КОНСЕРВНЫ ЛААЗ

Aдмин / Нүүр

Монголыг мал аж ахуй хөдөө аж ахуй дагнасан орон гэж онцолдог байлаа. Гэвч өөр зуураа “Консервныхоо лаазыг хийж чадахгүй хэвтэж коммунизм байгуулж байна гэж худлаа ярьдгаа болимоор...” гэж гадаад дотоодгүй шоолцгоодог байсныг тэр үеийнхэн мэднэ дээ.

Захиргаадалтын үед мал аж ахуйг механикжуулах гэж нэлээд үзсэн боловч мал өсөөгүй, малын түүхий эд бүтээгдэхүүн үнэд хүрч чадахгүй байсаар зах зээлтэй золгосон. Зах зээлд орлоо гэсэн чинь дундад зуундаа л буцаад оччихсон байна шүү. Иргэд аминдаа хэдэн малтай болж жаргасан болохоос хөгжиж дэвшээгүй. Одоо болохоор нүүдлийн мал аж ахуй нь мянга мянган жилийн явцад шалгарсан арга технологи гэх ухааны юм ярьцгааж өөрсдийгөө зөвтгөн, хадлан тэжээл базаахаа багасгаж сүүлдээ үнээгээ саадаггүй, арьс нэхийгээ боловсруулдаггүй морио унахаа болин отор нүүдэл нэртэй тэнэж явдаг баахан зуугуул бүхэл бүтэн аймаг сумууд бий болжээ. Засаг захиргааны нэгжүүд нь цөмөөрөө хүн амд биш малын тоо толгойд зориулагдсан зохион байгуулалттай.

Аливаа аймаг сумыг танилцуулахдаа зөвхөн малаар нь баримжаалж төдөн га бэлчээртэй гэдэг болохоос нутаг дэвсгэр нь нийт төд гэж ярьдаггүй дэлхийн цорын ганц улс орон байх шүү. Хөдөө орон нутагт нэгнээсээ ялгарах солонгорсон аж төрөх хэв загвар байхгүй агаад бүгд нэг хэвэнд цутгасан мэт хурдан морь, хонь ямаагаа услах худаг, түүнд дулдуйдсан сумын захиргаа, сургууль, дотуур байрны байшин сав баригддаг.

Хачирхалтай нь яг мал дээр ажиллагсад нь хүн амын арван хувьд ч хүрэхгүй агаад байгаа цөөн хэд нь зунаас бусад улиралд манаач хийх төдийхөн үүрэгтэй хөдөө үлдэж хоцорсон байдалтай. Монгол нь одоо мөн л мал аж ахуйн орон мэт гадна талаасаа харагдсан хэвээрээ атлаа консервны лаазны асуудлаа нэг тийш шийдэж амжаагүй л явна. Уг нь бусдын жишгээр бол малын ашиг шимээрээ эцсийн бүтээгдэхүүн боловсруулж гадаад дотоодын зах зээл дээр үүгээрээ гайхуулж амьдрах боломж бий. Нүүдлийн мал аж ахуйн экологийн амт чанар бүхий хүнс, арьс нэхийг экспортолж боломжийн амьдрал, мэдээлэлтэй давхаргынханд тус нэмэр болдог болчихвол бид бас нэг чухал орны тоонд багтчих ч юм шиг санагддаг. Саяхныг хүртэл гадаадыг хэт шүтэж, төр иргэнээ өмөөрч мэдэхгүй,өөрсдөө нэгнийгээ бусадтай нийлж байнга доош нь хийсээр байгаад улс үндэстнээрээ сэтгэлийн тэнхээгээ алдаж ядууралтай эвлэрсэн бөглүү хязгаар болон сураг алдарч эхэлсэн юм. Байнга харж үзэж туслаад байгаа юм шиг байсан хойд хөрш маань гэнэт зан нь хувирч өөдөөс өр зээл нэхэн Чойр Чойбалсан зэрэг бүхэл бүтэн хот тосгодоо эвдэж хөлдөөн хаяад явчихсан, бусад ямар ч хамаагүй гадаад зүгийн амьтан хүн тохиолдвол “Буцалтгүй тусламж” гуйцгаан тэр тоолондоо ам руугаа алгадуулсаар нэг хэсэг ч ёстой модоо барьсан даа.

Одоо эргээд харахад ичмээр ч юм шиг. Эрх чөлөө тусгаар тогтнол байгаа цагт сайхан амьдрах түмэн боломж олддогийг биеэр туулж нүдээр үзсэн манай ард түмэн ойлговол ойлгохоор л болоод байгаа санж. Өнөөгийн хөгжингүй нийгэмд дөнгөж тавь гарч яваа малчин залуучууд дэндүү арчаагүй аж төрж байна. Хөмөрсөн тогоон дотор туйлын хоцрогдсон цаг үед амьдардаг байсан гэх манай өвөө эмээ болоод бусад хөгшчүүл хууч хөөрөлдөхийг их сонссонсон. “Луугар” Дэндэв өвөө өвөлжөө болгоноос унаа хүн хүн дайчлан баг босгон хамгийн ойрхондоо л Бээжин хүртэл жин тээгээд л одоогоор бол экспорт импортын арилжаа наймааг хөнгөхөөн амжуулчихдаг байжээ.

Бүр эртний монголчууд бүр алс торгоны замаар Араб, Европ, Арслан (Сингапур) хот хүртэл аян жинд явах бол байдаг л аж төрөх амьдралын хэвшил нь байж. Эртний балар үед яваад болоод байсан тэр замаар өнөөгийн манай малчид хөдөөнийхөн өөртөө итгэхгүй айж ичээд хот ч орохгүй лаахайн авгайгаа зарцгаан гэртээ хэвтэцгээж байна. Өвөөгийн өвөөгөөс хоцрогдсон бүдүүлэг юм ярьцгаан “Тэр гадгаад гэдэг чинь аймаар гэсээн. Маниас хонь адууны мах үнэртээд ойртдоггүй юм гэхчив, Хэл ус бичиг номгүй бид хил даваад цай холдож зутарна, больж үзье хүү минь”...Хойд үеийнхэн нь яагаад ийм амархан зөнөж дорой донгио болцгоочихдог байна аа. Тэгж тэгж наймаанд явах болсон чинь хамгийн аймшигтай замыг сонгохыг нь яана. Увс аймгаас эмэгтэй хүн ганцаараа машин унаад Тувагийн хулгайч холхисон эзгүй хээрээр олон сая төгрөг өвөртлөн давхиж амь насаа алдан машинаа шатаалгасан байна.

Манай төрийн өндөрлөгүүд гадаадад айлчлал хийхдээ хувийнхныг, бизнес группийг бөөнөөр нь аваад дагуулаад явж байгаа харагддаг. Харин тэд гадаадад очоод дэмий дэлгүүр хэсч байгаад ирдэггүй бол энэнээс илүү баталгаатай ажил төрлийн харилцаа гэж юу байхав. Сая хоёр хөршийн төрийн тэргүүнүүд дараалан айлчилсны үр дүнд дэд сайдуудын хэмжээнд малын махыг экспортлох, түүн дээр хил гааль нь татварын дарамт үзүүлэхгүй байх гэрээ хэлэлцээрүүд тохиролцохоор болж байх шиг болж байна.

Эхэндээ ч Монголоос юун яасан баахан түүхий нойтон мах оруулж ирэхээр болчихов хэмээн хөрш орнуудын жижиг гарын түшмэдүүд ойлгож өгөхгүй бөөн хүнд сурталтай тулж таарна. Энэ үеэр Хөдөө аж ахуйн Туваан сайдыг, бусад мэргэжилтнүүдийг нь дагуулаад Австрали, Аргентин, Европын улсууд руу очиж үзээд гуанз ресторан, худалдан авагч нартай нь уулзаж уйгагүй гэрээ хэлэлцээр тохиролцож, амталгаа сурталчилгаа хийх зэргээр сортоотойхон хөдөлж анхаарлыг нь татах тийм ч хэ¬цүү биш. Одоо энэ кино, зурагт энэ тэр дээр гараад байдаг орчин цагийн үйлдвэр худалдааны бизнесмэнүүд гэх чухал царайлсан нөхдүүдээс ер дутаад байх юу байгаа юм. Харин ч тэдний дэргэд ажлаа арван хуруу шигээ анддаггүй, илүү итгэл үнэмшил бодитой харагдана. Нэг гэм нь харил­цагч нөхдүүдээ Монголд ирэхэд нь утсаа салгаад мурь¬чихдаг байж болохгүй шүү дээ.

Ингээд бид дэлхийн зах зээл дээр хаа ч байхгүй экологийн цэвэр орги хүнс нийлүүлэх бэлэн сэцэн амнуудтай болоод эхэлж байна. Түрүүчээсээ алаагүй үнэгний арьсаа ярьцгаан махаа амьдаар нь гаргахгүй шүү, цаадуул чинь түмэн адуу болгож өсгөөд авахаа больчихно ч гэх шиг, хил гааль дээр ямар ч татваргүй мах гаргаж өгвөл яахав зарж болох юм гэж ярвайцгаан их юм болноо. Үнэндээ бол манай өнөөдрийн экспортод гаргах гээд байгаа мах гээч маань гадаадын тансаг хэрэглэгчид байтугай дотоодын бид ч идэж зажлахад хэцүүхэн юм бий л дээ. Манай ихэнх нутаг бэлчээрийн даац хэтэрсэн шарилж луулин дотор мал нь бэлчдэг, өвс тэжээл эрж давхисаар байгаад мах нь чангарч хатуураад хулдаас зулгааж байгаа мэт тул яз чанахгүй бол хөгшин нохой ч даахааргүй. Малдаа ядаж царгас, эрдэнэ шиш тарьж өгдөггүй тул амт чанар нь улам муудаж таана царман шивтэр амтагдаад байдаг болсон байна билээ. Малын сайн эмч байхгүй ихэнх мал ямар нэгэн өвчин оёгтой, түүнээсээ малчид онд орохгүй таргалахгүй хэсгийг нь заа­залж нядалдаг.

Зоогийн газ­раар үйлчлүүлэгч нар махыг түүхийгээр нь ядахнаа шүүр­хий чанаад иддэг бол­сон өнөө цагт монгол маханд хамаагүй гар хүрвэл бруцеллёзтой болж мэдэх юм. Хэдийгээр Монголд мал сүрэг тавь жа¬ран саяд хүрч байгаа ч малчид, ченжүүд махаа Европын жижиглэнгийн үнээр дотооддоо наймаа хийдэг ба их л өндөр үнээр авахгүй бол зарахгүй хөгширч үхтэл нь хадгалаад хэвтчихнэ.

Тэглээ гээд хувь малчнаас гарзддаг өртөг зардал татвар талийж өгнө гэх биш манай нийт мал бэлчээр талхлаад байж л байдаг. Цаашид байгаль орчин бэлчээр сүйтгэдэг үрэлгэн байдалдаа төр арга хэмжээ авч л таарна. Тэгэхгүй бол Монгол орон хэт олон малаас болж цөлжих нь. Мал маханд квот хязгаар тавиад өгөхлөөр борлуулалт нэмэгдэнэ. Хээлтэгч малаа үлдээгээд бусдыг нь хуу ня¬далж идэш тэжээлээ хэмнэн зах зээлийг эрчимжүүлж байж сая ашиг тусаа өгнө. Малын тоо толгойг бэлчээрийн даа­цанд нь барьснаар экологийн тэнцвэрийг аварч чадна. Ин­гээд өгөхлөөр дотоодын зарах мах элбэгшиж үнэ бууран гадаад экспортоос малчид ашгаа нөхөөд авчихна. Мал аж ахуйн салбар дээр төрөл бүрийн мэргэжлийн салбарынхан ашигтай ажил¬лах боломж бүрдсэнээр орон нутаг зөв хөгжих үндэс суурь тавигдана. Харин одоо¬гийн иймэрхүү маягийн болхи бүтээгдэхүүн соёлтой хэрэглэгчдэд очоод гологдож болзошгүй. 15-20 долларын үнэтэй мах гадаадад хаа сайгүй байгаа. Гэтэл манай мах тэнд нугарч зарагдах нь юу л бол. Энд бараг үхрийн мах ийм үнэтэй болчихоод байдаг.

Мал аж ахуйн бүтээгдэ¬хүүнийг экспортод гаргахын тулд үхэр адууг бактер нян тэс хөлдсөн хүйтэн улиралд гаднаа зориудаар сойж онгон байгальд нь ойртуулна. Тэ¬гээд хөдөлгөөнийг нь хорьж, чанартай хадлан тэжээлээр гурван сараас доошгүй буюу ер хоногийн турш сайтар бордон өөх ма¬хыг нь тэнцүүлж, өсвөр насны эрүүл мал мах боллоо гэсэн шинжилгээ баталгаа гаргуулсны дараа гадаад ху¬далдааны менежмэнт хийгдэнэ. Зах зээлд шилжих үеэр залуус хүүхэд бүр л олон улсын худалдааны менежер, эдийн засгийн мэргэжил ашигтай гээд хошуурцгааж би¬лээ. Тэр чиглэлийн олон ч их дээд сургууль байгуулагдсан. Эдгээр супер мэргэжилтнүүд төгсөж ирээд үр дүнг манай хөдөө аж ахуйн салбар хүртээд дэлхийн зах зээл дээр гарч ирлээ гэж сонсоогүй юм байна. Харин сая л манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн Х.Золжаргал, Ерөнхийлөгчийн тамгын газрын хөдөөгийн бодлого хариуцсан хэдхэн нөхөд л мал мах гадаадад экспортлох хэзээ ч бүтэшгүй мэт мөрөөдлийн гарцыг нээгээд өгчихлөө.

Газар нутгийн хувьд говь хангай, цаг уур амьсгал нь ган зуднаас үл хамааралтай мах, арьс ширний чиглэлийн цогц үйлдвэрүүд байгуулагдаж хагас нүүдлийн мал аж ахуйн хэлбэрт эхлээд шилжих учиртай юм билээ. Экологийн чиглэлийн ийм бизнес эрхлэх боломжтой бүс нутаг улс орон өөр үлдээгүй давуу тал маань ихээхэн найдлага төрүүлдэг.

Гадаадын хөрөнгө оруулагч нар ч уул уурхай гэхээсээ илүү тариалангийн одоохондоо эвдрээгүй талбай, бэлчээрийн мал аж ахуйг сонирхох хандлагатай болсон сураг дуулдаад эхэллээ. Бид өөрсдөө хичээвэл хонины ноос, ямааны ноолуур, үхрийн тойг, адууны ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох нь машин шинээр үйлдвэрлэхээс хэцүү биш. Гадаадынхан гэхээр л дандаа консерв иддэг, баян тансаг амьдралтай бай­¬даг ч юм биш. Ялангуяа гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд гэж махаа саначихсан хэдэн арван мян­ган хэрэглэгчид байна. Тэд хугацаа нь хэтэрчихсэн хулхи хиамыг хүртэл Солонгосын хилээр оруулах гэж яаж үйлээ үзэж байгааг сонсоо байлгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.138] 2022-10-04 16:10:46

За даа гутранги нуршсан шал дэмий нийтлэл болжээ. Яг ингээд сайжруулчихъя гэсэн ганц ч гаргалаа алга.Муучилсан ,муухай харагдуулах гэсэн нийтлэл байв.Мал аж ахуй төсөөлдөг ч үгүй хүн бичжээ

Зочин [202.21.124.69] 2022-10-04 08:37:14

Дээр суусан хүн сүгнүүд хойд урд 2 хөршийнхөө барьцаанд ороод хөдөлж чаддаггүй . Хоёулаа манайхаас мал аж ахуйн бүтээгдхүүнийг авах сонирхол байхгүй . Оросуудын вакцин тариад л байна , харин эсрэгээрээ малын өвчин гаараад л байна , урд хөрш нь боловсруулсан бүтээгдхүүн авахгүй гэж нээнтэглэнэ, түүхий болохоор өвчтэй малынх гэнэ Ер нь хоёулаа нийлээд л хавсайдаж байгаад л манайхыг ядаж л малнаасаа олох ашгийг ч хааж боож байдаг . Үүнд нь төр засагт байгаа малнууд хамтран ажиллах нь холгүй л байдаг байх

Үндсэн бүтээгдэхүүнээ борлуучихаж чадахгүй. Чааваасдаа! [139.5.216.216] 2022-10-04 03:01:58

1-т. Монголд 90 сая толгой мал байгаад эргэлздэг. 2-т. Монгол нь Хятад, Орос, Казахстан, Солонгосын хооронд ХЭДЭН ЗУУН ЖИЛ оршив. Гэтэл 21-р зуунд мал, мах, арьс ширээ экспортлодог байнгын баталгаат зах зээгүй гэхлээр ГАЙХААД Л. Бид чинь ИХ АРЧААГҮЙ юм биш үү? 3-т, Монгол 1990-ээд оны үед компьютер. Монел телевизор үйлдвэрлэн гээд л бүлт үсэрсэн. 2000 оны үед газрын тос чухамхүү олборлоод л экспортлоод байна гэж бүлтэрсэн. 2010 оны үед автомашин үйлдвэрлэнэ гээд байсан уу? ХААНА БАЙНА? Гэтэл ОДОО ХҮРТЭЛ ганц махаа өөдтэйхөн экспортлочихож ЧАДАХГҮЙ.

Хуяг [66.181.160.93] 2022-10-04 01:19:54

Маш үнэн, зөв асуудлыг хөнджээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.