ДОРЖИЙН ГАРМАА: “МОРЬТОЙ Ч БОЛООСОЙ”-Г БИЧИХДЭЭ ХОРЬ Ч ХҮРЭЭГҮЙ БАЙЛАА

Aдмин / Нүүр

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Доржийн Гармаатай ярилцлаа


-Төрсөн нутаг ус, ээж, аавынхаа талаар дурсаач?

-Би Төв аймгийн Эрдэнэ сумын Шохойцагаан булаг гэдэг газар 1937 оны есдүгээр сарын 27-нд төрсөн хүн. Малчнаас ажилчин болсон айлын ганц хүү байгаа юм. Нэг эгч, нэг дүүтэй. Аав, ээж маань шохойн үйлдвэрт олон жил ажилласан улс. Тэгэхээр ажилчны хүүхэд гэмээр юм уу.

-Аавыг тань бурхны ном үзсэн мундаг хүн байсан гэж дуулсан. Тэгэхээр ажилчны хүүхэд гэж хэлж болохгүй байх аа?

-Тиймээ, аав минь бага наснаасаа хүрээ хийдэд шавилсан, гэвш цолтой нэлээд эрдэмтэй лам хүн байсан юм. Тогтохын Дорж гэж хүн байлаа. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. Гучин хэдэн оны үед лам нарыг хар болгож, ойр хавийн үйлдвэрүүдэд ажилчин болгосон юм билээ. Ийм түүхтэйгээр шохойн үйлдвэрийн ажилчин болсон хэрэг. Тэнд ажиллаж байхдаа ээжтэй танилцсан байдаг.

-Тийм эрдэмтэй, гэвш цолтой хүн номоо ор тас хаяагүй байх. Нууцаар ч гэсэн үздэг байсан болов уу?

-Өөрийнх нь зиндааны улс их ирнэ ээ.Тэр үед биднийг гэрт байлгахгүй, гаргачихна. Тэгээд л ном судраа ярьдаг байсан. Лам нар нууцаар уулзаж ярихыг зөвшөөрдөггүй хатуу үе байсан даа. Долдугаар ангид байхдаа би ааваас “Та надад төвд үсэг бичиг зааж өгөөч. Би таны үздэг номын учрыг олмоор байна” гэсэн чинь “Чиний ном тусдаа, миний ном тусдаа. Өөрийнхөө номд л хичээ. Тэгээд ч би намын гишүүн хүн. Чамд бурхны ном заавал толгой дээгүүрээ дээлээ нөмөрнө” гэснээс өөр үг хэлээгүй. Ингээд л хичээлдээ шамдаж долдугаар ангиа онц төгсөөд Санхүү эдийн засгийн техникумд сурч төсвийн нягтлан бодох гэдэг мэргэжил эзэмшиж өөрийнхөө мөрөөр явсан хүн.

-Ээж тань шохойн үйлдвэрт ажиллаж байсан гэхээр Төв аймгийн хүн байх нь ээ?

-Үгүй ээ, Хэнтийн Цэнхэр­мандалын хүн байгаа юм. Сумаасаа шохойн үйлдвэрт ирж ажиллаж байгаад аавтай танилцсан гэдэг. Цэцэн цэлмэг гэж жигтэйхэн сайхан хүн байлаа. Хэлж байгаа үг бүр нь шахуу зүйр цэцэн үг.

-Тэгэхээр таны авьяас ээжээс угтай байх нь?

-Үнэн үнэн. Үеийнхээ улстай хөөрөлдсөн ч, үр хүүхдүүдтэйгээ ярьсан ч дандаа толгой холбож ярьдаг бэлэн цэцэн үгтэй хүн байсан юм. Ээж шигээ бэлэн цэцэн үгтэй болохсон гэж багаасаа мөрөөднө гэж жигтэйхэн. Тэр мөрөөдөл минь уран бүтээлийн замд ороход нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Таны “Хөгжөөнтэй тууж”-уудыг уншаагүй хүүхэд гэж байхгүй байх. Цэдэн гэж зүггүй нөхрийн дүрийн жинхэнэ эзэн нь таныг гэж сонссон юм байна. Багадаа нэлээд зүггүй байжээ дээ?

-Зүггүй гэх нь хаашаа юм. Саваагүй талдаа байсан юм уу даа. Янз янзын юм бодож сэддэг, тэр үйлдлүүдээрээ хүмүүсийг гайхашралд оруулдаг хүү байлаа. Долдугаар ангид сурч байсан үе. Эрдэнэ сумын хойд энгэр дээр нөмрөг хадархуу маягтай ханан хад байсан юм. Тэр хадны энгэр дээр очиж лаа барьж ном уншиж байгаад дотуур байрныхаа багшид баригдаж байлаа. Бүр дүн өвлөөр.

-Яаж байгаа нь тэр вэ?

-Аавын үгнээс болсон хэрэг. “Сайн эрдэмтэй хүн агуйд даяанчилж том лам болдог” гэсэн үгийг нь л тэгж ухаж л дээ. Тэрийг нь дуурайж байгаа ухаантай юм даг уу даа. Даяанчилж эрдэмтэй хүн болох гэж зүтгэсэн нь тэр. Миний бага насны тухай П.Бадарч “Эрээвэр хураавар” гэдэг номондоо бичсэн байна лээ. Саяын хэлсэн үйл явдлыг “Гармаа чөтгөр болсон нь” гэдэг гарчигтайгаар биччихсэн харагдсан. Тэр хэсгийг нь би чамд харуулъя. (Өөрийн нь тухай бичсэн хэсгийг харуулав).

-“Гармаа архидсан нь” гэнэ үү. Бас тантай холбоотой түүх үү?

-Бас л суманд сурагч байх үеийн хөгтэй түүхийг биччихсэн байна лээ. Цэнхэрмандал суманд байгуулсан вольфрамын үйлдвэрт оросууд ирж буцна. Замаараа манай сумаар дайрдаг юм. Хааяа манайд ирээд явна. Нэг удаа өнөө оросууд чинь намайг байрнаас ирж аваад чихэр жимс боллоо. Зайдуу очоод архидаж байхдаа тоглоом шоглоомоор надад архинаасаа өгдөг юм. Би ч саваагүйтээд өнөөхөөс нь ууж орхилоо. Согтчихсон дотуур байрандаа хүргэгдэж ирж байсан юм. Ийм л саваагүй гэмээр хүүхэд байж дээ. Өө тэгээд иймэрхүү явдлын тухай ярья гэвэл өчнөөн түүх бий.

-Таны зохиолуудын хөдөөгийн ахуй зураглал хачин бодитой санагддаг. Үйлдвэрийн ажилчны гэрт өссөн гэхэд яг л мал дагаж өссөн болов уу гэмээр мэдрэмж төрөөд байдаг...?

-Бага нас маань шохойны үйлдвэрийн төв дээр өнгөрсөн л дөө. Аав үйлдвэрт ажиллаж байгаад шохойн үйлдвэрт тээвэр хийж, бааюу шатаах мод зөөдөг баахан тэмээг хариулахаар болсон юм. Нацагдоржийн нутаг Гүн галуутайд. Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт есөн жил тэмээ хариулсан юм. Тэр үед би хөдөөгийн хүүхдүүдтэй найзалж, хөдөөгийн амьдралыг таньж мэдэж, морь унаж чаддаггүй төвийн хүүхэд моринд гарамгай болж байлаа. Тэмээний хоёр бөхний хооронд босоо зогсчихоод тэшүүлж явдаг хүүхэд байсан даа. Тэр жилүүд хөдөөгийн амьдралыг таньж мэдрэхэд их тус болсон. “Морьтой ч болоосой” киног бичсэний үүтгэл үндэс суурийг би тэр он жилүүдэд олсон гэж боддог.

-“Морьтой ч болоосой” киноны зохиолыг бичихдээ та хорь ч хүрээгүй байсан гэсэн. Энэ зохиолыг бичих болсон түүхийг сонирхмоор байна?

-Их сонин түүх бий. Би тавиад оны дундуур гэнэт шарлав аа. Ээж нэг өдөр нүд рүү харснаа “Хөөх хүү минь шарлачихаж. Алив дүүгээ хот руу аваачиж эмнэлэгт хэвтүүл” гэж эгчид хэлээд биднийг хот явууллаа. Нэгдүгээр эмнэлэгт хэвтдэг юм. Хорин нэгэн бүхэлтэй. Бие хөнгөн гайгүй гэсэн үг. Манай өрөөнд дөрвөн хүн хэвтэж байсны нэг нь нэрт зохиолч Лхагвасүрэнгийн аав Бавуу гуай. Бие хөнгөн, уйддаг байсан учраас санаанд орсноо цаасан дээр буулгана. Тэр үед “Манай нутгийн хүү” нэртэй киноны ноорог бичдэг юм.

-Шуудхан л кино зохиол бичээд эхэлсэн хэрэг үү?

-Бас ч тийм биш ээ. Ч.Ойдов гуайн “Их жанжин Сүхбаатар танаа” гэдэг кино гараагүй байсан үе. “Туяа” сэтгүүлд кино зохиол нь хэвлэгдсэн байсан юм. Тэр зохиолыг уншчихсан чинь кино бичиж болмоор санагдаад болдоггүй. Тэр хүсэлдээ автаад бичиж эхэлсэн хэрэг. Хөдөө гадаа байсан янз бүрийн амьдралаа санаж байгаад бичлээ дээ. Өдөрт бичсэн хэдэн хуудас зохиолоо өрөөнийхөө хэдэд уншиж өгнө. Инээдмийн тал руугаа учраас нөгөөдүүл маань инээж байгаад сонсоно. Өглөө бүр л уншаарай гэнэ. Ялангуяа булангийн орон дээр хэвтэх Бавуу гэж хөгшин их сонирхоно. “Энэ чинь их зүгээр юм байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй ийм зохиол ерөөсөө байхгүй” гээд магтаж гарна. Намайг эмнэлгээс гарах үед “За хүү минь чи энэ зохиолоо Соёлын яам гэдэг газар заавал үзүүлээрэй. Одоо л яг хэрэгтэй зохиол шүү” гэж захидаг юм. Тэгэхээр нь эмнэлгээс гараад Кино үйлдвэр дээр яваад очлоо. Монгол дээл, эсгий гуталтай ямар л олигтой харагдав гэж. Кино үйлдвэрийн жижүүр “Ямар зорилгоор явна” гэж ширүүхэн асууж байна. “Кино зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлэх санаатай” гэтэл “Цаашаа бай, яг одоо ажилчид цуглаж байна” гээд ад үзэх маягтай. Зайдуухан очоод зогслоо. Урамгүй зогсож байсан байлгүй. Гэтэл гаднаас нэг их том шар цүнх барьсан намхан пагдгар хүн ороод ирдэг юм. Над руу сүрхий харснаа “Энэ юун хүүхэд билээ” гэж байна. Өнөө жижүүр “Кино зохиол бичсэн ч гэл үү нэг юм яриад байсан. Ажил цуглаж байгаа болохоор цаашаа байж бай гэсэн юм” гэлээ. Өнөө хүн над руу ойртсоноо “Чи ямар хэргээр яваа гэнэ ээ” гэж лавлалаа. “Зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлээд зөвлөгөө авах санаатай” гэтэл дагуулаад хоёрдугаар давхарт гарч даргын өрөөнд ордог юм. Туранхайдуу, инээмсэглэсэн царайтай аятайхан хүн сууж байна. Сүүлд нь улсын баатар болсон Нянтайсүрэн гуай. Тэр үед Кино үйлдвэрийн дарга байсан юм.

-Таныг дагуулж ордог нь Л.Ванган гуай юу?

-Яг тийм. Ванган гуай “За чи энэ хүнд учраа хэл” гэлээ. Би ч өнөөхөө давтлаа. Нөгөө хоёр хэсэг ярьж байгаад “Маргааш өглөө Уран сайхны зөвлөлийн хурал дээр зохиолоо авч ирээд унш” гэдэг юм. Өглөө нь иртэл баахан улс цуглачихаж. Бараг бүгдээрээ шахуу алтан үеийнхэн. Зохиолоо эхнээс нь аваад л чанга дуугаар уншиж гарлаа. Улсууд хөхрөлдөөд байх юм. Тэгж тэгж нэг юм дууслаа. Гэтэл Л.Ванган гуай “Энэ бидний хайж байсан зохиол мөн байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй. Дээр нь инээдмийн зохиол. Үүнийг дэмжье” гэлээ. Бүгдээрээ дэмжчихлээ. Тэгээд миний зохиолыг дөнгөж сая сургууль төгсч ирсэн Доржпалам гэж найруулагчид өгч “Чи энэ зохиолыг санаандаа хүртэл засуул” гэсэн юм. Долоо хоног хэртэй Доржпаламтай хамт сууж зохиолоо засч бэлэн болгосон. Тэр үед би Баянхонгор аймгийн Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан байсан юм. “Манай нутгийн хүү” зохиол маань сүүлдээ “Морьтой ч болоосой” гэсэн нэртэй болсны учир гэвэл ийм түүхтэй. Уран бүтээл гэдэг бол нэг ёсондоо амьдралын хуулбар юм. Би зохиолоо амьдралаас сэдэвлэж бичдэг. Удвал гуай миний нэг номыг редакторлахдаа өмнөх үгэнд нь “Гармаа бол аливаа болсон, тохиолдсон явдлаас сэдэв авч бичдэг, буух эзэнтэй буцах мөртэй зүйлийг л голдуу бичдэг” гэж үнэлсэн байдаг. Би болсон тохиолдсон явдлаас сэдэвлэж гол зохиолуудаа бичсэн байдаг юм. Нэг жишээ нь “Морьтой ч болоосой”. Баянхонгор аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд очоод тэр намраа хөдөө явлаа. Сум руу хичээлдээ морьтойгоо явж байгаа бөөн хүүхэдтэй таарчихлаа. Гэтэл өнөөдүүл чинь манай машинтай уралддаг юм. Гийнгоолж, хөөрцөглөөд сүйд. Нөгөө хүүхдүүдийг машинаас түрүүлэхээр манай жолооч хаазаа нэмж урд нь гарч, манай жолоочийг түрүүлэхээр морьтой хүүхдүүд гүйцэх маягаар явсаар Галуут сум орж байсан юм. “Морьтой ч болоосой”-гийн анхны нооргийг тэр явдлаас сэдэвлэсэн. Хүүхдээр хийх нь онцгүй байсан учраас машинтай уралдаж болохоор, адуунд хорхойтой, хөнгөн нимгэн сэтгэлтэй хүн хэн байх вэ гэдгийг бодож байгаад Дондогийн дүрийг олсон. Дондог мэдээж эрэгтэй хүнтэй уралдахгүй гээд Янжмааг олсон. Ингэж “Морьтой ч болоосой”-г бичиж байлаа.

-Та Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөгч. Тэр үед зохиолчдыг нэлээд өндөр шалгуураар Горький явуулдаг байсан гэж зохиолчид ярьдаг. “Морьтой ч болоосой”-гоос өөр олонд хүрсэн ямар бүтээлээ туурвисан байсан бэ?

-“Морьтой ч болоосой” киноны дараа “Хөхөө гэрлэх дөхлөө” кино зохиолыг бичээд хоёулаа кино болчихсон, бас ч гэж нэлээд нэртэй зохиолчийн тоонд орчихсон, нас залуухан хорь дөнгөж гарсан үе л дээ. Зохиолчдын хорооны боловсон хүчний эрхлэгч Балдандорж гэж сайхан зантай хүн яруу найрагч Долгорын Нямаа бид хоёрыг дуудаж ямар сургуульд сурах саналтайг асуусан юм. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явах саналаа тэгж өгч байлаа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан Төмөр-Очир гуайн хүү Галбадрах бас Нямаа бид хоёртой тэр жил Горький явсан. 1961 оны намар Горькийн нэрэмжит утга зохиолын дээр сургуульд очиход Галбадрахыг шүүмж судлал, Нямааг яруу найраг, намайг үргэлжилсэн үгийн зохиолын ангид хуваарилж байлаа. Биднийг оюутан үед тэнд сурч байсан залуусын ихэнх нь Орос зөвлөлтийн нэртэй том зохиолч, шүүмжлэгчид болсон. Миний багш Михайл Лаванов гэж утга зохиолын нэртэй шүүмжлэгч хүн байсан юм. “Хүнд хоёр төрлийн мэдлэг байдаг. Нэг нь амьдралын мэдлэг. Амьдралын мэдлэгтэй хүн уран зохиолд санаа зовох юмгүйгээр үзсэн харсан танилцсан хүмүүсийнхээ тухай, тэдний сэтгэл доторхыг уудлан бичиж чадна. Номын мэдлэг гэж бий. Ийм мэдлэгтэй хүн дуураймалдуу байдаг” гэсэн үгийг хэлэх дуртай хүн байж билээ. Нямаа бид хоёрыг очиход Д.Пүрэвдорж тавдугаар курст байсан юм. Дараа нь Пэрэнлэйн Лувсанцэрэн ирсэн. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст Доржпалам, Тарваа, Сүхийн Доржпалам, Бааст, Чойжилсүрэн гээд мундгууд ирж сурч байлаа. Ийм мундаг хүмүүст зохиолоо уншиж өгч, зөвлөгөө авч явсан тэр үе бол миний хувьд олдошгүй завшаан болсон жилүүд. Москвад нэг жилд гэхэд манайхаас арваад зохиолч сурч байсан үе хүртэл бий.

-Долгорын Нямаа найрагчтай бол бүр үй зайгүй найзууд байсан биз?

-Бид хоёр чинь нэг өрөөнд таван жил хамтдаа сурсан. Гүндүүгүй, тогтуухан аятайхан зантай. Ойр байхад халамжтай залуу байлаа. Нямаагийн олон шүлгийн анхны уншигч нь би. Миний бичсэн олон өгүүллэг зохиолын анхны уншигч нь Нямаа. Бие биедээ уран бүтээлийнхээ тухай илэн далангүй ярьж, шүүмжилнэ. Бие биеэ хурцалж амьдарсан жилүүд байсан. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд ойр байсан өөр нэг зохиолч нь Пэрэнлэйн Лувсанцэрэн. Томоохон улстөрийн сэтгүүлд ажиллаж байсан, орос хэлтэй, нэлээд хэдэн ном орчуулчихсан нэртэй гэж жигтэйхэн хүн Горькийд ирж байлаа. Москвад болдог томоохон улстөрийн уулзалтуудад гол төлөв хэлмэрчээр явна. Тусдаа өрөөтэй. Тэр өрөөг нь сургуулиас тохижуулаад өгчихсөн. Улстөрийн хэлээр яривал идэвхтэй, зарчимтай. Лувсанцэрэнгийн ажилсаг чанар нь надад нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Хүүхдийн зохиолчдоос хэнтэй нь илүү ойр байсан бэ?

-Д.Содномдорж нэг талаас миний багш, нөгөө талаас миний найз. Бие биенийхээ зохиолыг сонсоно. Гэр бүлээрээ нөхөрлөдөг байлаа. Өдийд амьдарч байсан бол өчнөөн сайхан зохиол төрөх байсан даа гэсэн харамсал сэтгэлийн гүнд байдаг. Залуугаараа бурхан болсон доо. Сэнгээ гуайг хүндэлнэ гэж. Байнга л дурсаж ярьдаг байсан юм. Анх цэцэрлэгийн эрхлэгч байхад нь Содномдоржийг гаргаж ирсэн хүн нь Д.Сэнгээ гуай. “Энхээ” гээд анхны номыг нь редакторлаж, өмнөх үг бичиж байсан хүн. Хар багаасаа үерхсэн найз гэвэл Ж.Дашдондог байна.Намайг Санхүү эдийн засгийн техникумын оюутан байхад Булганы арван жилийн аравдугаар ангийн сурагч Дашдондогоос гэсэн захиа ирж байлаа. Улс хувсгалын 40 жилийн ойд зориулсан зохиолын уралдаанд бүртгүүлсэн хүмүүсийн нэрсийг “Утга зохиол” сонинд нийтэлсэн байхад нь миний нэрийг хараад захидал бичсэн юм билээ.

Би тэр уралдаанд “Хувь заяа” гэдэг роман бичнэ гэж бүртгүүлж байсан юм. Утга зохиолд биенээ нөхөж явсан хоёр. Дашдондог анх “Наргиантай шүлгүүд” гэж шүлгийн ном гаргасан юм. Монголын хүүхдийн уран зохиолд инээдмийн аястай зохиол бий болоход нэлээд нэмэр болсон. Би дараахан нь “Хөгжөөнтэй туужууд” үргэлжилсэн үгийн зохиолоо бичсэн. Зөвлөлт холбоот улс, Хятад зэрэг хэдэн оронд хэвлэгдсэн энэ зохиол маань хүүхдийн уран зохиолд инээдмийн аястай зохиол бий болгох чиглэлээр бичсэн миний анхны бүтээл.

-Хүүхдийн зохиол одоо ямаршуу түвшинд хөгжиж байна гэж та боддог вэ?

-Хорь, гучаад тооны зохиолч байна. Номоо гаргаж, бичицгээж байна. Жараад он бол хүүхдийн зохиолын өрнүүн бадрангуй үе байсан. Зохиолчид нь өөр өөрийн бичлэгийн арга барилыг хүмүүст таниулж чадсан сайн зохиолууд бичиж байсан. Дашдондог, Давааням, Цэндсүрэн гээд нэрлэвэл олон. Зохиолч би гэж өөрийгөө гаргаж ирдэг арга байдаг л даа. Тэр үеийн зохиолчид зохиолч би гэдгээ гаргаж чадсан улс. Өнөөдрийн хувьд тэгж цойлж гарсан зохиолч хараахандаа алга.

-Та Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсч ирээд зохиолчдын хороонд ажилласан хүн. С.Удвал гуайн талаар сайхан дурсамж яриач?

- Зохиолчдын хороог олон жил удирдахдаа зохиолчдоо гэсэн агуу сэтгэлтэй байсан учраас тэр үед Монголын утга зохиол үнэхээр хөгжсөн. Их зарчимч. Зохиолчдодоо эхийн сэтгэлээр хандана. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Ийм учраас зохиолчид Удвал гуайд их сайн. Зохиолчдын хороонд зургаа, долоон жил ажиллачихсан үед С.Удвал гуай өрөөндөө дуудлаа. Тэр үед чинь би санаачилж хийсэн юм ихтэй. Лодойдамба гуайн уран бүтээлийн анхны тайлан уулзалтыг Драмын театрт зохион байгуулчихсан, уран бүтээл ч дажгүй, судлаач шүүмжлэгчдээс авьяаслаг зохиолч гэсэн нэр авчихсан үе. Залуу учраас тэрэндээ овойж оцойх юм гарна аа бас, ажил төрлөө орхиж ийш тийш явах, зохиолчидтойгоо нийлж дарвих гээд байдаг болчихсон цаг. Удвал гуайг “Чамайг радиод өгөхөөр боллоо” гэхээр нь гайхсанаа нуусангүй. Тэр үед Удвал гуай “Нэгд чиний хүмүүжилд хэрэгтэй. Хоёрт чи гайгүй бичиж байгаа болохоор амьдрал үзэх хэрэгтэй. Радиогийн ажил хөдөө гадаа түмний дунд явдаг учраас чамд яг тохирно” гэснээс өөр юм хэлсэнгүй. Харин бүр сүүлд, радиод ажиллаад арваад жил болчихсон байхад “Чи тэр үед балгах дуртай болчихсон байсан. Ийм авьяаслаг зохиолчийг хар усанд алдаж болохгүй гэсэн бодол төрсөн учраас чиний хүмүүжлийг бодож нэлээд ажил ихтэй газарт шилжүүлсэн юм. Хөдөө гадаа явж амьдралыг таниг, мэдрэг ч гэж бодсон” гэж ярьж байж билээ.

-Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн оюутан залуу арван жилийн сурагч охинд дурлаж байсан үе таны намтрын сонирхол татсан хэсгийн нэг санагддаг?

-Ханьтайгаа танилцаж байсан яг тэр үеийнхээ талаар би “Анхны хайрын тууж”-даа бичсэн. Танилцсан түүхээ ямар нэг хэмжээгээр гаргасан байгаа. Анхны хайрын тухай зохиол бичих бүрдээ ханьтайгаа учирсан үеэ боддог. Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн оюутан байхдаа Төв аймгийн Эрдэнэ суманд Шохой цагаан булаг гэдэг газарт үдэшлэг дээр анх уулзаж бие биедээ дурлаж захиа бичиж, захианууд маань хайрын шувуухайнууд болж Москва, Эрдэнэ сум хоёрын хооронд нисч, бидний амьдрал эхэлсэн дээ. Гурван охинтой. Хоёр дахь нь өвчнөөр бурхан болсон. Өнөр олуулаа сайхан л амьдарч байна. Нэг инээдтэй гэмээр түүх ярья. Москвад сурч байхдаа ханиасаа захиа авлаа. Нэг удаагийн захиандаа хоёр цэцэг зурж холбоод яг гол хэсэгт нь жижигхэн нахиа зурчихаж. Дараагийн захианууд дээр өнөө нахиа нь томроод байдаг. Нямаа намайг бодвол туршлагатай, эхнэр хүүхэдтэй эр хүн. Өнөөхөөсөө асуутал “Чамд баяр хүргэе. Аав болжээ. Цаадах чинь үнэнийг хэлэхээс зовоод байгаа хэрэг. Ойлгуулах гэж байгаа нь энэ. Эхнэр чинь жирэмсэн болжээ” гэсэн. Тэгэнгүүт нь гарч гүйж вино авчраад Нямаатайгаа тулгаж ёсолж байлаа.

-Энэ бүтээл маань л дажгүй болсон доо гэж тоодог зохиол гэвэл алийг нь онцлох вэ?

-Хоёр кино бий. “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө”- г үзээгүй хүн байдаггүй юм. “Нарны унага” гэдэг кино эхнийхээ зохиолоор гараагүй ч одоогийн залуусын хийж байгаа аар саар киноноос дээр. Ер нь миний зохиолуудаас гадаадад хэвлэгдсэн, хүмүүст илүү хүрсэн нь “Хөгжөөнтэй туужууд”. Амьдралдаа болон найзууддаа тохиолдсон хөгжилтэй явдлаас сэдэвлэж бичсэн учраас нэлээд үнэмшилтэй гайгүй болсон болов уу. Шилжилтийн насныхны сэдэвтэй “Хөөрхий дөө, Болдоо минь” гэдэг зохиол байгаа. Тэр зохиолыг ханьтайгаа танилцсан үеэс сэдэв авсан. Бусад хүүхдийн хайрын захиа энэ тэрээс санаа авч бичсэн. Нэлээд уянгалаг аястай. Энэ зохиолдоо хайртай. Томчуудад зориулсан томоохон хэмжээний зохиолуудаас “Харуул Алтай” роман байна. Баруун Монголд тохиолдож байсан янз бүрийн бослого тэмцэл, хүмүүсийн үзэл санааны зөрчлөөс сэдэвлэсэн, зохиолоо бичих үед гол баатрууд нь амьд байсан учраас нэлээд гайгүй бүтээл болсон болов уу.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2022-11-18 02:55:20

Сайхан бүтээлүүдтэй мундаг зохиолч


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.