Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ДАРГА ХОЛИМОГ ТОГТОЛЦООНЫ ЗАХИАЛГЫГ ЦЭЦЭД ГАРГАЖ, НӨГӨӨ НӨХӨД НЬ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас оруулж ирж байгаа төсвийг харахад орлого, зарлага нь ямар байх шиг байна. Зарим тойргуудад төсөв тусгаагүй гэсэн байна лээ. Үүнд та ямар байр суурьтай байна. Танай тойрогт ирэх онд төсөв тусгагдсан уу?

-Энэ жилийн төсөвт шинэ хөрөнгө оруулалт тусаагүй юм байна. Өмнөх онуудын хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхэд хүндрэлтэй болчихсон учраас яаж шинэ хөрөнгө оруулалтын тухай ярих билээ. Төсвийн орлогын хувьд нэлээд өндөр төлөвлөсөн санагдсан шүү. Гадаад нөхцөл байдал сайжрах магадлал бага байна. Энэ жил гэхэд одоо найман сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 10 их наяд төгрөг болж, нүүрсний экспорт 15 сая тоннод хүрсэн.

Тэгэхээр оны төгсгөлд урьдчилсан гүйцэтгэлээр 15.5 их наяд төгрөгний төсвийн орлого олж, 20 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна. 2021 онд эхний найман сарын байдлаар 12 сая тонн, оны эцэст 16 сая тонныг экспортолж байлаа. Одоо үлдсэн хугацаанд 20 сая тоннод л хүргэх болов уу. Сая 2022 оны төсөвт 36 сая тонныг экспортлохоор төлөвлөснийг тодотголоор 18 сая тонн болгож бууруулсан шүү дээ. Ингэж үзвэл ирэх онд үүнээс илүү нүүрс буюу 36.5 сая тонныг гаргана гэх магадлал харагдахгүй байна.

Магадгүй дайн, газ хийн хязгаарлалтаас болоод нүүрсний үнэ тогтвортой байна, төмөр замын тээвэрлэлт сайжирна л гэж тооцсон байх. Би зөвхөн тээвэрлэлтээс л шалтгаалдаг гэж харахгүй байгаа. Цаана Хятадад байгаа хэрэглээ, тэдний авах хүслээс л бас хамаарна. Харин нэг сайнаар нөлөөлөж байгаа зүйл бол нүүрсний үнийн өсөлт юм. Тухайлбал, өнгөрсөн найман сарын байдлаар нүүрсний экспортын тоо хэмжээ өмнөх оныхоос ялигүй өссөн байхад нүүрсний орлогын хэмжээ өмнөх онд 1.3 тэрбум ам.доллар байсан бол энэ оны найман сарын байдлаар 3.8 тэрбум ам.доллар болж үнийн дүнгээр бараг гурав дахин өссөн байна.

-Төсвийг жил бүр алдагдалтай баталдаг. Алдагдалгүй батлах боломж байхгүй юу?

-Төсвийг гол алдагдалд оруулж, улс орны өрийг нэмэгдүүлж байгаа зүйл бол хавтгайрсан халамж. Түүнийгээ дорвитой хасаж зүрхлээгүй байна. Нөгөө л 1.5 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж. Энэ мөнгөөр чинь хотын түгжрэлээ арилгачих, 1000 км хар зам тавьчих боломжтой. Мөн сум бүрт нэг тэрбумын дөрвөн үйлдвэр, эсвэл аймаг бүрт нэг жилд 10 тэрбум төгрөгийн зургаан үйлдвэр бариад иргэдээ тогтмол ажлын байртай, өндөр орлоготой болгочих мөнгө. Харамсалтай нь тэгж бодож сэтгэж, зүтгэх сэтгэл алга. Манай тойргийн хувьд

өмнө тавигдсан хөрөнгө оруулалтууд үргэлжилнэ. Зарим нэг төв суурин газрын өрхийн эмнэлгийн өргөтгөл гэх мэт ковидтой энэ цаг үед хэрэгтэй хөрөнгө оруулалтуудыг хассан байна. Төсвийн хэлэлцүүлгийн үед хэлж оруулахыг бодож байна.

-УИХ-ын хаврын чуулганаар хэмнэлтийн хуулийг баталсан. Ирэх жилийн төсөв хуулийн хэрэгжилттэй зохицоогүй байна гэж та хэллээ. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Наадах чинь хүндхэн асуулт байна. Би мэргэжлийн хүний хувьд төсвийг сайн харсан. Чиний асуусан өнцгөөр авч үзвэл төсвийн зардал буурах ёстой биз.

Тэгвэл 2022 оны төсвийн зардлаас 2.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Түүн дотроо урсгал зардал 1.3 их наяд төгрөгөөр өсчээ. Энэ чинь гол үзүүлэлт. Тэгэхээр хэмнэлтийн асуудал төсөвт туссан гэхэд хэцүү байгаа юм. Шинэ шинэ яамд, агентлагууд, тэдний төсөв гээд эсрэгээрээ л байна даа. Хямралын үеийн төсөв л лав биш. Төсөв хэмнэгдэх бус өссөн байна.

-Төсвөө олон тойрогт хуваарилахгүйгээр нэгдсэн бодлогоор хамгийн зөв гэсэн зүйлд зарцуулах нь зүйтэй гэж харж байна уу?

-Ямар хувь хэмжээгээр хуваарилах уу л гэдэг асуудал. Тэргүүлэх салбар гэж байх ёстой. Түүндээ илүү анхаарч хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байдаг. Энэ мөнгө хөрөнгө чинь өөрөө хязгаартай зүйл. Тиймээс миний хувьд манай орны хөгжих боломж, загварыг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гэж хардаг. Шинжлэх ухаан руу мөнгө хийлээ гэхэд, хөдөө аж ахуйн судалгааг нь илүү анхаардаг ч юм уу. Ер нь чадах зүйлээ улс орнууд түлхүү хөгжүүлбэл хөгждөг. Уул уурхайгаас орох мөнгөө ХАА-н чиглэл рүү хийгээд экспортын төрлөө нэмэгдүүлээд явбал валютын нөөц, ханшийн хүндрэл багасна. Уул уурхайн экспортоос дан ганц хамааралтай эдийн засагтай байж болохгүй. Манайд боломж байна, ашиглаж мэдэхгүй байна.

Мөн мэдсэн ч тэр чиглэлд сэтгэл нь гаргахгүй, улс төрийн чиглэлдээ “надад яаж нөлөөлөх үү” гэдэг хандлага нь давамгайлаад энэ улс орон чинь уруудаад байна. Юу ч хийж, үйлдвэрлэж чаддаггүй улс орон гэдгээ ковидын хүнд цаг үед харлаа. Ингээд яваад байвал, 1921 оноос өмнөх байдал руугаа улс орноо оруулна.

-Тэгвэл яаж энэ хүндрэлээс гарах ёстой юм бэ?

-Эхлээд бид уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэрүүдтэй л болчих хэрэгтэй. Тэгвэл валютын нөөц чинь хоёр дахин нэмэгдээд эдийн засаг чинь хэд дахин өсөөд л ирнэ. Зэсээ, төмрийн хүдрээ боловсруулж яагаад болохгүй гэж. Хэрэв би байсан бол үүнээс л эхлээд олсон орлогоо хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл рүү л хийх байсан. Ер нь бол улс орны хөгжил улс төрийн лидерүүдийн хандлагаас их хамаардаг юм байна. Тэд хэрхэн сэтгэн бодож, нийгмийн хариуцлагатай хандаж байгаагаас хамаардаг гэсэн үг. Сингапур, Солонгос, Тайвань зэрэг улс орны жишээг харъя л даа. Хүнээ яаж хөгжүүлснээс нь эхлээд л хуулбарлая, тийм чадвартай иргэд манайд байна. Харамсалтай нь хүний боловсрол, чадварыг үнэлдэггүй, улс орон нь урагшилдаггүй ийм л болчихоод байна. Манайд ов зальтай, сайн бөгс долоодог хүн л урагшилдаг болсон. Ийм зан авиртай хүмүүс бүтээлч байдаггүй, хувийн сонирхол тал нь давамгайлчихдаг.

-Ирэх оны төсөвт тусгах шаардлагагүй зүйл, тусгах шаардлагатай байсан зүйл ажиглагдаж байна уу?

-Шинэ хөрөнгө оруулалт хотын тээврийн автобус шинэчлэлийн хөрөнгөөс өөр байхгүй. Ер нь бол ковидын хүндрэлтэй цаг үед байж 2021-2022 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэт бодлогогүй, эдийн засаг, төсвийн боломжоосоо хэтэрсэн хэмжээнд хийчихсэн. Энэ нь үнийн өсөлтөд өртөөд төсвийн хөрөнгө оруулалтыг 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн харагдана лээ. Ажил нь эхэлсэн учраас шаардлагагүй гээд зогсоож, хасахад хүндрэлтэй байгаа байх.

-Ирэх оны төсөв эдийн засгийн өсөлтийг бий болгох дүр зураг харагдаж байна уу. Таван хувийн өсөлтийг авчирч, инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ гэж байна. Энэ бодитой юу?

-Одоо байгаагаас илүү үнэ өсөх юм бол улс орон маань дампуурах байлгүй. Тиймээс наад тоо чинь тавьсан зорилт, хүрч чадвал буруу юм биш. Ний нуугүй хэлэхэд, өсөлт гарна гэж итгэхэд хүнд байна. Миний хувьд энэ өвөл, ирэх хаврыг яаж давж гарна даа гэж бодож байна. Наад төсөвт тавьсан тоонууд чинь нэг л зүйлээс хамаарна. Урд хөршийн байдал, тэндээс орох экспортын орлогоос л хамаарна. Ийм л эдийн засагтай байна.

-Таны харж байгаагаар ирэх онд ямар том төсөл хэрэгжихээр байна вэ?

-Манай гол хүндрэлтэй асуудал болоод байгаа экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлд төсөвт үндсэндээ юу ч тусаагүй гэхэд болно. Дарханы арьс ширний цогцолборт хэдэн төгрөг тусгуулъя гэсэн ороогүй гэсэн. Хэдэн шинэ автобус авч паркийн шинэчлэл хийх юм шиг байна. Машин хэрэглэх нь их үнэтэй болсон цагт хүмүүс нийтийн тээврээр явж эхэлнэ. Түүнээс биш Автобус паркийн шинэчлэл хийгээд одоо бараг юу ч өөрчлөгдөхгүй байх. Тэгээд ч автобус нь түгжирдэг байхад. Харж л байя.

-Валютын нөөц эрчимтэй багасч байна. Ам.долларын өсөлт галзуурлаа. Төгрөгийн ханшийн уналтын эсрэг холбогдох газрууд нь дорвитой арга хэмжээ авахгүй байна уу. Долларын өсөлтийг тогтвортой барихын тулд ам.доллар олох шинэ эх үүсвэрүүд бий болгох хэрэгтэй гэж эдийн засагчид хэлдэг. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Ойрын цаг үе өнөөдөр, маргаашаа харвал импортын хэрэглээгээ багасгах, Оюу толгойн орлогыг Монголын банкны дансаар оруулах л арга зам харагдаж байна. Экспортын орлогын шинэ эх үүсвэрээ нэмэгдүүлье гэхээр цаг хугацаа шаардана. Тиймээс наад зах нь хүн амаасаа их хэрэглээтэй болсон машины асуудлаа шийдэх хэрэгтэй болжээ. Машинууд маань сэлбэг хэрэгсэл, шатахуун гээд хэрэглэдэг зүйлийн импорт маань бараг нэг тэрбум гаруй ам.доллар болсон байна. Гэтэл хүн амын маань хүнсий бүтээгдэхүүн, хувцас, гэр ахуйн хэрэглээний импорт 800 сая ам.доллар л байдаг юм. Үүнээс л эхэлж валют гадагш алдаж буй хэрэглээгээ хумих хэрэгтэй. Дээр нь энэ халамжаар олгож байгаа нэг их наяд гаруй төгрөг чинь импортын хэрэглээг нэмэгдүүлж валют гадагш урсах нэг шалтгаан болж байгаа.

Барилгын салбарт, ялангуяа дотоод засалд асар их валют гадагш урсаж байна. Экспортын орлого олох эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд үйлдвэрээ барихаас эхлээд цаг хугацаа шаардана. Харин дээр хэлсэн уул уурхайн бүтээгдэхүүнээ дахин боловсруулдаг болох нь ойрын хугацаанд хийж болох шийдэл юм. Алс ирээдүйдээ бол ХАА, Органик хүнсний үйлдвэрийн экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Аяндаа улс орон хөгжөөд ирэхээр бусад ашигтай аялал жуулчлал гэх мэт салбарууд хөгжөөд ирнэ.

-Импортын хэрэглээгээ багасгах ёстой гэж байна. Ер нь бид ам.доллар яаж олох вэ?

-Хоёр арга зам байна. Нэгдүгээрт, экспортын орлогоо нэмэгдүүлэх, нөгөө нь импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх. Экспортын орлогоо нэмэгдүүлэх хүрээнд нэн тэргүүнд авч болох арга хэмжээ бол Оюу толгойн орлогыг манай банкны татварын дансаар оруулдаг болгох. Одоо бол Оюу толгойн борлуулалтын орлогын 10 хүрэхгүй хувийг л манай улс татвар болон бусад төрлийн орлогоор авч байгаа. Мөн алтны олборлолтыг нэмэгдүүлж болно. Ойрын хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ боловсруулан гаргадаг болчихвол экспортын орлого шууд нэмэгдэнэ. Түүнчлэн Дарханы арьс ширний цогцолборыг ойрын хугацаанд жил гаруйн дотор ашиглалтад оруулчихад л малын арьс ширнээсээ 2024 оноос 200 гаруй сая ам.доллар олдог болчихно.

Дээр нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт дэх Бэрэн компанийн гангийн үйлдвэрээ ашиглалтад оруулаад энэ хоёр үйлдвэрээ хослуулаад барилгын арматур төмөр гаднаас авахгүй дотоодоо үйлдвэрлээд эхлэхэд 200 гаруй сая ам доллар ирэх жилээс эхлээд хэмнээд эхэлж болно. Наад зах нь төмрийн хүдрээ дахин боловсруулаад зөвхөн ширэм гаргахад л түүнээс орж байгаа 600-900 сая ам.долларын орлого чинь хоёр дахин нэмэгдэх боломжтой. Үйлдвэрүүд нь бэлэн байж байна. Өнөөдрийн байдлаар яг үндсэндээ ганц нүүрсний орлогоос хамаарч валютын нөөц, ханш чинь тодорхойлогдож байгаа. Үүнд их ач холбогдол өгч нүүрсээ гаргахаа яриад л бусад экспортын орлого олох боломжоо хаячихаж байна. Энэ бол бидний том алдаа. Хэдэн жил бид эдийн засгаа солонгоруулж, экспортын орлогоо нэмэгдүүлнэ гэж ярив. Манай төрд байгаа зарим эдийн засагчид гээд байгаа нөхдүүд гаднаас зээл авч өнөөдрөө аргалж өнгөрүүлэхээ л бодож байгаа. Зээл авахаар өр нэмэгдэнэ.

Одоо төлж чадахгүй хэмжээнд хүрч ирчихээд 2023-24 оны гадаад зээлийн төлбөрөө Засгаас баталгаа гаргаж өндөр хүүтэй зээлээр төлөхөөр төлөвлөж оруулж ирсэн байна. Тэгээд орж ирсэн зээлийг нь экспортын орлого олох боломжтой бизнес рүүгээ хийхгүй улстөрчид нь хуваагаад цохьчихож байна. Хөгжлийн банкийг хар. Улстөрчид нь өөрсдийн сонгуулийн менежерүүдээ Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон гол албан тушаалууд дээр тавьж байгаад хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгоод л дуусгачихаж байна. Тэр нөлөө бүхээ улстөрчдөө хууль хяналт, прокурор, АТГ нь шалгаж чадахгүй байна. Тэднийг мэдсэн ч гаргаж тавьж чадахгүй байх шиг. Нөгөө улстөрчид нь гишүүн байх хугацаандаа хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгачихаж байна. Одоо энэ хугацаагаа сунгах гээд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн байж болно гээд Үндсэн хуулийн Цэцээр хууль бус дүгнэлт гаргуулчихаж байна.

-Та Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг тайлбарласан нь хууль бус гэж үзээд нэр бүхий гишүүдийг нь эргүүлэн татах асуудлаар УИХ-д хандсан. Энэ асуудлаар тодорхой тайлбар хэлэхгүй юү. Их хурлын даргатай бага зэрэг ам зөрж байгаа харагдсан?

-Үндсэн хуулийн Цэц 2022 оны зургадугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан 21 дүгээр зүйлийн дөрөв дэх заалтаар сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах эрх нь УИХ-д нээлттэй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. Тодруулбал, Үндсэн хуулийн заалтыг тайлбарласан байгаа биз. Ийм эрх Цэцэд Үндсэн хуулиар байхгүй. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар 2019 оны ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд дээр дурдсан Үндсэн хуулийн 21 дүгээр заалтын дөрөв дэх заалтаар оруулсан нэмэлт өөрчлөлтөөс “холимог тогтолцоо” гэдэг үгийг зарчмын зөрүүтэй санал гаргаж хассан байгаа юм. Цэцийн тухай хуулийн хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт Цэц шийдвэр гаргахдаа судалгаанд тулгуурлана гэж заасан байдаг. Гэтэл энэ санал хураалтыг харгалзахгүй, УИХ-ын шийдвэрт тулгуурлахгүйгээр ийм илт хууль бус шийдвэр гаргасан.

Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татахаар Үндсэн Хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх заалтаар зохицуулсан байдаг. Энэ дагуу л би УИХ-аас илгээсэн гурван хүнийг эргүүлэн татъя гэсэн саналыг УИХ-ын даргад оруулсан. Мөн УИХ-ын гишүүн Цэцэд хандаж болдог.

Энэ заалтын дагуу УИХ-ын даргад хандсан. Гэтэл аль алинд хариу ч байхгүй УИХ-ын дарга хууль зөрчөөд дараад суучихлаа. Үүнээс л би УИХ-ын дарга энэхүү холимог тогтолцооны захиалгыг Цэцэд гаргаж нөгөө нөхөд нь хэрэгжүүлжээ гэж хардаж байна. Үндсэн хууль зөрчөөд байхад УИХ-ын дарга хайцаалаад байж болохгүй биз дээ. УИХ-аар 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар иргэдээс санал авах тогтоол гарснаас зургаа хоногийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тойрогтоо буюу Баянхонгор аймагт очиж ажиллахад нь иргэд дургүйцлээ илэрхийлж, загнуулсан бичлэгүүд Фэйсбүүкээр их явсныг санаж байна уу. Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 2022 оны зургадугаар сарын 27-нд Цэцийн энэхүү хууль зөрчсөн шийдвэр гарсан байдаг. Энэ бүхэн санамсаргүй тохиолдлын зүйл биш гэж харж байна. Үүнийг л би чуулганы хуралдаан дээр хэлсэн.

-Дахин сонгогдох боломжгүй улстөрчид Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, шийдвэр гаргуулаад байна гэж ойлгосон зөв үү?

-Яг зөв, тэгж ойлгож болно. Тойрогтоо айдастай байгаа улстөрчид захиалж Цэцээр ийм шийдвэр гаргуулсан. Тэдний нэг гол хүн нь УИХ-ын дарга юм шиг байна. Тийм учраас Цэцийн гишүүдэд хариуцлага тооцох шийдвэр УИХ-аас гаргуулахгүй гээд дараад суугаа хэрэг шүү дээ. Баянхонгороос хамгийн бага саналаар, хамт явсан хоёр нөхрөө гаргуунд нь орхин арай гэж гарч ирээд сайн нөхдийн дэмжлэгтэйгээр Их хурлын дарга болчихсон хүн л дээ. Тойрогтоо нэр хүндгүй хүн улсаа яаж удирдах вэ дээ. Нөгөөтэйгүүр Цэцэд захиалж, сонгуулиар нам дугуйлах шийдвэр гаргуулсан гол хүн нь УИХ-ын дарга юм шиг байна.

-Тэрхүү Цэцийн тайлбарласан, гаргасан гээд байгаа шийдвэрийг одоо яаж засах боломжтой бэ, ямар хор хөнөөлтэй болчихоод та эсэргүүцээд байгаа юм бэ?

-Уг шийдвэрийг өөрчилж болох хуулийн ганц гарц бол дээр миний дурдсан Үндсэн хуулийн анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татах тухай Үндсэн Хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх заалт л юм. Тиймээс би Цэцийн гишүүдийг илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхэд хууль бус шийдвэр гаргасан Цэцийн гишүүдээ иргүүлэн татаач ээ гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Одоогоор Дээд шүүх л татгалзсан хариу ирүүлээд байна. Шүүх нь хууль зөрчсөнийг зөвтгөж байна гэсэн үг шүү дээ. Шуудхан хэлэхэд, мөн л улстөрчдийн харц, нөлөөллөөр ажилладаг гэдгээ харуулж байна.

Энэхүү Үндсэн хууль тайлбарласан хууль бус үйлдлээр намын жагсаалтаар иргэдийн танихгүй, ард түмэнд таалагддаггүй улстөрчид УИХ-д шууд орох боломж нээгдэнэ.

Тодруулбал, олон нийтэд нэр хүндээ барсан, хууль бус үйлдлээ хайцаалах гэсэн сонгогдох боломжгүй хүмүүс л намын нэр шидчихээд л намынхаа авсан хувь дээр нь гишүүн болно гэсэн үг юм. 2012 онд Их хурлын сонгуулиар намын жагсаалтаар тойроггүй, хариуцлага үүрдэггүй 27 хүн гарч ирсэнтэй адил юм. Одоо иргэд маань улс орныхоо эрх ашгаас урвасан улстөрчдийг мэддэг болсон. Тухайлбал, Оюу толгойн луйварт холбогдсон хүмүүсийг сонгуулиар сонгохгүй, улс төрөөс зайлуулчихаж байна. Тэд муу улстөрчдийг нэр дугуйлахгүй, сонгохгүй шүүрдэх боломжтой байна гэсэн үг юм. Ганц улстөрчдийг айлгаж байгаа эрх мэдэл нь энэ юм. Энэ нь байхгүй болчихвол иргэд олон нийт эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүсийн эрхшээлд нэг мөсөн орно.

-Та Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан хүн. Удахгүй өвөл боллоо. Улаанбаатар хот энэ жил хөлдчихгүйхэн шиг хавартай золгож чадахаар байна уу?

-Энэ өвлөөс оройн оргил ачааллын цагаар эрчим хүчний хангамж хүндэрч эхэлнэ. Одоо хязгаарлалтад ороод эхэлсэн байна билээ. Оройдоо оргил ачааллын үед ОХУ-аас бараг тултал 300 МВт-ыг авч эхэлсэн байна. Тэгэхээр 12 сараас хүйтний эрч чангарахаар эвгүй болж эхлэх хэрэг. Ирэх 2024 оноос бол бүр хүндэрч эхэлнэ. Хүнд аваар саатал гарвал Нийслэл хөлдөж ч мэднэ. Энэ талаар би хангалттай хэлж сануулсаар ирсэн. Бодитой хийгдсэн юм алга.

Хэрэв хүсэл байсан бол тэр иргэд аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг төлсөн 900 гаруй тэрбум төгрөгөөр чинь дор хаяж 200 гаруй МВт-ын хүчин чадалтай станц барьчих хөрөнгө байлаа. Тухайн цаг үед нь “Станц барих хайран мөнгийг ингэж зарж болохгүй” гэж миний хэлсэн үг байгаа шүү. Энэ өвлөөс Эрчим хүчний дутагдал хүндрэл мэдрэгдэж эхэлнэ. Дараа жил нийгэмд илт мэдрэгдэж эхэлнэ. ОХУ-аас өдөр тутам авах цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. “Тэнэгийн ухаан хойно” гэдэг л болж байх шиг байна.

Эрчим хүчийг өмнө нь батлагдчихсан дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд явчих юм бол хараат бус, найдвартай эрчим хүчний системтэй л болно. Зарим нэг нь хэрэгжиж байгаа талаар өмнө дурдсан. Ялангуяа тэр батерей хуримтлуурын станц маш чухал. Дээр нь дор хаяж нэг 100-200 МВт-ын усан болон усан цэнэгт станц ойрын хугацаанд барих хэрэгтэй. Ингэж байж өвөлдөө хөлдөхгүй байх эрсдэлээс гарна. Газын буюу хийн тохируулгын 100 дээш МВт-ын станцтай болох шаардлагатай. Үүнийг бол хоёр жилд барьчихна.

-Тавдугаар цахилгаан станцын асуудал ямар түвшинд яваа бол?

-Энэ төслийг нураах гэж Багануурын станцын төслийг гаргаж ирсэн юм билээ. Тэгээд санасандаа хүрч тэр төсөл бүрмөсөн зогссон байдаг юм. Одоо нөгөө хүмүүс харин намайг зогсоосон мэтээр илт худал гүтгэлгийг тараасан байна. Тийм зүйл огт байхгүй. Намайг сайдаар ажиллахаас өмнө болсон явдал. Багануурын хувьд илт улс орондоо ашиггүй, технологийн шаардлага хангахгүй гэрээг 2015 онд байгуулсан байсан. Тэр ашиггүй гэрээний зарим заалтыг бид Хятадын хөрөнгө оруулагчтай хэлэлцэж тохироод манайд ашигтай болгож өөрчилсөн. Тодруулбал, манайд ажиллах боломжгүй 350 МВт-ын хүчин чадалтай хоёр турбингенераторыг нь 250 МВт-ынх болгуулж тохироод, ажил эхлээд явж байсан. Барилга байгууламжийн ажил нь эхэлсэн. Одоо юу болж байгааг сайн мэдэхгүй байна.

Миний сонссоноор Хятадын ерөнхийлөгч өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын чуулганд оролцож үг хэлэхдээ “Нүүрсний станцад хөрөнгө оруулалт хийхгүй, хүлэмжийн хийг бууруулна” гэсэн амлалт өгчихсөн юм билээ. Энэ асуудал нөлөөлсөн байх. Мөн Хятадад төрийн өмчийн компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийхгүй байх шийдвэр гараад хөрөнгө оруулагч компанид хүндрэл үүссэн юм билээ. Түүнээс биш манай талаас болж төсөл гацсан юм огт байхгүй. Тийм бол тэр эх оронч бус гэрээгээр чинь манайхаас шалтгаалж төсөл зогсвол дор хаяж 500-600 сая ам.долларын хохирол манайх төлөх нөхцөл үүснэ. Тийм л гэрээг манайхан хийчихсэн улсууд шүү дээ.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг заавал барина гэж Засгийн газар үзэж байх шиг байна. Ирэх оны төсөвт уг станцыг барихаар ямар хэмжээний төсөв суулгаж өгсөн байна вэ?

-Усан цахилгаан станц барьж байж л манайх эрчим хүчний бие даасан, найдвартай системтэй болно. Би улс төрд орсон цаг үеээсээ ийм байр суурь илэрхийлж ирсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгийг шийдэх, ТЭЗҮ-ийг боловсруулах ажил У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу намайг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед шийдэгдсэн. Сайд нь дэмжээгүй бол тэр төсөл яаж олигтой хөдлөх юм. ТЭЗҮ нь яаж хийгдэх юм. Намайг эсэргүүцэгч мэтээр зарим нэг сайт, фэйсбүүк хуудсаар гүтгэсэн байна лээ. Цахим хуудсаараа би Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг дэмжсэн байр сууриа илэрхийлж ирсэн.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүсчлэлд байгаа айл өрхүүдийг яахаар байна вэ?

-Энэ асуудал бол улс орны тэр тусмаа баруун бүсийн эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой зүйл юм. Баруун бүсээ хямд цахилгаанаар дотроосоо 100 хувь хангадаг болох төдийгүй Төвийн эрчим хүчний системтэйгээ холбочихвол улс орноо оргил ачаалалын үед оройн цагаар гаднаас эрчим хүч авахгүй хангадаг л болох юм. Өвөлдөө нийслэлээ хөлдөх аюулгүй болгоно. Иргэдийн тулгарсан асуудлыг энэ өргөн уудам нутагтаа улс орон шийдэж болох байлгүй дээ. Баруун аймгийн зөндөө л малчид Төвд ирж суурьшиж болоод л байна. Тэдний хүссэн газарт нь нөхөн төлбөрийг нь өгөөд суурьшуулах нь улс эх орны асуудал. Тэгээд хамгийн өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг байдаг манай улс иргэдээ хаана амьдруулахаа шийдэж чадахгүй бол инээдэмтэй зүйл биш үү.

-Сүүлд нэг зүйл асуухад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдах уу. Саяны Цэцийн шийдвэрээр давхар дээлийг өөрчилчихсөн. Нэмэлт өөрчлөлтийг уг нь их ярьсан шүү дээ?

-Миний хувьд Үндсэн хууль буюу бидний амьдрах эрх зүйн дээд хязгаар, төрийн эрх мэдлийн зохицуулалтыг өөрчлөхийг дэмждэггүй. Төрд гарсан хүн бүр л өөртөө тааруулж өөрчлөх гэдэг болчихно. Тийм хандлага үеийн үед л гарсаар ирсэн. Гоё шалтаг гаргаад л, Үндсэн хуульд л гай байгаа юм шиг тайлбарлаад байдаг. Шуудхан хэлэхэд, өөрсдөө ажлаа хариуцлагатай сайн хийж, улс орноо авч явж чадахгүй байгаагаа Үндсэн хууль руу чихдэг буруу зуршил манайд бий.

-Давхар дээлийн хязгаарлалтгүй болж шинэчлэгдлээ. Ингэлээ гээд ажил сайжрах найдвар байна уу?

-Давхар дээлтэй сайд нар хоёр талтай. Улс төрийн талаасаа Их хуралтайгаа ажиллах, асуудлаа оруулж шийдвэрлүүлэхэд дөхөмтэй болсон байх. Нөгөө талаар, тэднийг дагаад улс төрийн гал Засаг руу чиглэнэ. Саяхан Хөдөлмөр нийгэм, хамгаалалын сайдтай холбоотой үүссэн асуудлаас үүнийг харж болно. Салбарын ажил сайжрах нь юу л бол. Ялангуяа мэргэжлийн сайд удирдаж байсан салбарын хувьд бол дээрдэхгүй байх аа.

Тэр салбарын учрыг олж чадахгүй л хугацаа нь дуусч мэднэ. Сайд нарт байгаа түгээмэл нэг дутагдал бол фэйсбүүкээр өөрийгөө “ганц сайн сайд” гэсэн байдлаар попроод түүндээ итгээд салбарын үндсэн ажлаа орхиод байгаа явдал юм. Ингэж наад захын жижиг шажиг зүйлээр хөөцөлдөж, попорч шуугиулаад байвал салбарын үндсэн ажил хохирдог. Ийм дутагдал давхар дээлтэй улстөрч мэргэжлийн бус сайд нар дээр илүү гардаг. Засгийн газрын хувьд бодитой ажил хийчихээсэй гэсэн хүлээлт л надад байна. Би тодорхой саналуудаа, тухайлбал улс орны хөгжилтэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдад хэлж байгаа.

Дарханы арьс ширний цогцолбор, Батарей хуримтлуурын станц гээд анхаарч өгч байна. Улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Гаднаас зээл авч өр нэмсэн байдлаар түр зуурыг аргалах гэж Эдийн засгийн яам, Сангийн яам хандвал цаашид бүр хүндэрнэ. Гадаад төлбөр тооцоогоо хийж чадахгүй байдалд ч хүрч мэднэ. Би энэ яаманд чинь залуу насаа өнгөрүүлсэн хүний хувьд төсөв санхүү, эдийн засгийн хэдэн тоо, нөхцөл байдлыг нь сайн мэдэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [203.23.49.49] 2022-10-11 14:39:58

Iшал тэнэг нөхөр шүү дээ

Б,Ц [139.5.219.54] 2022-10-10 10:22:04

ӨӨ ХӨӨРИЙ НӨГӨӨ ХУЛГАЙЧ НАР НАМЫН ЖАГСААЛТААР ОРОЖ ТҮҮНИЙГ НЬ НАМЫН НЭРЭЭР БӨХС ДОЛООГЧ АЛБАН ТУШААЛ ГОРЬЛОГЧ ШАВХАРУУ ГОРЬДОГЧ НАМ ДАГСАН ТЭНЭГ ТЭЖЭЭВЭРҮҮД НЬ ДЭМЖЭЖ ҮҮГЭЭРЭЭН НӨГӨӨ Л ХУЛГАЙЧ НАР ТӨРД ХЭВЭЭРЭЭН БАЙХ ЮМ БАЙНА Л ДАА


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.