр нэхэж буйг Тайванийн хэвлэлүүд бичжээ.

Loh Sien Chi-тэй онлайнаар харилцсан охид 300 давж, КК паркад худалдагдсан нь таваас ч илүү байна

“Гадаадад ажиллах хятад хэлтэй хүн өндөр цалинтай ажилд авна”, “Гадаадад 3-6 сарын гэрээгээр ажиллах хятад хэлтэй хүн ажилд авна, цалин 6-8 сая төгрөг. Виз гаргаж өгнө, байр хоол үнэгүй” гэх утгатай зар цахим сүлжээнд их бий. Одоо ч ийм зарууд цахим сүлжээнд тавигдсаар, сонирхсон, хандсан охид эмэгтэйчүүд ч нэмэгдсээр байгаа нь ноцтой асуудал. Ийм утгатай заруудын цаана хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгох маш том эрсдэл хүлээж байгааг дээр дурдсан Тайвань, Камбож улсын жишээнээс харж болох юм.

Яг ийм утгатай зараар охид эмэгтэйчүүдтэй харилцаж ирсэн Loh Sien Chi гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид урт хугацаанд ажиглаж иржээ. Тэрээр 130 гаруй охид эмэгтэйчүүдтэй харилцаж байснаас таван эмэгтэйг хил давуулан худалдсан болох нь тогтоогдоод байгааг цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлээд байгаа. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг албаны эх сурвалж хэлж байна.

Loh Sien Chi-тэй зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авсан эмэгтэй 130-аар тогтохгүй 300 хүрч байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсч байгаа гэнэ. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттайгаар хил давуулсан эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, Мьянмарын КК паркад Монгол Улсын олон иргэн гэмт хэргийн золиос болж байна гэсэн үг. Тэнд чухам хэдэн монгол эмэгтэйг аваачсан, тэдний хэд нь эрүүл мэнд, амь насаараа хохирсон нь тодорхойгүй. Хамгийн ноцтой нь Мьянмар дахь КК парк нь жижиг хэмжээний гэмт хэргийн бүлэглэл биш, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хар тамхины наймаа зэрэг хамгийн ноцтой харгис гэмт хэргийн бүс нутаг болон тэлсээр байгаа гэгдэж байна. Түүгээр зогсохгүй Мьянмар нь зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа нь хохирогчдын эрх улам дордох нөхцөл байдал юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын хуулийн байгууллага Мьянмар улсын хуулийнхантай хамтран ажиллаж байгаа ч иргэдээ аюулгүй авчрах тал дээр дорвитой ахиц гарахгүй байгааг дуулгав. Тиймээс энэ асуудал цаашлаад Засгийн газрын хэмжээнд анхаарал хандуулахад хүргэх бололтой.

Сэрэмжлүүлэг:

Цахим орчин дахь өндөр цалинтай, гадаадад ажиллах ажлын байрны зард хууртахгүй байх, цаашлаад хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

059 [64.119.29.144] 2022-10-05 01:28:15

ee burkhan mini....

Зочин [103.57.92.174] 2022-10-04 04:36:03

Yamar nertei buudal yum shuud heleech, buh buudluudiig shalgaach.

Зочин [202.126.89.217] 2022-10-04 02:21:13

Өмхий яшканууд очоод хүчиндүүлж зодуулж бхдаа таарсан юмнууд л бичдэг бх даа .. 1 хүнтэй 300 гэхээр янханы бүхэл бүтэн үе бна шд монголд. 2 хүүхний нэг нь яшка. Арчаагүй залхуу юмнууд


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.