Г.Гонгоржав: Чулуун дотор гайхамшиг нуугдаж байдаг
Чулуу цуглуулагч Г.Гонгоржавыг урьж, ярилцлаа. Тэрбээр өөрийн сонирхлоороо 60 гаруй жил чулуу цуглуулж байгаа юм.
-Та чулуу цуглуулахын ач холбогдлыг тодорхойлохгүй юу?
-Уран зураг, баримал, бичиг үсгийг хүн төрөлхтөнд хамгийн анх заасан багш нь байгаль. Тэр дундаа чулуу юм. Би чулууг уран сайхны талаас нь хардаг. Чулуугаар хөгжим ч тоглож болно. Тухайлбал, уран зураач хүн нүдний хараа сайтай, гарын уртай, авьяастай байх хэрэгтэй. Зураачид намайг “та чулууг хаанаас нь ингэж өөрөөр хараад байна” гэж гайхдаг юм.
-Мэргэжлээсээ улбаалж чулуу цуглуулж эхэлсэн гэсэн үү?
-Би геологич мэргэжилтэй. Тиймээс миний сонирхол эзэмшсэн мэргэжилтэй минь салшгүй холбоотой. Хүн хоббитой байх хэрэгтэй. Учир нь өтөлсөн хойно хань болдог. Би жилд нэг удаа буюу арванхоёрдугаар сард төрсөн өдрөөрөө үзэсгэлэн гаргадаг. Чулуун дотроос гоо сайхныг гаргах нь чухал. Чулуу зурдаг, бичдэг. Тоологдохгүй олон төрөлтэй. Цуглуулгад маань ховор төрлийн чулуу олон бий.
-Та өөрийн цуглуулгаа хэрхэн нэмдэг вэ?
-Ихэвчлэн зуны улиралд говь нутгийг зорьж цуглуулгаа нэмдэг. Говь нь хангайгаас илүү чулууны олдоцтой байдаг. Гэхдээ зарим үед ганц чулуутай ч ирэх үе бий.
-Эхлээд судалгаа хийж тооцоолж явдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Байгалийн тогтоц гадарга болон хаана ямар чулуу байгааг судалж явдаг. Мэддэг байж л эрэл хайгуулд явна. Геологийн мэдлэггүйгээр чулуу олж, цуглуулгадаа нэмэх боломжгүй.
-Аймаг бүрт ховор чулуу байдаг уу?
-Нутаг нутгийн тогтоц харилцан адилгүй. Жишээлбэл, Архангайд гэхэд анар, алмаз саран чулуу байдаг.
-Чулуу нь хадгалалт болон өөр бусад зүйлээс шалтгаалаад өнгө үзэмж нь өөрчлөгдөх тохиолдол байдаг уу?
-Нар салхи, бороо хураас шалтгаалаад зарим үед чулууны өнгө өөрчлөгддөг. Харин гүн рүүгээ өөрчлөгддөггүй.
-Таны бодлоор чулуу судлах ухаанд хязгаар бий юу?
-Аливаа эрдэм ухаан цуглуулгад хязгаар гэж байхгүй. Шинжлэх ухааныг бүрэн судалсан зүйл гэж байдаггүйтай адил. Харин чулууг үеэрээ гүнзгийрүүлэн судалж болно.
-Таны хоббитой холбоотой сонирхлыг тань татсан түүх бий юу?
-Чингис хаан 28 настай байхдаа Дэлүүн болдогоос цагаан чулуу олоод хагалахад дотроос нь хас тамга гарч ирсэн түүхтэй. Энэ мэт содон түүхтэй чулуу олон байдаг.
-Чулуу сонирхдог, цуглуулдаг залууст хандаж зөвлөгөө өгөхгүй юу?
-Эх орныхоо чулуу, шороог хүндэтгэж байхыг захимаар байна. Бид байгалийн баялгийг хайрлах учиртай. Чулуун дотор гайхамшиг нуугдаж байдаг юм шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.100] 2022-11-17 06:38:09
Гайхалтай чулууны цуглуулга. Эрүүл энх, урт наслахыг ерөөе
Ч.Цэндсүрэн [103.26.194.38] 2022-11-16 12:23:03
Ахдаа эрүүл энх урт наслахыг хүсэн ёрөөж улам их амжилт хүсьё.
Зочин [202.126.88.207] 2022-11-14 16:09:10
Та үзэсшэлэнгээ хэдийд гаргах юм бэ.
a [35.148.7.145] 2022-11-14 15:05:31
mundag hun shuu, hichneen ch jil ene sudalgaa ajilaa hiivdee, zunduu olon nom bichsen, hed heden nomiig n unshaad avsan.
De [192.82.81.51] 2022-11-14 08:05:29
Токио төөрөөд сандарсаан энэ өвгөн
Зочин [103.161.242.122] 2022-11-16 10:39:35
настай хүн битгий хэл залуу хүн, хүний газар төөрчихвөл сандарна аа
Зараа [202.55.188.126] 2022-11-14 02:14:43
мундаг настан