Түгжрэлийг "ялсан" том хотууд
Өнөөдөр Улаанбаатар төдийгүй дэлхийн мегаполис хотуудын хувьд авто замын түгжрэл нь нийгмийн хөдөлмөрийн бүтээмж ба иргэдийн амьдралын чанарыг дордуулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж буй томоохон сорилт болж байна. Улс орон, том хотуудын эдийн засгийн хөгжлийн хурд нь авто замын хөдөлгөөний хурдаас хамааралтай гэдэг нь хэдийнэ тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, “түгжрэлгүй хот бол баян хот мөн” гэж хэлвээс дэгсдүүлсэн болохгүй.
Түгжрэлийг бууруулахын тулд мегаполис хотуудын удирдлагууд бүгд л өөр өөрийн гэсэн арга замуудыг хайж, хэрэгжүүлдэг боловч зөв менежменттэйгээр ажиллаж “түгжрэлийг ялсан” нь ч бий, мөн “түгжрэлд ялагдсан” нь ч бий.
Түгжрэлийг ялсан Токио
1990-ээд оны эхээр Японы нийслэлд олон км үргэлжилсэн түгжрэл үүсэж, оршин суугчид нь автомашинаас ялгарах хорт хийнд хахаж цацаж байлаа. Өнөөдөр 30 жилийн дараа 15 сая хүн амтай Токио хот уран зөгнөлт киноны чимэг зураг мэт харагдана. Олон түвшний огтлолцол бүхий гүүрэн замууд ба тусгай мэдрэгчүүдээр тоноглогдсон “ухаалаг” гэрлэн дохионууд – эдгээрийг Тээврийн удирдлагын нэгдсэн төвөөс /Tokyo Traffic Management Center/ хянана.
17 мянган ширхэг хэт улаан туяаны мэдрэгчүүд бодит цаг хугацааны горимд ажиллаж, тээврийн хэрэгслүүдийн дундаж хурдын талаарх мэдээллийг дээрх төв рүү дамжуулна. Эдгээр мэдээллийг жолооч нар автомашиндаа байрлуулсан GPS төхөөрөмжөөр хүлээн авснаар түгжрэлээс зайлсхийх боломжтой.
15 мянган ширхэг “ухаалаг” гэрлэн дохионууд хөдөлгөөний урсгалын нягтарлаас хамааран ажиллагааныхаа горимыг автоматаар өөрчилнө. Түүнчлэн ойртон ирж буй явган зорчигчийг мэдэрснээр түүнийг “ногоон гэрлээр” уулзвар нэвтрүүлнэ. Хэрвээ тухайн автомашин зөвшөөрсөн гэрэл дохио ассан үед уулзвараар нэвтэрч амжаагүй тохиолдолд “ухаалаг” гэрлэн дохио нь ногоо гэрэл асах хугацааг хэдэн секундээр удаашруулснаар уг машиныг түгжрэлд оруулахгүйгээр нэвтрүүлэх жишээтэй. Энэхүү ухаалаг системд цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын бүх албад холбогджээ.
Харин энэ бүхнийг зохицуулдаг нэгдсэн төвд нэг ээлжиндээ ердөө 4-5 хүн ажиллаж, 15 сая хүнтэй нүсэр том хотын замын хөдөлгөөнийг зохицуулдаг гэхэд итгэмээргүй. Тэд даруухнаар ярихдаа “түгжрэлээс зайлсхийхэд хамгийн гол нь автомашин жолоодох соёл, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат чухал” гэцгээх ажээ.
Японд жолооч нарт тавих шаардлага өндөр, машин унах нь зардал ихтэй тул хүмүүс нийтийн тээврээр зорчихыг илүүд үзнэ. Жишээ нь, жолооны курст сурахад маш их мөнгө төлөх ба курсээ төгссөн ч гэсэн танд автомашины зогсоол бий гэдгийг баталгаажуулсны дараа л машин худалдан авах эрхтэй болно. Машинаа хаа нэгтээ дур зоргоороо гудамжинд түгжиж орхичихоод яваад өгнө гэсэн ойлголт огт үгүй. Токиогийн төвд зогсоол нэлээд үнэтэй бөгөөд сарын төлбөр нь дунджаар 15 мянган иен буюу 345 мянган төгрөг байдаг ажээ.
Гэхдээ энэ бүх арга хэмжээний үр дүн гарч, хурдны зам дээрх хөдөлгөөний хурд 60 км/цагаас удаашрах, ердийн зам дээр 40 км/цагаас удааширсан тохиолдолд “түгжрэл үүслээ” гэж үздэг нь бусад мегаполис хотуудын оршин суугчдын гайхшруулж, атаархлыг төрүүлнэ. Жишээ нь, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын ба автомашины тоогоороо ойролцоо Токио, Москва гэсэн хоёр хотыг харьцуулахад, Японы нийслэлийн авто замын сүлжээний урт 28 мянган км байгаа нь Оросын нийслэлийнхээс даруй 7 дахин урт ажээ. Олон түвшний огтлолцол бүхий зам бол Токио хотыг өнгө төрхийг илэрхийлэгч байгууламж юм. Энэ замын хамгийн доод хэсэг нь тухайн дүүргийн дотор зорчих зам, түүний дараагийн түвшнийх нь дүүрэг хооронд зорчих зам бөгөөд тэдгээрийн дээгүүр хурдны зам тавьжээ. Зарим газарт 5 түвшний огтлолцол бүхий зам байдаг гэнэ.
Автомашиныг ялсан Лондон хот
Их Британийн нийслэл бол хотын төвөөр замбараагүй хөлхөлдөгч “хувийн машинтнуудыг” ялж чадсан цөөхөн хэдэн мегаполис хотуудын нэг юм. 2000-аад оны эхэн үе бол Лондон хотод олон км үргэлжилсэн түгжрэл үүсэж, автомашинаас ялгардаг хорт хийний улмаас агаарын бохирдол дээд цэгтээ тулж, метро нь ачааллаа дийлэхээ больсон үе байлаа. Гудамжнууд ба авто замуудыг өргөтгөх, шинээр зам тавих ямар ч боломжгүй байв.
Асуудлыг шийдэхийн тулд маш зоригтой шинэчлэл хийхээс аргагүй болжээ. 2000 онд хотын даргаар томилогдсон Кен Ливингстон энэ амаргүй үүргийг өөртөө авлаа. Мээрийн гаргасан эхний шийдвэрүүд нь хувийн автомашинаар хотын төв рүү нэвтрэхийг хязгаарлах, үүний зэрэгцээ нийтийн тээврийн сүлжээг эрчимтэй хөгжүүлэхийн тулд төлбөрийн нэгдсэн карт гаргаж, зорчих тасалбарын үнийг хямдруулах явдал байлаа.
Тус хот хүн амынхаа тоогоор Токио, Москва зэрэг хотуудтай ойролцоо. Гэхдээ Лондонгийн төв рүү машинтайгаа нэвтрэх боломж тун цөөхөн хүнд “заяажээ”. 1-рт, хотын төв рүү нэг удаа нэвтрэхэд 15 фунт стерлинг буюу 60 мянга орчим мянган төгрөг төлнө, 2-рт, үүнийг төллөө гэж бодоход машинаа зогсоолд тавих 1 цагийн төлбөр нь 2,4-4,4 фунт стерлинг /10-16 мянган төгрөг/. Ийм өндөр төлбөрийг өдөр бүр төлж чадах хүн төдийлөн олон биш. Ливингстоны авсан хатуу арга хэмжээ нь лондончуудын дургүйцлийг төрүүлж, тэрбээр суудлаасаа мултрах “улс төрийн эрсдэл” байсан ч гэлээ хотын шинэ дарга гаргасан шийдвэр дээр хатуу бат зогсож чадсанаар огцрох нь бүү хэл дахиад сонгогдсон байна.
Өнөөдөр Британийн нийслэлийн оршин суугч бүр өдөрт наад зах нь 20 минутын хугацаанд автомашины хорт хий амьсгалахгүйгээр хотын гудамжаар чөлөөтэй алхаж, дугуй унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг хангахад чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжиж байна.
Сингапур: Мөнгөгүй бол машин унах хэрэггүй
Тус улсад түгжрэлийн асуудлыг өвөрмөц аргаар шийдсэн нь иргэдийн худалдан авч буй автомашины тоонд квот буюу хязгаарлалт тогтоосон явдал байлаа. 6 сая хүн амтай хот улсын иргэдэд сард ердөө 13 мянган ширхэг автомашин худалдах хязгаарлалт тогтоож, дуудлага худалдаагаар худалдан авах эрхийг борлуулах болсноор автомашины зөвшөөрлийн үнэ 8-10 мянган америк долларт хүрч байв. Үүн дээр автомашины бичиг баримтыг бүрдүүлэх, бүртгүүлэх, импортын татвар төлөх гэх мэт олон зардал чирэгдэл гарна. Энэ нь жирийн сингапурчуудын хувьд дааж давшгүй ачаалал болох бөгөөд тэд европчууд ба америкчуудтай харьцуулахад автомашин худалдан авахад даруй 4 дахин илүү үнэ төлөхөд хүрнэ.
Анхны үнэ нь 20 мянган доллар байдаг, ердийн загварын тийм ч шинэ биш машины үнэ 70 мянган долларт хүрчээ. Тансаг загваруудын тухайд ярилтгүй, үнэ нь тэнгэрт хадна. Тухайн автомашиныг эзэмших зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгох ба тээврийн хэрэгслийг өөр хүний нэр дээр дахин бүртгүүлэхийг хориглов. Ингэснээр тус улсад автомашин гэдэг нь угтаа эд баялаг, тансаг хэрэглээ болжээ. Өөрөөр хэлбэл, хувийнхаа машинаар зорчмоор байвал маш их мөнгө ол, эсвэл өөр газарт очиж амьдар гэсэн дүрэм үйлчилнэ.
Бусад хотод
...Францын том хотуудад автомашины замын зурвасыг нийтийн тээвэрт зориулан чөлөөлсөөр байгаа бөгөөд уг зурвасаар зорчсон жолоочийг 35 еврогоор торгох, зарим тохиолдолд жолооны эрхийг нь хасах шийтгэл ногдуулна. Үүний зэрэгцээ метроны сүлжээ маш сайн хөгжсөн бөгөөд метроны өртөө хоорондын зай 500 м байдаг тул метрог сонгох хүмүүсийн тоо улам олшров.
...Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод автобусны чиглэлүүдийг метроны шугамтай холбосноор автобуснаас метронд, метроноос автобусанд суухад ердөө 2 минутын хугацаа шаардлагатай.
...Германы Лейпциг хотын захиргаа түгжрэл ба агаарын бохирдлын асуудлыг нэг дор шийджээ. 2012 оноос эхлэн автомашинтай иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн паспортыг үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй болсноор хувийн машинтай хүмүүсийн ихэнх нь трамвай ба цахилгаан галт тэргийг сонгох болсон байна. Лейпциг хот харьцангуй жижиг учраас ийм арга маш сайн нутагшсан байна. Харин Лейпцигээс хэд дахин том хотуудын оршин суугчдын хувьд хол газрыг трамвайгаар туулах нь хүндрэлтэй.
...Түгжрэлийн улмаас жилдээ 10 орчим тэрбум долларын эдийн засгийн хохирол амсдаг байсан АНУ-ын Лос-Анжелес хотод 1970-аад оны үед автомашинаа хуваалцан ашиглах Carpool гэдэг үйлчилгээ ихэд дэлгэрчээ. Автомашинд нь сууж хамтдаа хотын төв рүү явах хүмүүсийг хайж олохын тулд сонинд зар тавих болсноор ийм хөдөлгөөн анх бий болжээ. Ингэснээр хүмүүс замын хураамж, шатахуунд зарцуулдаг мөнгөө хэмнэх боломжтой. Энэ нь такси дуудах ба замын машин хайх гэсэн хоёр сонголтын дундах хувилбар юм. Ялангуяа өргөн уудам нутаг дэвсгэртэй АНУ, Австрали зэрэг улсад ийм арга өргөн дэлгэрчээ. Интернэт сүлжээ бий болсноор Carpool-ийн хоёрдахь сэргэлт эхэлсэн гэж болно. Та гар утсандаа аппликейшн суулгаад өөрийн байнга явдаг чиглэлийг оруулснаар таныг зам дагуу хүргээд өгөх автомашиныг тусгай программаар хайж олно. АНУ-д 3 ба түүнээс дээш тооны хүн суулгасан машинуудад зориулж тусгай зам гаргаж өгсөн ба Carpool үйлчилгээг улам дэлгэрүүлснээр замын түгжрэл 2 дахин буурна гэсэн тооцоог Америкийн эрдэмтэд хийжээ.
Өөр нэгэн жишээ. Герман ба АНУ-д “ногоон давалгаа” гэдэг системийг хэрэглэдэг бөгөөд энэ нь бүх автомашинууд нэгэн жигд хурдаар хөдөлснөөр гэрлэн дохион дээр ирэх үед ногоон гэрэл асаж байхаар тооцоолсныг хэлж байгаа юм. Энэ мэтээр зарим мегаполис хотууд түгжрэлийг ялж чадсан бол зарим нь энэ тал дээр шинэлэг санаа сэдсэн боловч бүтэлгүйтсэн тохиолдлууд бий. Индонезийн нийслэл Жакарта хотын эрх баригчид түгжрэлийг бууруулахын тулд зөвхөн 3-аас дээш тооны зорчигч тээсэн автомашиныг хотын төв рүү нэвтрүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр автомашинтай хүмүүс хоорондоо тохиролцоод, нэг нэгнийхээ машинаар ээлжлэн зорчдог болж, авто замын ачаалал буурна гэж тооцоолсон байна. Гэвч бодит байдал дээр жолооч нар ингэж нэгдсэнгүй, голдуу хүүхэдтэй эмэгтэйчүүдэд /жокей гэж нэрлэнэ/ багахан мөнгө өгч машиндаа суулгаад хотын төв рүү нэвтрэх "муу аргыг" сэдэж олжээ. Иймээс хотын захиргаа 1992 онд гаргасан шийдвэрээ 2016 онд цуцлахаас аргагүйд хүрэв.
Мөн зам дээр байнга гардаг ослын улмаас түгжрэл үүсэж, цагдаа нар ослын газарт хүрч очиход бэрхшээлтэй болов. Иймээс тэднийг тэшүүртэй дугуй буюу роликоор явуулж байх шийдвэрийг хотын захиргаа гаргажээ. Гэвч 12 сая хүн амтай нүсэр том хотод ийм тээврийн хэрэгсэл зохимжгүй байсан учир уг шийдвэрийг цуцалжээ.
Грекийн Афин хотын эрх баригчид автомашиныг тэгш, сондгой дугаараар нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж, зам дээрх автомашины тоо 2 дахин цөөрнө гэж тооцоолжээ. Гэвч энэ шийдвэр үр дүнгээ өгсөнгүй, афинчууд хязгаарлалтаас бултахын тулд машин худалдан авах нь улам ихэссэн бөгөөд ингэхдээ голдуу хуучин машин унах болсноор түгжрэл дээр нэмэгдээд агаарын бохирдол гэдэг асуудал бий болов.
Ирээдүйн түгжрэлгүй хот
Саудын Араб улсад 500 тэрбум долларын өртгөөр 170 км урт зурвас талбайд сунаж тогтсон хотыг байгуулаад эхэлжээ. Энэ хотод авто зам ба автомашин гэсэн ойлголт байхгүй бөгөөд оршин суугчид нь зөвхөн хурдны метрогоор зорчино. Хотын нэг захаас нөгөөд хүрэхэд ердөө 20 минут зарцуулах ба бүх төхөөрөмж хэрэгслүүд сэргээгдэх эрчим хүчээр ажиллана.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [202.21.126.30] 2022-10-31 09:13:10
УБ хот түгжрэлээс салахын тулд метро, олон түвшний огтлолцол, гүүрэн зам бүгдийг барих хэрэгтэй юм бна. Гэтэл мөнгө? Юуны түрүүнд метро л барих хэрэгтэй
Зочин [202.9.46.178] 2022-10-30 14:34:29
hotiin tob orohod mongo toldog bolgoh heregtei
Bat [66.181.182.79] 2022-10-30 09:18:02
Hehe..dandaa bayan hotuudaar jishig avaad..
Зочин [64.119.23.94] 2022-10-30 05:06:13
манайд дугаарынх хязгаарлалт хийсэн нь зардлыг улам нэмж нэг айл 2-оос доошгүй машинтай болж хуучин машины тоо улам нэмэгдэж агаарын бохирдол, түгжрэлийг 2 дахин нэмэгдүлсэн тэнэг бүтэлгүй шийдвэр болж хувирсандаа төрийн мулгуу удирдлага малуудаа