ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ олборлолтоо өдөрт нэг сая гаруй торхоор бууруулах талаар хэлэлцэх гэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ даваа гарагт ойролцоогоор 4 ам.доллароор өсжээ.
Тодруулбал, “Brent” маркийн нэг торх газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.72 ам.доллар буюу 4.4 хувиар өсөж, 88.86 ам.долларт хүрсэн байна. Мөн “WTI” маркийн газрын тосны үнэ 4.14 ам.доллароор /5.2 хувь/ өссөнөөр 83.63 ам.долларт хүрчээ.
Эрчим хүчний томоохон хэрэглэгч орон болох Хятад улсад “COVID-19” халдварын улмаас хөл хорио тогтоосон нь эрэлтэд нөлөөлж, Төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, ам.долларын ханш чангарсан нь дэлхийн санхүүгийн зах зээлд нөлөөлсөнтэй холбоотойгоор газрын тосны үнэ зургаадугаар сараас хойш дөрвөн сар дараалан унасан юм.
“ОПЕК+” лхагва гарагт болох уулзалтаараа газрын тосны олборлолтоо өдөрт нэг сая гаруй торхоор бууруулах талаар хэлэлцэнэ гэж тус байгууллагын эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлжээ. Үүнд гишүүдийн сайн дурын таналтыг оруулаагүй гэдгийг мөн нэгэн эх сурвалж уламжилсан байна.
Сэтгэгдэл