ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ИНСТИТУЦ ШААРДЛАГАТАЙ БАЙГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Манай улсын нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Гэхдээ статистик дүнгээр сүүлийн 20 жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурсан дүнтэй гарчээ. Тиймээс уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлосон үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого шаардлагатай байгааг МҮХАҮТ-д болсон “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганаар хөндсөн юм.
Экспортыг дэмжихийн тулд юун түрүүнд нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, үүнтэй оролцогчид санал нэгдэж байв. Түүнчлэн, экспортын санхүүжилтийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг бизнес эрхлэгч нар илэрхийллээ. Энэ талаар МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, “Экспортыг дэмжих институцийг бий болгох, санхүүжилтийг тогтолцоог хөгжүүлэх талаар зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа”-г тодотголоо. Чуулганаар:
- Монгол Улсын экспортын бүтцийг өөрчлөх,
- уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх,
- экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх,
- экспортлогч үндэстэн болох зорилгыг хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Чуулганд экспорт хийх үйл явцад оролцож буй төрийн байгууллагууд, арилжааны банк, даатгалын байгууллагууд, экспортлогч ААН-ийн төлөөлөл оролцлоо.
Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд төрийн нэгдсэн бодлого, санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай байна.
Үргэлжлүүлэн ирэх даваа гарагт МҮХАҮТ-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлт болон Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Чуулганы үеэр уул уурхайн бус экспорт хийхэд шаардлагатай санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр МҮХАҮТ "Ти Ди Би Секьюритис ҮЦХ" ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллагуудад санхүү, хөрөнгийн зах зээлийн цаг үеийн мэдээ мэдээлэл болон судалгаа, тайланг хуваалцах замаар санхүүгийн боловсролыг дэмжих аж.
- Тодруулбал, уул уурхайн бус экспорт хийхэд шаардлагатай санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх
- Зах зээл, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [59.153.86.195] 2022-10-31 01:03:20
Амартүвшин шал худлаа шүү