Б.Галбадрах: Багш, ажилчид декритээ авах, эмнэлэгт үзүүлэх, визэнд орох, банкнаас зээл авах боломжгүй болчихлоо

Aдмин / Боловсрол

Боловсролын салбар нийгмийн даатгалд 79 тэрбум төгрөгийн өртэйн улмаас багш нар декритний мөнгө, урамшууллаа авч чадахгүйд хүрсэн асуудал үүсээд буй юм. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрахаас тодрууллаа.


-Боловсролын салбарын ажилчдад үүсээд буй асуудлыг үйлдвэрчний эвлэл хэрхэн анзаарч байна вэ. Ямар учраас багш ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй асуудал үүссэн бэ?

-Боловсролын салбарын багш, ажилчид 2025 онд тэмцэл хөдөлгөөн хийсэн. Ийнхүү үндсэн цалинг 50 хувь нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн үр дүнд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс ЕБС-ийн багш нарын цалинг 2.226.000 төгрөг, СӨБ-ын багш нарын цалинг 2.300.000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор төсвийн нөлөөлөл нь 969.8 тэрбум төгрөг байж бидний цалин хөлсийг нэмж хүрэхээр байгаа юм. Гэтэл УИХ-аас 2026 оны боловсролын салбарын төсөвт 618 тэрбум төгрөг батлагдсан. Өөрөөр хэлбэл, 340 тэрбум орчим төгрөгийн дутагдал үүсэж байгаа гэсэн үг. Үүнийг 12 сард хуваавал сард 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал үүсээд байгаа юм. Ингээд сүүлийн гурван сарын нийгмийн даатгал, бусад татварын өрүүд нийлээд 70 гаруй тэрбум төгрөгийн өр боловсролын салбарт үүсэж байна. Үүнээс болоод багш, ажилчид декритээ авах, эмнэлэгт үзүүлэх, визэнд орох, банкнаас зээл авах эрхүүд нь зөрчигдөж байна. Мөн бусад татварын өр сургууль бүр дээр үүссэн байгаа. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс өчигдөр (уржигдар) Боловсролын яам болон бусад газруудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр хамгийн их ярьсан асуудал нь багш ажилчдын нийгмийн даатгалын асуудал байсан. Үүнийг шийдэхийн тулд хамгийн түрүүнд нэг хүүхдэд оногдох хувьсах зардлаас санхүүждэг боловсролын салбарын санхүүжилтийг энэ сард багтааж шинэчлэх ажлыг хийх ёстой. Хоёрдугаарт, багшаас бусад ажилчдын нормативыг баталгаажуулж байж өнөөдөр сургууль дээр бодит төсөв нь очно гэсэн үг. Эдгээрээ шинэчлээгүй хуучин цалингаасаа нэмэгдэл хөлсөө явуулаад байгаа учраас өр төлбөрүүд үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд ажилласан хүний цалин хөлсийг олгохын тулд зөвхөн үндсэн цалинг нь олгоод татвар, НДШ дээр өр үүсгээд явж байгаа гэсэн үг.

-Багш нараас гадна сургуульд ажиллаж байгаа бүх ажилчдад энэ асуудал хамааралтай болж таарч байна?

-Тийм. Харуул, үйлчлэгчээс эхлээд сургуулийн сургалтын менежер, захирал хүртэл хамаарна гэсэн үг. Жишээ нь, багш нарын хувьд хөнгөлөлттэй эм авахад нийгмийн даатгал төлөгдөөгүйгээс болоод авч чадахгүй асуудлууд үүсэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй багш, ажилтнуудын хувьд энэ асуудал улам бүр хүндээр тусаж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Уг асуудлыг энэ сард багтаан шийдэж чадахгүй бол дөрөвдүгээр сараас бүр хүндэрнэ. Орон нутгийн багш нарт мөн адилхан энэ асуудал үүсэж байгаа. Багш нарын хувьд үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулж гомдол саналаа ирүүлж байна. Зарим сургууль үйлдвэрчний эвлэлийнхээ татварыг ажилтнаасаа суутгаад, суутгасан мөнгөө цалин хөлсөнд нь оруулж байна. Ийм тохиолдлууд хүртэл бий.

-Яаманд шаардлага хүргүүлсэн үү?

-Энэ бүр дээр өргөдөл гомдол ирээд, ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу бид Боловсролын яаманд шаардлага хүргүүлсэн. Гэвч Боловсролын яам өөрсдийнхөө түвшинд шийдэх боломжгүй гэдэг байр суурьтай байгаа. Улмаар бид бүхэн Боловсролын яамтай хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгээд, зуучлагч томилсон. Гэвч хоёр талаас эвлэрэхгүй гэдэг дүгнэлтийг хийгээд дуусаж байна. Дараагийн шатанд асуудлыг арбитрт шилжүүлэх эсэх, мөн эдийн засгийн бусад асуудлуудыг хамруулах эсэхийг хэлэлцэнэ. Мөн бид хүний эрхтэй холбоотой Үндсэн хуулийн суурь зарчмууд зөрчигдөж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.