П.ЖОРЖ: С ЗӨВШӨӨРЛИЙГ ЭХЛЭЭД МОНГОЛ КОМПАНИУДДАА ОЛГОХ ЁСТОЙ
“Аз транс” компанийн захирал П.Жоржтой нүүрсний С зөвшөөрлийн талаар ярилцлаа.
-С зөвшөөрлийг анх ямар зорилгоор олгож эхэлсэн юм бэ?
-С зөвшөөрөлтэй компанийн машиныг л хилээр оруулж байя гэж Хятадын талтай тохирсон юм билээ. Гэтэл манайхан сүүлдээ хятадууд бидэнд өгсөн, тэрийг нь тарааж байгаа гэж яриад байна. Бүр сайд, том албан тушаалтнууд нь тэгж яриад байгаа шүү. Тусгаар тогтносон улс хэрнээ өөрийнхөө булхайг хятад руу чихдэг жишиг тогтчихоод байгаа юм. С зөвшөөрөл бол ерөөсөө л хоёр улс хоорондоо тохироод, орж гарах машинууддаа өгдөг болсон зүйл юм. 2012-2013 оны үеэс л хэрэгжиж эхэлсэн.
-С зөвшөөрөл манай улсад ямар ашигтай вэ?
-Ямар ч ашиггүй. Үнэн чанартаа бол Авто тээврийн үндэсний төвийн нэг мэргэжилтэн л 2- 3 цагийн дотор бүх компаниудад хуваарилаад өгчих хэмжээний тийм жижигхэн асуудал. Гэтэл энэ байгууллага бүтэн багаараа нэмээд Зам, тээвэр хөгжлийн яам, Сангийн яам оролцоод ч чадахгүй байгаа юм. Сүүлдээ бүр Эрдэнэс Таван толгойд (ЭТТ) өгч өөр хооронд нь шилжүүлэн эзэн биегүй болгож манантуулаад яваад байгаа.
-Гэтэл яагаад энэ зөвшөөрлийг авах нь тийм хэцүү байгаа юм?
-С зөвшөөрөлтэй машин л хилээр гарах эрхтэй учраас машинтай хүмүүс энийг авах нь гарцаагүй. Гэтэл манайхан хятадын машинуудыг хэмжээ хязгааргүй оруулаад ирсэн. Номер дугаар өгч, зөвшөөрөл олгоод л, монгол компаниудын С зөвшөөрлийг булааж авч тэдэнд өгсөөр байгаад багтахаа байчихсан. Харин монгол компаниуд нь бүр доройтчихсон. Энэ хэргийг нүүрсний хулгайчид хийсэн гэж яригддаг. Гэхдээ би тэднийг хулгай хийгээгүй байх аа гэж боддог. “Улаан сайдын улаан махны хэрэг” гээд гарсан даа. Эмээлт дээр хордуулчихсан мах зардгийг тэгэхэд л мэдэж авсан.
Тэр бол мах хулгай хийж аваад хятадуудад өгчихсөн хэрэг биш, харин зөвшөөрлийг нь л өгчихсөн хэрэг. С зөвшөөрлийг булааж авч хятадуудад өгсөөр байгаад сүүлдээ монгол компаниуд түрэгдээд зөвшөөрлөө авч чадахгүй болчихсон. Ийм л асуудал.
С зөвшөөрлийг яаж олгох ёстой юм бэ?
-Тендер шиг л байхгүй юу. Эхлээд монгол компанидаа олгох ёстой. Урд 22 000 машин байгаа гэж ярьдаг. Түүнээс мянга гаруйхан нь л монгол компанийн машин. Эхлээд тэдэндээ зөвшөөрлөө өгчихөөд дараа нь хятад компанидаа хувь тэнцүүлэх зарчмаар олгох ёстой.
-Цагаан хадны нөхцөл байдал сайжирсан уу?
-Цагаан хаданд төр засаг нэг ч эмнэлэг барьж чадаагүй байхад компани болгон эмнэлэгтэй кемп барь гэсэн шийдвэр гарсан. Хятадын машинуудыг олноор нь оруулж ирээд, багталцахгүй болоод ирэхээр нь монгол компаниудаа шалгалт оруулж ажлыг нь гацаах башир арга юм л даа.
-Өчигдөр (уржигдар) сзөвшөөрлийг олгох талаар мэдээлсэн. Тэрхүү хуваарилалтаар дээрдсэн зүйл бий юү?
-С зөвшөөрлийг сая хуваариллаа. Гэхдээ 60 хувийг нь ЭТТ ХК, 25 хувийг нь “Энержи ресурс ХХК”, 15 хувийг нь “Таван толгой ХХК”-д хуваарилаад, энэ уурхайнууд нь цаашаа худалдан авагчиддаа С зөвшөөрлөө хуваарилах Засгийн газрын 362 дугаар тогтоол гарсан юм. Би өнөөдөр Энержи ресурстай яриад С зөвшөөрөл асуухад манайх 4-5 харилцагчтай, тэднээс асуу гэж байгаа юм. Манай уурхайнуудаас хэн худалдан авалт хийдэг юм гэвэл хятадууд. Уурхайнуудад хуваарилж байна гэдэг нь хятадуудад өгчихөж байна л гэсэн үг.
-Тэгэхээр монгол компаниуд шахагдана гэсэн үг үү?
-Шахаад байхаар олон монгол компани байхгүй л дээ. Хятадууд дэндүү их болчихсон. Тэдгээр компаниудын 38 хувьд нь л олгож байна. Би 100 машинтай байлаа гэхэд түүний 38-д нь л С зөвшөөрөл олгоно. Ямарваа нэгэн үндэстэн өөрсдийгөө л хөгжүүлнэ. Хятадууд орж ирж биднийг хөгжүүлж өгөхгүй шүү дээ. Тэгээд ичиж зовох юмгүйгээр бүгд монгол компаниуд гээд яриад сууж байна. Наадуул чинь бүгд хулгайч. Тусгаар тогтнолын хулгайчид. Нүүрс хулгай хийж байна л гээд байгаа. Дараа нь төмөр замыг дэлбэлнэ гэнэ. Тэгээд тээвэр ложистик, газар олголт руу орно гэх юм. Энд тэнд дэлбэлээд л бие биенийгээ намнаад л байна. Нүүрсэн дээр ингээд илчилсэн болоод өнгөрөх нь. Нүүрсний хулгайчид нь дагаад арга барилаа өөрчлөөд өөрөөр хулгайлаад байна. Тэмцэх аргаа дагаад өөрчлөх хэрэгтэй шүү дээ.
-Хил дээр яг юу болдог юм бэ?
-Бид сардаа хоёр л удаа урагшаа гардаг. Монгол талдаа эхлээд шинжилгээ өгөөд гарна. Маргааш нь дахиад Хятад талд өгнө. Нөгөө хэдэн жолооч нар бөмбөлөгтөө урд карантилагдаад байж байж нэг гарна. Гэтэл тэнд нэг давуу эрхтэй компанийн 100 машин ямар ч шинжилгээ, зөвшөөрөлгүй байнга гарч байдаг. Ийм хоёр давхар хуультай байж болох юмуу. Түүний талаар хэн ч ярихгүй чив чимээгүй байна. Нэг л том даргынх байхгүй юу. Энэ мэтчилэн урд холион бантан болсон. Үүнийгээ цэгцэлж чадахгүй байж нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа.
-Нүүрсний хулгайчдыг зарла гээд залуучууд жагссан. Яг бодит байдлыг тэр хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тийм ээ?
-Урд бол энэ асуудлаар жолооч нар дэлбэрэхэд аль хэдийнэ бэлэн болчихсон. Талбай дээр зогсоод байгаа залуучууд нүүрсний талаар юу ч мэдэхгүй. Хийж үзээгүй болохоор мэдэхгүй шүү дээ. Урд жолооч хийж байгаа хүмүүсийг авчраад яриулах юм бол тэд маш сайн мэднэ. Ажлаа хятадуудад булаалгаад, зээлтэй, өртэй, ар гэрийнхнээ авч явахад хэцүү болчихсон жолооч нар дэлбэрэхэд бэлэн байна. Талбай дээр зогсож байгаа залуусыг аргалаад өнгөрлөө ч гэсэн урд ажилгүй болчихсон, ажлаа булаалгачихсан, өртэй зээлтэй хүмүүс удахгүй дэлбэрнэ шүү дээ. Монгол компаниудын мянга гаруйхан л машин байгаа. Өгч байгаа зөвшөөрөл нь 7800.
-Яаж шийдвэл зөв болох юм бол?
-Өгсөн зөвшөөрлийн тоо дууссан. Дахиад номер өгөхгүй. Машины тоо хэтэрсэн гээд л заачих хэрэгтэй. Хятадууд бидэнд гомдохгүй шүү дээ. Заасан тоо хязгаартай учраас дуусчихлаа. Бид хоцорчихлоо л гэнэ. Ингэж хийхгүй бол тэнд бослого босч, хувьсгал гарахад бэлэн болчихсон. Элсэн доор нуугдсан бөмбөг байна л гэсэн үг.
-С зөвшөөрлөөр л дамжуулж нүүрсний хулгайг хийгээд байна гэсэн үг үү?
-С зөвшөөрлийг өгөх эрхийг гурван уурхайд өглөө. Үнэн чанартаа хятадуудад өгчихсөн. Үүнийгээ болих хэрэгтэй. Миний бодлоор дээдсүүд сзөвшөөрлийг авъя, үүгээр авлига хийж болох юм байна гэж бодсон. Тэгээд л Эрдэнэс таван толгой руу өгсөн. Түүнээс үүнийг Зам, тээвэр хөгжлийн яам хариуцах ёстой. Зам тээврийн яамны салбарын асуудал. Нөгөө хоёр уурхай нь бол хувийн уурхай. Бусад хүмүүст тэгж хуваарилж өгөхгүй. Өөрсдийнхөө танил талд өгнө. Жишээ нь, Энержи ресурстай би өнөөдөр ярьсан. Зүй нь бол би 38 хувиа ЭТТ-гоос аваад, 25 хувийнхаа тодорхой хэмжээний зөвшөөрлийг Энержи ресурсаас авах ёстой шүү дээ. Гэтэл тэд “Бид өөрсдийн худалдан авагч 5-6 харилцагчдаа зөвшөөрлөө өгчихсөн. Тэдэнтэй та хэд яриарай” гэж байх жишээний. Жижиг Таван толгой Өмнөговийнх шүү дээ. тэд бас л өөрсдийн танил талдаа л өгнө. Бусад хүнд өгөхгүй. Хятад машин бүгд ӨМА гэсэн Өмнөговийн дугаартай. Тэд тэгээд л мөнгө төгрөгөөр тохирдог юмуу, танил талаараа өгөөд л дуусгана.
-Мэргэжлийн хяналтаас сзөвшөөрөл авсан компаниудад байнга шалгалт хийдэг гэсэн. Ямар шаардлагыг биелүүлэхийг шаарддаг юм бэ?
-Бид шалгалтад унах ямар ч боломжгүйгээр бүх зүйлээ л хийчихсэн байдаг. Манайх 34 жолоочтой. Гэтэл ирээд л танайх нэг эмчтэй юм байна эмч хангалтгүй, гурван эмч байх ёстой гээд л хасчихна. Бичлэг хийдэггүй камертай юм байна хас. 34 хүнд есөн жорлонтой л доо манайх. Гэтэл дор хаяж 11 жорлон байх ёстой хас гэх мэтчилэн иймэрхүү шалтгаар л хасчихдаг. Мэргэжлийн хяналт нь шалгамаар байдаг юм бол нүүрсний чанарыг шалга л даа. Эсвэл уурхай дээрээс 100 тонныг ачаад гартал Цагаан хадан дээр буулгахад 99 тн, цаашаа ачаад 98 тн болчихдогийг шалга л даа. Нэг машинаас 2 тонныг шууд иддэг. Төрийн алба уг нь үүнийг л шалгах ёстой биз дээ.
-С зөвшөөрлийг олгохдоо яаж олгох ёстой юм бэ?
-Гурван уурхайд олгож байгаа юм бол жигд олго. Энэ удаад хятад монгол, хулгай хийсэн хийгээгүй хамаагүй ингээд өнгөрлөө. ЭТТ-д 18 хувь нь ард түмний мэдэлд байдаг. Тэр 18 хувьд нь ард түмнээс мэддэг хүн нь төлөөлөөд суумаар байна. Мөн монгол компаниудын төлөөллүүдийг оруул. Тэгвэл зөв хуваарилна. Уурхайнууд өөрсдийн танил тал, авлигын замаар хуваарилалт хийсэн бол олгосон эрхээ буцааж ав.
Сэтгэгдэл
зочин [202.9.46.161] 2023-01-18 09:02:57
Төмөр замаа хурдан ашиглалтанд оруулаач ээ хулгайч нар идэх гээд төмөр замыг шахаад байх юм
Shokoo shokoo [66.181.161.25] 2023-01-15 22:04:17
Jorj darga mundag hvn dee
Зочин [202.179.8.210] 2023-01-15 07:31:02
Хуваарьлалтаа зөв хийхгүй бол Монгол жолооч нар нь талбайд биш урд хилээ хаагаад л жагсаж байгаад Монгол компани нь тэр зөвшөөрөлөө ав л даа бүгд аль машин ямар хүний хамааралтайг ч мэдэж байгаа шүү дээ
sss [192.82.71.201] 2023-01-12 17:02:44
C Зөвшөөрөл бол жинхэнэ авилгын л арга хэрэгсэл, бас хятадуудын тээврийн бизнесийг дэмжиж Монголчуудыг дээрэлхэж буй арга. Үүгээр хамгийн их авилга авч баяжсан новш бол Хүүкийн найз Сонгуулийн ерөнхий хорооны дарга хийж байгаа луйварчин Дэлгэрнаран шүү....
ЗҮЧ [202.131.241.34] 2023-01-12 11:44:34
С ЗӨВШӨӨРӨЛ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ ХИЛ ГАРААД 3км ЯВАХГҮЙ ЮМ ЧИНЬ 2 ТАЛЫН ХИЛИЙН ЦЭРЭГ, ГААЛЬ, ТОХИРООД Л БОЛНО, ХЭРВЭЭ ЗАСВАР, 3км-ээс ЦААШ ЯВАХ , НҮҮРСНЭЭС ӨӨР АЧАА АЧИХ БОЛ ХИЛ ДЭЭР ӨГДӨГ БАЙХ
дош [103.57.94.185] 2023-01-12 10:16:15
сайхан авдаг гаруу!? 1992 оны 6-р сараас 2 орны засгийн газар гаргасан. бас жолооны зурагтай хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн зөвшөөрөл бсан. түүнийг нь хилийн цэрэг олгодог бсан. одоо харагдахаа больсон байналээ.
зочин [203.98.76.100] 2023-01-12 09:38:10
энэ хүн чинь ёстой нөгөө нүүрсний хулгайг яаж хийгээд байгааг хэлээд байгаа юм бишүү ккк