ХУДАЛДАГЧ Г.ЭНХЖИН: ЮУН АРХИ МАНАТАЙ ХОНОГИЙН ХООЛОО ЯАХ ВЭ ГЭСЭН АЙЛУУД ОЛОН БАЙНА

Aдмин / Нүүр

Хүмүүсийн худалдан авалт хэр байгаа талаар сурвалжлахаар хотын захын гэр хорооллыг зорилоо. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо буюу хүмүүсийн хэлж заншсанаар Зүрх уулын гэр хорооллын Найман нэрийн барааны дэлгүүрт орлоо. Хүний хөл хөдөлгөөн бага, дэлгүүрийн бараа таваар дүүрэн өрөөтэй байна. Худалдагч Г.Энхжинтэй ярилцлаа.


-Сүүлийн үед хүмүүсийн худалдан авалт хэр байна вэ?

-Юмны үнэ маш их нэмэгдэж байна. Худалдагч хийж байгаа би өөрөө хүртэл барааныхаа үнийг тогтоохгүйгээр ирэх болгондоо нэмэгдэж ирж байна.

Тиймээс хүмүүсийн худалдан авалт ч багассан. Аргагүйн эрхэнд хоол ундныхаа юмыг л арай гэж авч байх шиг байна.

-Архины борлуулалт хэр байна вэ?

-Бас л багассан шүү дээ. Юун архи манатай хоногийн хоолоо яах вэ гэсэн айлууд олон байна. Өмнө нь хүмүүс хоол ундныхаа зүйлсийг хангалттай аваад үлдсэн мөнгөөрөө ганц шил архи авдаг байсан бол одоо хүнснийхээ хэрэгцээнд ч мөнгө нь хүрэхээ больсон юм чинь аргагүй л дээ.

-Ямар архи ихэвчлэн авах вэ?

-"Хараа" гэх архийг хүмүүс элдэв найрлагагүй цэвэр архи гээд их авдаг байсан. Энэхүү архины захиалга долоо хоногтоо нэг удаа авдаг. Тэр нь долоо хоногтоо хүрдэггүй байсан бол одоо сар шахуу болоод нэг захиалга дөнгөн данган хийж байна.

-"Хараа" архины үнэ хэдтэй байгаа вэ?

-0.75-ынх 16200, 0.5 нь 11500, 0.33 нь 8400 төгрөгийн үнээр зарагдаж байгаа.

-Архины худалдан авалт буурсан гэхээр архи уух хүмүүс багассан гэсэн үг үү?

-Тийм. Энэ хавьд архи уудаг хүмүүс их байсан. Жил болгон л ганц нэгээрээ талийгаач болсоор шинэ үе нь нэг мэдэхэд нэмэгдээд гараад ирдэг байсан бол одоо архины мөнгө нь олдохоо байсан юм уу, тэр хүмүүс нь уухаа больсон юм уу ховор болсон шүү.

-Хүмүүс хоол ундны зүйл авахдаа ихэвчлэн юу авдаг вэ?

-Ургамлын тос, ногоо, мах, сүү, гурил, будаа ихэвчлэн авна. Будаа ч үнэд ороод авахаа больж байна. Гурил ихэвчлэн авах болсон. Гэвч гурилынх нь үнэ бас нэмэгдээд ирсэн. Нэмэгдсэн гээд хэлэхээр би нэмчихсэн юм шиг намайг загнана. Хараана, уурлана. Хэцүү шүү дээ.

-Өндөг, хиам хэр зарагдаж байна вэ?

-Өө, өндөг бол энүүгээр тансаг хэрэглээндээ орно. Барагтаа л авахгүй. Хааяа нэг авцгаадаг юм. Хиам ч ялгаагүй борлуулалт буурсан. Ер нь бүх л барааны борлуулалт буураад хугацаа хэтрэх тохиолдлууд нэмэгдсэн.

-Хугацаа нь дууссан бараагаа яадаг юм бэ?

-Хэнд ч хэрэггүй болгож байхаар гээд өөрсдөө хэрэглэнэ шүү дээ. Чихэр шоколад, ундаа, зайрмаг, набор зэрэг бол зарагдахгүй, хөргөгч лангуугаар дүүрсэн. Энэ их юмыг хаялтай биш гээд л өөрсдөө иднэ дээ.

-Танайд өрийн дэвтэр бий юү?

-Байлгүй яах вэ. Тийм дэвтэргүй дэлгүүр гэж байхгүй биз. Энүүгээр дүүрэн барьцаанд тавьсан иргэний үнэмлэх. Арай гэж нэг цалин буухаараа авна. Хэд хоноод л буцаад зээл авъя гээд бариад ирнэ. Энэ хавийнхаа сайн таньдаг хүмүүст заавал барьцаа энэ тэр гэхгүйгээр зээл өгчихдөг. Тэгээд цалингаа буухаар өгнө. Зарим нь үнэхээр цалин нь хүрэлцэхээ больсон юм уу, орж ирэхээ больсон. Тойрч зугтаад л. Тэгж байгаад жаахан цэгцрэхээрээ өгөх байлгүй гээд би ч нэхдэггүй. Одоо харин бараа эргэлтийн мөнгөгүй хэцүүдэх гээд л байна шүү хэмээн халаглав.

Дэлгүүрээс гараад гудамж тойрон алхлаа. 14, 15-тай болов уу гэмээр хүү ус түрээд явж байв. Замдаа хүүтэй жаахан хөөрөлдөж, цуг алхлаа.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх ам бүл тав. Аав ээж, эгч, би дүүтэйгээ амьдардаг. Аав ээж хоёрын цалин бидэнд хангалттай хүрдэг байсан бол одоо эгч оюутан болоод ээж цалингийнхаа зээлийг авчихсан. Дараагийн цалин хүртэл аавын цалинг хүргэх гэж бидний идэх талх хүртэл хасагдаж байна. Гэтэл тэр нүүрсний мөнгө гэж их тоо хэлэх юм.

-Чи жагсаал руу очсон уу?

-Очсон очсон. Хэд хэдэн удаа ангийнхантайгаа очсон. Тэгээд тэнд зүгээр л томчуудын тоглоом юм биш үү дээ.

-Тэр нь юу гэж байгаа юм бэ?

-Байсхийгээд л хэсэг хэсгээрээ бөөгнөрөөд юм ярьцгаагаад, бараг тэр зохион байгуулалттай нь үнэн санагдаад очихоо больсон.

-Яагаад?

-Тэр томчуудын дунд нэг юм яваад байх шиг байна лээ. Би ойлгохгүй юм билээ.

-Танай энэ хавиар архи уудаг хүмүүс байдаг уу?

-Байгаа байгаа. Гэхдээ сүүлийн үед согтуу хүн тааралдах нь цөөрсөн. Архины мөнгө нь олдохгүй байгаа юм уу, уудаг ах нар эрүүл л явдаг болсон байна лээ.

-Танайд архи уудаг хүн байдаг уу?

-Аав хааяа цалингаа буухаар л уудаг байсан. Одоо цалин нь архи авах байтугай хоолондоо хүрэхээ байсан юм чинь яаж уух вэ дээ гэсээр устай тэргээ түрэх гэсэн боловч нэлээд өндөр рүү байдаг болохоор дийлж ядан явав. “Эгч ээ, та намайг жаахан дөхүүлээд өгөөч” гэхэд нь “Тэгэлгүй яах вэ” гэсээр бид хоёр усаа чирээд дээш алхав. Хүүг дөхүүлж өгөөд хотын төвийн хэсгийг зорилоо.

Хотын А бүсийн нэгэн найман нэрийн дэлгүүрийг сонголоо. Хотын захаа бодвол дэлгүүрт хэд хэдэн хүн үйлчлүүлж байна. Хотын захын дэлгүүрт 20-иод минут болоход ганц ч хүн орж ирээгүй нь хүмүүсийн худалдан авалт үнэхээр буурсныг харуулж байв. Сүхбаатар дүүргийн Есдүгээр хороонд орших “Анар” хүнсний дэлгүүрт ирлээ. Худалдагч Н.Цэндээ ярихдаа “Энэ хавьд худалдан авалт буурах нь буурсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр өдрөөр нэмэгдэж байхад худалдан авалт буурахгүй ч гээд яах вэ дээ. тансаг хэрэглээ ч алга болсон. Хааяа нэг цалингаа буух үеэр юм уу, хүүхдийн мөнгө орох үеэр хүүхдүүддээ амттан шимттэн, бага сага архи авдаг болсон. Түүнээс өмнөх шигээ өдөр бүр архи авахаа больсон нь үнэн.

Манайд "Хараа" архи 0.75 нь 15750, 0.5 нь 11050, 0.33 нь 7550 төгрөгөөр зарагдаж байгаа. Архинаас хамгийн их зарагддаг байсан "Хараа" ч зарагдахаа больсон. Нэг захиалга лангуун дээр арваас дээш хонож байна. Урьд нь долоо хоногтоо хоёр удаа захиалга өгдөг байсан шүү дээ. Архины оронд хүмүүс талх, будаа, гурил, ногоогоо л авдаг болсон. Өрийн дэвтэр гэж одоохондоо байхгүй. Энэ янзаараа юмны үнэ нэмэгдээд, хүмүүсийн худалдан авах чадвар буурсаар байх юм бол яалт ч үгүй зээл тавьж эхлэх байх даа” гэв.

Тус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэн М.Тулга ярихдаа “Эхнэр бид хоёр хоёулаа ажилтай тулдаа хоногийн хоолоо болгоод л байна. Манайх ганц хүүтэй. Тэгсэн мөртлөө л юмны үнэ нэмэгдээд байхаар үнэндээ сөхрөх нь холгүй л зүтгэж байна. Үнийн өсөлт ийм байхад дагаад цалин нэмэхгүй энэ хэдэн улныхнаа яаж амьдар гээд байгаа юм бол. Энэ маягаараа байх юм бол удахгүй модоо барих нь. Гэр бүлдээ ч зориулах цаггүй ажиллаад, амьдралаа торгоох хэмжээний ингэж байхынхаа оронд гадаад руу хар ажил хийхээр явах нь зөв шүү дээ. Энэ байдал өөрчлөгдөхгүй бол би ч гэсэн нэг л өдөр ажлаа хаяад талбай орж жагсана аа” гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Капитализмаар уу? Социализмаар уу? [103.212.118.148] 2022-12-18 23:23:52

Одоо тэгээд цаашид яах юм бэ? Капитализмаа хөгжүүлэх үү? Эсхүл социализм дахин байгуулах уу? Монголд тэгээд аль нь илүү зохимжтой юм бэ дээ???

Зочин [51.75.92.65] 2022-12-19 15:38:54

Амьдрал үнэхээр хэцүү амьдарч байна хаа сайгүй гэхдээ манай эрдэнэтэд шал худ юм а захаар дүүрэн архичид гэр хорооллоор дүүрэн архичид хэцүү шүү амьдрал

Зочин [71.163.37.57] 2022-12-18 22:51:51

Одоо талбай дээр ямарч эзэн биегүй дундын газар зогсохоор, хулгайч тус бүрийн гэрийн гадаа очиж орилолд , тэгвэл үр дүнд хурдан хүрнэ !!!

Зочин [188.162.254.9] 2022-12-18 21:14:31

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [202.9.46.143] 2022-12-18 11:41:41

МАН ын хан их наядтан болсон

Зочин [122.201.22.89] 2022-12-18 01:49:06

Ипотекийн зээл төлөх хугацааг жаахан хойшлуулаад өгөх арга байна уу. хэрэв хойшлуулбал үнэхээр хэрэгтэый байна.

Зочин [192.82.83.77] 2022-12-17 23:09:35

Tогны үнэ + deed hetsuu bn shu dee .arau denduu bnaa . Haana amudraad bnaa .. Iim uls oron gej yu bsan um bee .

Лхамноржин [124.158.65.151] 2022-12-17 15:39:12

Харин ч гайгүй Сонгино хайрхан,Баян хошууныхан Улиастайхан хэцүү,нүд хальтирмаар шээс,муу усаа хамаагүй асгачихдаг ,тэрүүн дээрээ хүүхдүүд гулгаж тоглоод.Үе үеийн УИХ,ЗГ өөрсдөө л баяжсан.Тэдний орлогыг сүүлийн 20 жилд авч үзэхэд Эхний үеийнхэн/1995-6 онд 10-20 сая гэсэн байхад 2012-2016 оных хэдэн тэрбумаар бичгдсэн байх жишээтэй.Өнөөдөр УИХ-н гишүүдийн орлого бүгд 1/нэг/ тэрбумаас бага бичигдээгүй .МАН,АН хоёр хоёулаа хулгайчид болж таарч илэрч эхэлж байна Бид хоёулаа багш,сарын цалин нийлээд нэгсая долоон зуун мянган төгрөг 3 хүүхэд сурагч.Гэтэл улсын дундаж цалин 1,5 сая гэх юм Ямар зорилгоор ингэж худлаа тоо гаргадаг байнаа. Энэ Оюунэрдэнийг бид багш нар дэмжиж байгаа1994 онд багш нар бид бүгд АН-д элсэж бөөн баяр болж байснаа санахад ичдэг болсон.Тэгтэл хавар намрын пальтотой өвөл явдаг байсан Алтан хуяг багш юу вэ 1,8 тэрбумын орлоготой,хуучин хар волга дээр хэвтчихээдцагаан хоолойгоор орилж явсан хиймэл саарал каракуль малгайтайЭлбэгдорж одоо хэн болчихвоо. Бузархулгайчид

яана даа [103.229.123.141] 2022-12-17 15:06:13

Ядарч байхад өдөр, шөнийн цахилгааны тарифын үнийг СЭМ нэмсэн байна. ӨДРИЙН 1 квт цахилгааны үнэ 116 байсан бол 140, шөнийн 1 квт цахилгаан 89 төг байсан бол 112 төгрөг болжээ. ААН уудын цахилгааны хэрэглээний үнийг нэмсэн гээд л байсан, иргэдийн хэрэглээний үнийг ч нэмжээ.

Зочин [66.181.183.159] 2022-12-17 13:55:41

Уих ЗГ иргэдийг ингэж ядууруулсан улсаа өрөнд умбуулсан өөр хэн байх билээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.