Улс төржилт ба өвөлжилт

Aдмин / Нүүр

Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хурцаар сөхөж тавьсанаас хойш жагсаал цуглаан түүхэнд байгаагүй олон өдөр үргэлжилж байна. 12 өдөр тасралтгүй үргэлжилж буй тэмцэл нүүрсний хулгайд сэрдэгдсэн нэр бүхий 17 хүнийг зарласнаас хойш ч намжихгүй хэвээр байна. Учир нь жагсагчид болон олон нийтийн үзэж буйгаар эрх баригчид сөрөг хүчнийхээ хэдэн хүнийг оролцуулж, харин өөрсдийн төлөөллөө болгож УИХ-ын 5 гишүүнийг нүүрсний хэрэгт холбосон нь гал унтраах, нүд хуурсан хуурамч дүр төрхтэй төдийгүй “жинхэнэ хулгайчид” нуугдаж үлдэх гэж байна гэсэн хардлагыг хүчтэй явуулахад хүргэлээ. Ийнхүү хагас сар шахам үргэлжлээд байгаа нөхцөл байдлаас үүдэн улс орны өвөлжилтийн байдал хүндэрч мэдэхээр байна.

Тухайлбал баруун аймгуудад малчид малаа оторлох газар олдохгүй зутарч, өвлийн хүйтэн, бэрхийг арай ядан давж байгаа гэсэн мэдээ ирсээр байна. Харин Засгийн газар, төрийн ордон “нүүрс”-ээр амьсгалж амьсгаа авах завдалгүй бужигнах ба бүр цаашлаад ажиглагчдын үзэж буйгаар Засгийн газар огцорч шинэ танхимд сайд болчих санаархалтай хүмүүс энэ тэрүүгээр гүйлдээд эхэллээ гэж бор шувууг ч нисгэж байна. Гэтэл улс орны нөхцөл байдал ийм хүндрэлтэй үед засаг солигдоод л байвал хугацаа алдаж, үүсэх хямрал, гарч болох эрсдэлд ямар төлөвлөгөө боловсруулж бэлтгэсэн нь ч тодорхойгүй байна.

Засгийн газар өрийн бонд төллөө, эдийн засаг сэргэлээ гэх ч үнэндээ иргэдийн амьдрал үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал, түгжрэлд идэгдсээр улам сульдаж, үүрийн таван жингээс үдший бүрий хүртэл морь нохой мэт зүтгэсээр...

Өвөлд бэлэн эсэх дээр 11 сард салбарын сайд нарын өгсөн хариултад эрчим хүчний нөөц хангалтгүй учраас дулаан алдалт бий гэсэн бол Эрүүл мэндийн яам ханиад томууны дэгдэлтийг намжаах ямар нэгэн дорвитой алхам хийж чадахгүй байгаагаа тайлбарлаж чадаагүй. Харин ХХААХҮЯ-ны сайд Х. Болорчулуун: Мал их байна. Мах экспортлох гээд хүлээж л байна. Туурайн зудыг бид яаж ч чадахгүй. Малын өвчлөл их байгаа учраас эрүүл бүс байгуулна. Гэхчлэн бүтэлтэй юм ярьсан нь ховор.

Улс төржилтийн өвчинд “саа” тусч хүндэрсэн үү гэлтэй эрх баригчдын зүгээс дорвитой шийдэл, бэрхшээлийг гэтлэх олигтой бодит, хөрсөн дээрээ буусан шийдвэр байгаа оножээ гэх бүрэн дүүрэн гарц гаргалгаа харагдахгүй байна. Нэг намын хэт олонх засаглал тогтоод нийт 7 жилийн нүүр үзээд ч эв нэгдэл гэх ойлголт мартагдах шахам хоорондоо талцаж, хэрүүл маргаан тасрахгүй байсаар 23 онтой золгох уу?

Монгол оронд 4 улирал солигдож зун нь говь гандаж мал нь хиарч, өвөл нь Улаанбаатар зуу зуу мянга мянгаараа иргэд өлсөж, осгож хүн амын тал шахам залуус гадагшаа дүрвэх мөрөөдөлд автлаа. Үүнээс илүү ёроол гэж байх уу?. Бид 1990-ээд оноос элэгээрээ мөлхөж эхэлсэн бол одоо амаараа шороо үмхэх цаг ирэх нь үү. Дэлхийд хөгжиж хэтийн төлөвтөө санаа зовинож байхад Монгол өнөөгийн зовлон зүдгүүртэйгээ зууралдсаар өөдгүй улс төрчид нь төрийг хямрааж, баялгийг булаацалдсаар байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.74.246] 2022-12-16 11:42:12

Харин тийм ш дээ. Зун болохоор морь уяж хаа холын наадам хэссээр байгаад өвөлд бэлдсэн юм байхгүй жил бүр л новширч байх юм. Амины хэдэн малаа аваад явж чадахгүй бол хохи нь байхгүй юу.

лалар [122.201.20.194] 2022-12-16 11:24:11

энэ малчид гээд яацан малнууд байдын өвс тэжээлээ эртхэн бэлддэггүй юмуу хүний өмнөөс амьдарч байгаа юм чиг аашилдаг хэдэн малнууд байнаа тоонд анхаарсаар байгаад бэлчээрийн даацаа хэтрүүлээд байгаль орчноо жинхэнэ сүйтгэж байгаа малнууд

Малчин [66.181.182.243] 2022-12-16 11:22:11

мал маллах хэцүү

Иргэн [122.201.21.177] 2022-12-16 10:53:11

Энэ малчид хүний мал маллаж байгаа юм шиг зуд боллоо өвс тэжээл ган боллоо бороо оруул бараг л малын амруу өвс ус хий гэх юм энэ улс төрчид худлаа сайн хүн болох гэж үнэгүй юм өгсөөр байгаад ийм болгосон одоо мал аж ахуй газар тариалан зах зээлийн зарчмаар явах цаг болсон алийн болгон төр бүх эрсдлийг даах вэ одоо болоо


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.