Ч.ХАТАНБААТАР: ЦИРК НЬ ГЭР БҮЛД ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛЫГ БЭЛЭГЛЭДЭГ УРЛАГ

Aдмин / Нүүр

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын циркчдийн холбооны тэргүүн, “Bravo Circus” нэгдлийн ерөнхий продюсер Ч.Хатанбаатартай ярилцлаа.


-Өнөөдөр тоглогдож эхэлж буй “BRAVO CIR­CUS” олон улсын циркийн тоглолтын талаар та тодруулаач?

-Хүүхэд багачуудад циркийн урлаг хэрэгтэй, нийгэм өөрөө шаардаад байна. Энэ шаардлагын дагуу олон жилийн туршлага, хөдөлмөр зэргийг үндэслэн өнөөдөр зайлшгүй олон улсын циркийн тоглолт хийх хэрэгтэй юм байна, хийхдээ бид нэгдэж хийх ёстой гэж үзэн зохион байгуулаж байна. Цирк гэдэг олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орж байж бүтдэг зүйл. Циркийн урлаг концерт, жүжиг, кино биш, аргалж зохицуулж болдоггүй ил, үнэн бодит байдаг урлаг юм. Зайлшгүй нийгмийн хүсэл байгаагийн үндсэнд “Монголын циркчидийн холбоо”, “Монгол циркус” энтертайнмент, “Циркус Монголиа Хадгаа” уран бүтээлийн компаниуд нэгдэн “Bravo Circus” нэгдлийг Монголын циркчидийн холбооны дэргэд байгуулж, нээлтийн тоглолтоо өнөөдөр хийх гэж байна. Тоглолтын онцлог нь олон орны циркчид Монголд ирж хүүхэд багачууд, гэр бүлийнхнийг баясгаж, мөн гадны циркчид гаднынхнаас туршлага судалж, Монголын циркийн хөгжил, циркчид хаана явна вэ гэдгийг дэлхийд таниулах, монголын үзэгчид циркийг ямар их хүсэн хүлээдэг вэ гэдгийг дэлхийн түвшинд харуулж, мэдрүүлэх зорилготой. Нэлээн хүч, хөдөлмөр гарлаа. Бид бэлтгэл ажлаа өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн. Өнөөдөр 10 орны жүжигчид энд ирсэн байна гэхэд бид цаана нь 20-30 орны жүжигчидтэй харилцаж байж түүнээсээ шилж авч, үнэ хөлс, ачаа тээврийн хувьд тохируулж, зохицуулж авах зэрэг их ажилтай байна. Жүжигчид бүгд чимданаа авчраад тоглолтоо үзүүлдэг асуудал биш шүү дээ. Гаднаас орж ирж буй хамгийн том тоног төхөөрөмж гэвэл хоёр тонны хэмжээтэй хүн дотор нь эргэлддэг агаарын сэнс байна.

-Тоглолт тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Цаг хугацааны хувьд мэдээж 99 хувийн бэлтгэл хангачихсан байх ёстой. Гэхдээ бид бүгдийг 0-ээс эхэлж байгаа. Тийм учраас ажил амаргүй байлаа. Хамтран ажилласан уран бүтээлчид, баг олон, удирдан зохион байгуулах зэрэг олон хүн бий. Спонсорууд Монголын хүүхдүүдэд циркийг үзүүлээд өг гээд бидэнд бүрэн эрхийг өглөө. Airmarket гаднаас ирж буй жүжигчдийн нислэгийн тийзийн асуудлыг шийдэж өглөө. Бид спонсоргүйгээр явж болохгүй.

-Тус циркийн тоглолтод ямар уран бүтээлчид, амьтад оролцох вэ?

-Тоглолтод дэлхийн 11 орны циркийн урлагийн шилдэг 86 жүжигчид оролцоно. Тухайлбал, ОХУ, Япон, Вьетнам, Казахстан, Армени, Африк, Аргентин, Узбекистаны циркчид тоглож аварга могой, морь, нохой, зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрээр хүүхэд багачуудыг баярлуулах юм. Гадны циркчидийг арын албаны, аюулгүй байдлыг хангасан хүмүүс дагаж ирдэг. Ялангуяа агаарын номеруудад улс бүрээс 1-2 хүн дагаж ирсэн байдаг. Казахстаны жүжигчдийн хөгжилтэй нохой, аварга могойны үзүүлбэр, дэлхийд алдартай “Үхлийн цагираг” үзүүлбэр үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн Алматын циркийн морьтнууд, Монголын морьтнуудтай хамтран тоглоно. Узбекистаны циркчид өндөрт агаар дээгүүр алхдаг тоглолт үзүүлэх учир онцолж урьсан. Африкийн циркчид ахуйн хэрэглээний эд буюу түмпэнгээр жонглёрдох зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд багтсан байгаа. Узбекистаны олсон дээр алхдаг үзүүлбэр бол Узбекистаны нүүр царай болсон үзүүлбэр. Мөн тоглолтод гэрлийн гайхамшиг, амьд хөгжмийн оркестр хамтлаг зэрэг циркт байх ёстой бүгд тоглогдоно.

-Циркийн тоглолт үзэх нь хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүүхдэд цирк хэрхэн циркийн тоглолт үзээд сууж буй хүүхдийн гэрэлтэх нүднээс л олж харах хэрэгтэй. Тэдний нүднээс л уншиж тайлаарай. Амьтдын үзүүлбэр ч нөлөөлнө. Цирк гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бэлэглэдэг урлаг. Хүн бүр хүүхэд багачуудаа баярлуулахаар гэр бүлээрээ тоглолтыг зорьж, баярлах гайхах зэрэгцэн хүүхдүүдийнхээ баяр хөөрийг хараад дагаад баясдаг сайхан урлаг. Хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх асар их ач холбогдолтой. Тэр тусмаа гэр бүлийн хүмүүжилд циркийн урлаг ямар их нөлөөтэй вэ гэдгийг хийсэн олон улсын мэргэжлийн циркчидийн судалгаа бий. Ганц хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл биш гол нь гэр бүлийн гишүүд бүгд орно. Цирк үзэж буй үзэгчид гэр бүлээрээ, тоглолтоо үзүүлж буй жүжигчид ч гэр бүлээрээ байдаг. Циркийн амьтад ч гэр бүлээрээ ажиллаж байдаг. Үүгээрээ цирк гэр бүлийн урлаг гэдэг онцлогтой.

-Аварга могойн үзүүлбэр тоглогдоно гэлээ. Тус аварга могойг яаж сургадаг вэ, багаас нь тэжээж сургасан уу?

-Цаг хугацааны асуудал. Гэртээ тэжээж буй амьтад ч циркид тоглогдож буй амьтад бүгд эзэнтэйгээ дасах асуудал яригдана. Тэгж байж хоёр биедээ дасаж сайн болж хүмүүст амьтан, хүний холбоо хоршил, байгаль дэлхийн холбоо тэр бүхэн харагдана шүү дээ.

-Тоглолт нь ямар давтамжтайгаар, хэдэн хоног тоглогдох вэ?

-Бөхийн өргөөнд өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 30-ны хооронд, 10 хоногийн хугацаанд тоглогдоно. Ажлын өдрүүдэд 20:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 20:00 цагуудад тоглогдоно. Монгол бөхийн өргөө бол одоогоор Монголд циркийн барилгад хамгийн ойрхон дөхөж буй байгууламж юм. Тоглолтод агаар орон зайг эзэлсэн төрөл бүрийн дэлхийн томоохон үзүүлбэрүүд оролцож буй учир дэлхийн циркийн стандартад нийцсэн, Монголд өмнө нь засаж байгаагүй тоглолтын манеж тайзыг Монгол Бөхийн өргөөнд иж бүрнээр нь жүжигчид болон үзэгчдийн аюулгүй ажиллагааг 100 хувь ханган засч тохижуулсан. Тасалбарыг ticket.mn, болон Бөхийн өргөөний тасалбарын кассаас худалдан авах боломжтой. Тасалбарын үнэ ханшны хувьд гурван наснаас дээш насны бүх хүн 40 мянган төгрөг гэж байгаа.

-Цаашдаа илүү сонирхолтой олон улсын циркийн тоглолтыг ямар хугацаанд зохион байгуулах вэ?

-Мэдээж Монголын циркчдийн холбооны дэргэдэх “Bravo” нэгдлийн зорилго бол олон улсын циркийн тавцанд гайхуулагдаж буй тэр үзүүлбэр, уран бүтээлүүдийг монголын хүүхэд багачуудад үзүүлэх зорилготой. Ер нь жилдээ хоёр удаа буюу хавар, намрын улиралд зохион байгуулах төлөвлөгөөтэй, тасралтгүй сайн сайн үзүүлбэрийг авчирч үзүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [192.82.67.109] 2022-10-24 16:10:40

Тасалбар нь арай хэтэрхий үнэтэй юү? Ойрын суудал 100000 төгрөг, алсын суудал 40000 төгрөг гэсэн үү? Бөхийн өргөөний түрээсийн төлбөрийг ард иргэд төлж байгаа юу? Цирк өөрийн байранд тоглолт хийвэл ядахдаа байрны түрээсийн төлбөр тасалбарын үнэд шингэхгүй байх даа? Цирк өөрийн байраа эргүүлэн авч зориулалтаар нь ашиглаасай.

Зочин [188.162.254.48] 2022-10-24 02:10:36

Монголчууд хот дотороо тоорчихоод яваад байна хотын даргаа! Олон улсын Циркийн тоглолтоо узэх гээд л Бохийн оргооний гадна зогсоод л байна!! Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [66.181.191.104] 2022-10-24 01:50:27

Сумьяа Аса 2т урилга өгч ЦИРК үзүүлэх хэрэгтэй....

Зочин [188.162.254.48] 2022-10-24 02:09:12

Яг тиймээ

Зочин [202.126.88.121] 2022-10-24 00:35:17

Хатанбаатарын циркчин гэж юу байх вэ? Ёстой жинхэнэ цирк циркчин гэж тэр эрэгтэй нугараач залуу бол зүгээр л хуучин монголын аугаа циркчидын тасархай мөнөөсөө мөн шүү.Цирк гэж тийм л нөр их хөдөлмөр авъяас уран гоёмсог тансаг бүхэн цогцлохыг хэлдэг юм Хатанбаатараа түүнээс хог новш шиг цуглуулагыг хэлдэггүй юм уучлаарай үнэнийг л биччихлээ шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.