Судалгаа: Ахмадуудын 20 орчим хувь сэтгэл гутралтай

Aдмин / Нүүр

Сэтгэл гутрал буюу бүх зүйл утга учиргүй мэт санагдах, эргэн тойрны зүйлд үргэлж сөрөг өнцгөөс хандах, өөртөө итгэх итгэл буурах улмаар амьдрах хүсэлгүй болох гэсэн эмгэг нь дан ганц залуучуудад тохиолддог асуудал биш. Олон хүнтэй хамт ажиллаж байгаад тэтгэвэрт гарах, хань ижлээ алдах, үр хүүхдээсээ хол ганцаараа амьдардаг ахмадуудын хувьд сэтгэл зүйн асуудалтай үргэлж нүүр тулдаг. Ахмадуудад чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар хомс, ажил хийх бүрэн чадамж байхад ажилд авах газар олддоггүй зэрэг нь тэдэнд тулгардаг нэн тэргүүний асуудал юм.

Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх Ахмад настны өдөр өнжүүлэх төв барих, ажил хийх боломжоор хангах гэсэн санаачлагыг бид дэвшүүлсэн. Гэвч өдгөө хүртэл Улаанбаатар хотод төрийн санхүүжилттэй нэг ч ахмадын өдөр өнжүүлэх төв ашиглалтад орсонгүй. Ахмадын төрөлжсөн эмнэлгийн барилгын ажил гацсан байдалтай байгаа юм.

Энэ оны байдлаар манай улсад 60-аас дээш насны 260 гаруй мянган ахмад настан бүртгэлтэй байна.Тэдний өвчлөлийн тархац, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаагаар 13 хувь нь өдөр тутмын уйл ажиллагааны алдагдалтай, 30 хувь нь өдөр тутмын бүтээлч үйл ажиллагааны алдагдалтай, 16 хувь нь сэтгэл гутралтай, хоёр хувь нь танин мэдэхүйн чадварын алдагдалтай гэсэн дүн гарчээ. Мөн настнуудын 16 хувь нь доройтолтой байгаа бөгөөд 2045 онд энэ түвшин 56 хувь болж нэмэгдэх тооцоолол гарсан байна.

Ахмад настны эмчээр мэргэшсэн 40 гаруй эмч байдаг

Манай улсад ахмадын төрөлжсөн эмч нарын хүртээмж хангалтгүй байгаа нь дараагийн нэг чухал асуудал юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт ахмад настны эмчээр мэргэшсэн 40 гаруй эмч, мэргэжилтэн байна. Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн дэд захирал Т.Дулмаа “Залуу хүмүүс ахмадын эмчээр мэргэшдэггүй нь настантай харилцахад бэрхшээлтэй байдагтай холбоотой гэж үзэж байгаа.Учир нь ахмад настан бие махбод, сэтгэц, нийгмийн хэрэгцээ ихтэй. Тиймээс хараа, сонсгол, танин мэдэхүйн чадвар, сэтгэл гутралд орох эрсдэл гээд олон зүйлийг нь гаргаж ирэхэд их хугацаа болон олон талын мэдлэг шаарддаг.

Өвчлөлийн байдлаас шалтгаалж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хаягдаж, ахмадын нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй нь манай улсын хувьд тулгамдаж буй асуудал.Тиймээс бид үндэсний хэмжээнд энэ чиглэлийн эмч мэргэжилтний хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах ёстой. Цаашид энэ салбарыг чадварлаг хүний нөөцтэй, бусад салбарын хэмжээнд болон олон улсын түвшинд хүргэх зорилтыг тавьж ажиллаж байна” гэсэн юм. Ахмад настны үзүүлэх тусламж үйлчилгээгээр дөрвөн чиглэлийн эмч нар мэргэшиж болдог байсан. Тэгвэл 10 чиглэлийн эмч, мэргэжилтэн ахмад настны эмчээр мэргэших боломжтой болсон гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.