КНХС НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ХОЁР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
“Кристина Ноблийн Хүүхдийн Сан”-ийн Монгол дах үйл ажиллагааг хариуцсан захирал Б.Амаржаргалтай сэтгэлзүйн чиглэлээр хэрэгжүүлэх томоохон хэмжээний төслүүдийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу, Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та бидэнд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товчхон танилцуулж өгнө үү?
-“Кристина Ноблийн Хүүхдийн Сан” нь анх 1989 онд Вьетнам, 1997 онд Монгол улсад байгуулагдаж байсан. Америк, Вьетнамын дайны дараа Вьетнам улсад энгийн иргэд тэр дундаа хүүхдүүд хамгийн ихээр дайны хөлд үрэгдэн, хохирч үлдсэн хүнд хэцүү нөхцөл байдлыг нүдээрээ үзсэний дараа хатагтай Кристина Нобле хараа хяналтгүй, гудамжинд амьдарч буй зуу, зуун хүүхдүүдийн төлөө өөрийн бие сэтгэл, амь амьдралаа зориулж эхэлснээр сангийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Бид одоогоор үйл ажиллагаа хэрэгжүүлэгч хоёр орон, үйл ажиллагааг дэмжигч, санхүүжүүлэгч долоон оронд нийт дэлхийн есөн оронд 33 жилийн туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Манай байгууллага Монгол болон Вьетнам улсуудад зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, хамгаалах, биеэ даасан, хувь хүн бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг улс төр, шашнаас ангид, ашгийн бус олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Бид энэ жил Монгол улсад үйл ажиллагаа явуулсны 25 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй түүхэн он болж байна.
-Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь сэтгэл зүйн чиглэлээр ямар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ?
-Манай байгууллагын хувьд 25 жилийн түүхтэй, хүүхэдтэй ажилласан нөр их туршлагатай хамт олон юм. Бид сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийж байна. Энэхүү ажлын хүрээнд нийт хоёр томоохон, шинэлэг төслийн үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Үүний нэг нь сэтгэлийн шарх авсан хүүхдүүдэд урлагаар дамжуулан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхээр нийслэл болон аймаг сумдын асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, тусгай сургалттай хоёр сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах “БАЯРТАЙ” төсөл, улсын болон хувийн их дээд сургуулийн 3 болон 4 дүгээр дамжааны оюутнуудыг практик арга зүйгээр сургах “БИД ИРЭЭДҮЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИД” гэсэн хоёр төсөл байна.
-Яагаад “Бид ирээдүйн сэтгэл зүйчид” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон бэ?
-Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжилээрээ ажиллахад шаардлагатай практик арга зүй, техникийн нэмэлт туршлага эзэмшүүлэхээр энэхүү төслийг санаачилан хэрэгжүүлж эхлээд байна. Өнөө үед сэтгэцийн эрүүл мэнд нь анхаарах шаардлагатай нэн тэргүүний асуудал болоод байгааг олон судалгаанаас харж болж байна. Ийм учраас бид бэлтгэгдэн гарч буй залуу мэргэжилтнүүдэд онолын мэдлэгийг бодит амьдралын практик туршлагатай хослуулснаар олон хүүхэд, гэр бүлд хүрэх тусламж дэмжлэгийг илүү үр дүнтэй болгож салбартаа маш том эерэг нөлөөллийг урт хугацаандаа гаргахаар зорин ажиллаж байна.
-Та байгууллагынхаа хэрэгжүүлж буй төслийн хэрэгжих хугацаа болон үр дүнгийн талаар уншигчидтайгаа хуваалцахгүй юу?
-“БАЯРТАЙ” төсөл илүү практик сэтгэл зүйч нарт сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллахад шаардлагатай арга зүй, техникийг олгож байгаагаараа онцлогтой бөгөөд энэ нь 1 жил 8 сарын хугацаанд хэрэгжинэ. “БИД ИРЭЭДҮЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИД” төсөл нь 3,4 дүгээр дамжааны оюутнуудыг практик арга зүйгээр чадавхжуулахаар 10 сарын хугацаанд хэрэгжих төлөвлөгөөтэй байна. Манай хоёр төслийн зөвлөхөөр Их Британи Улсын сэтгэл засалч хатагтай Миранда Марш олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг оюутан залуучуудад хүргэхээр болсон. Бидний хэрэгжүүлж буй сэтгэл зүйн чиглэлийн хоёр төсөл нь хоёулаа урт хугацааны төсөл бөгөөд бид цаашид тогтвортой, системтэйгээр төслүүдээ улам бүр өргөжүүлэн, тус салбарын хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна.
-Бидний урилгыг хүлээн авсан танд Баярлалаа. Та манай уншигчдад хандан төсөлтэй холбоотой нэмэлт мэдээллийг өгнө үү,
-Манай сангийн зорилго нь хүүхэд хамгааллын үйлчилгээг хамгийн боломжит сайн түвшинд хүргэн ажиллахаас гадна хүүхэд нэг бүртэй тулж ажиллан тэдний хэрэгцээ шаардлага болоод сэтгэл зүйн байдалд тулгуурлан хүүхдэд тохирсон аргыг боловсруулж үйлчилгээ үзүүлдэг. Мөн бодлогын түвшинд гэхээсээ илүүтэйгээр хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдээр дамжуулан тэдний гэр бүлд нөлөөлөх, тухайн гэр бүлийг ядуурлын тойргоос хүүхдээр нь дамжуулан гаргаж, нийгэмдээ эерэг, идэвхтэй иргэн өсгөн хүмүүжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа хоёр төрлийн сэтгэл зүйн төсөл нь бидний дараа дараагийн жилүүдийн сэтгэл зүйн чиглэлээр хийх томоохон ажлуудын эхлэл бөгөөд цаашид нийгэм рүү чиглэсэн сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл, боловсрол олгох олон төрлийн сонирхолтой өндөр ач холбогдолтой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн түүнчлэн энэхүү төслийг Австрали Монголын дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ойн баярын хүрээнд Австралын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд ирээдүйн олон сэтгэл зүйчдэд мэргэжлийн боломжийг олгож, урт хугацааны тогтвортой төслийн суурийг тавьсанд гүнээ талархал илэрхийлье.
Сэтгэгдэл