Филиппин вакцины бүрэн тунтай гадаадын иргэдээс коронавирусний шинжилгээ шаардахгүй
Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Бүгд Найрамдах Филиппин Улс гадаадын иргэдэд тавих шаардлагаа өөрчилжээ. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын иргэд тус улс руу зорчихдоо коронавируст халдварын ПГУ болон түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүй бөгөөд англи хэл дээрх вакцины гэрчилгээг хэвлэн биедээ авч явах аж.
Харин коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй 15 наснаас дээш насны гадаадын иргэд Филлипин Улс руу зорчихоос 24 цагийн дотор өгсөн коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай. Түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх цэгт дахин түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд дахин эерэг гарсан тохиолдолд тусгаарлалтад хамрагдана.
Түүнчлэн тус улс руу зорчиж буй гадаадын иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлагатай бөгөөд нийт зорчигчид Филиппин Улсад ирэхээс 72 цагийн өмнө дараах холбоосоор нэвтэрч “еArrival Card” маягтыг бөглөж, хэвлэн биедээ авч явах шаардлагатай гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл