ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭРЭЛТ САМБАР НОГООН ТӨГӨЛД СҮНДЭРЛЭХ НЬ

Aдмин / Нүүр

ЗХУ-д коммунист хэлмэгдүүлэлтэд өртсөн монголын иргэдэд зориулсан гэрэлт самбар дурсгалын цогцолбор Москва орчмын Коммунарка суурингийн Бутово-д оршдог. Энэ тусгай обьектыг 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, уран барималч Л.Болдын зураг төслөөр босгосон билээ. Энэ дурсгалын цогцолборын Улаанбаатар дахь хувилбар нээлтээ хийх гэж байна.

Коммунист харгислал, тоталитар дэглэмийн он жилүүдэд огт хийгээгүй хэрэгт ял тулгагдан хилсээр цөлөгдсөн, амь насаа алдсан Монгол Улсын иргэд, Ерөнхий сайдууд, төрийн зүтгэлтнүүдийн сийлсэн энэхүү дурсгалын самбарын Орос дахь хувилбарыг гэрэлт 2 метр өндөртэй, 50 см өргөн хар өнгийн габро чулуун хавтангуудаар бүтээсэн байдаг. Харин төрөлх газар шороон дээр нь босгож байгаа дурсгалын самбарыг сүүн цагаан өнгийн боржин чулуугаар бүтээжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван захиралтай “Үүдэн чулуу” ХХК монгол хувилбарын гүйцэтгэлийг хийсэн юм.

1930-1940 онд ЗХУ-д хэлмэгдсэн 250 гаруй иргэдийн нэр төрийг сэргээх, цагаатгах, хилс хэрэгт холбогдуулсан архивын материалыг татан авах анхны алхамыг Ерөнхиийлөгч асан П.Очирбат санаачлан улмаар хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл гаргаж байв. Үүний дараа хоёр улсын цагаатгалын комисс, прокурор, тагнуул, архивын байгууллагуудын хамтран ажилласнаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мэдээллийг архиваас татан авч, улмаар цагаатгуулсан юм. Коммунист хэлмэгдүүлэлтэд хэдэн арван мянгаар тоологдох монгол үндэс угсаатан болон БНМАУ-ын иргэд нэрвэгдсэн болохыг судлаачид тооцож гаргасан байдаг.

Зөвхөн 1937-1941 онуудад Москва хотод гэхэд 60 гаруй үндэстэн, ястны 32 мянган хүнийг хэлмэгдүүлэн цаазалсны дунд 400 гаруй монгол угсаатан байжээ. Тэдний дотор Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтэнгүүд үндэсний сэхээтнүүд, манлайлагчид багтсан гашуун түүх бий. Коммунарка орчимд байсан коммунист цаазын газарт 11 мянга 400 хүний шарил байгаа хэмээн түүхчид тооцжээ.

Монголын төр Хэлмэгдсэн иргэддээ зориулж гэрэлт хөшөө босгосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот захирамжийн дагуу “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг эрчимжүүлэх олон талт арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулах төлөвлөгөөг” батласан. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘‘Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийг” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар шийдвэрлэсэн юм.

‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’ нь ЗХУ-д хэлмэгдсэн 249 монгол хүний ар гэр, үр хүүхэд, гэр бүлийн гишүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг эх нутагтаа хүндэтгэх, дурсах орчинг бүрдүүлэх чухал ач холбогдолтой болж байна. Үүгээр зогсохгүй Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, өсвөр, залуу үеийг соён гэгээрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан нарын хичээл зүтгэлээр ийнхүү ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлд’’ ЗХУ-д хэлмэгдсэн монголчуудын гэрэлт самбар сүндэрлэн босож байна.


Сэтгэгдэл

Зочин [194.85.9.14] 2022-10-05 12:38:09

МАХН-ын тухайн уеийн аймшигт уйл ажиллагааны ур дунд хэлмэгдсэн олон мянган хуний ялангуяа лам нарын зэрэг хэлмэгдсэн ард олны нэрийг сийруулсэн самбар хошоог хэзээ босгож, тэднийг цагаатгах юм бэ?

Зочин [122.201.24.149] 2022-10-05 07:22:29

МАНамын байрны ( тусгаар тогтнолын ордон) яг өмнө тэр самбараа байрлуул. Яргачин нам оросуудтай нийлж гэмгүй олон мянган иргэдээ алж хядсаныг үеийн үед сануулж байг

Зочин [64.119.19.155] 2022-10-05 09:15:20

Энэ мэтийн түүх мэддэггүй тэнэгүүдийг олж тогтоосон нь дээр. Гайгүй болоогүй дээр нь илрүүлж, болгоомжилж байхгүй бол ийм тэнэгүүд л тусгаар тогтнолд аюул учруулна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.