Үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Aдмин / Нүүр

Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахыг НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ. Энэ нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалсан, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулга хийв.

Нийслэлд амьдарч буй айл өрхийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд бий. Эдгээр өрхийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтээ илэрхийлжээ. Орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг бэрхшээл байгаа тул НОСК 2022-2023 онд 15 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, Монголбанканд худалдахаар төлөвлөжээ. Хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангахаа М.Говьсайхан хэллээ. Хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй, зах зээлд бэлэн орон сууцаас худалдан авч, иргэдийг оруулах юм.

Төлөөлөгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, төсөл зорилтот иргэддээ хүрэх, алсын дүүргийн иргэдийг хамруулах, бодит үр дүн хэзээ гарахыг тодрууллаа. Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат энэ тогтоол эрх зүйн чадамжгүй болчихвий гэдгийг сануулав. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд УИХ-ын зөвшөөрөлгүйгээр охин компани байгуулж болохгүй заалт бий. Тиймээс хэрэгжүүлэх гэж буй төсөл, хөтөлбөрөө Засаг даргаар батлуулсны дараа НИТХ-д оруулж ирэх хэрэгтэй. Мөн Монголбанк төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхгүй байгаа тул тус банкнаас албан ёсны зөвшөөрөл авсан эсэхийг тодрууллаа.

Үүнд нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга хариулахдаа “2020 онд баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар Засгийн газрын өмнөх шийдвэрүүд хүчингүй гэсэн үг биш” хэмээн тайлбарлав. Харин төлөөлөгч М.Халиунбат НОСК-ийн дэргэд охин компани байгуулах албан ёсны шийдвэр гараагүй тул, дахин нягтлахыг санууллаа. Харин Монголбанк энэ ондоо багтаж хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариу өгчээ. Хөтөлбөрт зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулах аж. Төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Товчхон:

Нийслэлийн 2020 оны “Орон сууцны хөтөлбөр”-ийн хөрөнгөөр СХД-ийн 6 дугаар хорооны нутагт барьж ашиглалтад оруулсан 22 айлын орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэхийг хэлэлцэн, дэмжлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга барихтай холбогдуулан БЗД-ийн ЗДТГ-т бүртгэлтэй 14 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн хуучин барилга, газрын зөрчил арилгах, газар чөлөөлж буулгасан Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй гараашийг акталж, өмчийн бүртгэлээс хасахыг хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Дээрх 2 барилга нь 19,872,37 төгрөгийн үнэлгээтэй аж.

ЧД-ийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 10 дугаар хорооны нутагт байрлах Контор улаан булангийн барилгыг Чингэлтэйн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих төв ОНӨТҮГ-ын балансад шилжүүлэхийг хэлэлцэн дэмжлээ. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн халамжийн газрын шаардах эрхийг нийслэлийн ЖДҮҮДТ, ОНӨТҮГ-т шилжүүлэхийг дэмжлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, АХБ-ны санхүүжилтээр шинээр эмнэлгийн барилга барих болсонтой холбогдуулан БЗД-т буй 2 барилга байгууламжийг акталж, өмчийн бүртгэлээс хасахыг хэлэлцэн дэмжлээ. НМХГ-ын дүгнэлтээр энэ 2 барилга нь ашиглалтын шаардлага хангахгүйг тогтоожээ. Тухайлбал, БЗД-ийн 17 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгад ашиглалтын шаардлага хангахгүй тухай улсын байцаагчийн дүгнэлт 2019 онд гарсан бол, 20 дугаар хороо Гачуурт тосгоны Эрүүл мэндийн өсвийн барилга байгууламжид 2012 онд акт тавьсан аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.