Л.ДҮГЭРЖАВ: АНТАРКТИДАД МОНГОЛ ГЭРЭЭ ҮЛДЭЭГЭЭД ИРСЭН

Aдмин / Нүүр

Антарктидад Монголоос очсон дөрөв дэх судлаач болох геологич Л.Дүгэржав өнгөрсөн мягмар гаригт эх орондоо ирэв. Тэрээр Өмнөд туйлд очоод ирсэн сонин хачнаасаа өчигдөр хэвлэлийнхэнтэй хуваалцсан юм. Түүнтэй ярилцлаа.


-Та Антарктид руу хэзээ явлаа. Хэд хоноод ирэв ээ?

-Монголоос яваад нийт 19 хоноод ирлээ. Антарктид явахдаа Улаанбаатараас онгоцоор нисээд Москва, Прагаар дамжин арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Софид очсон. Тэнд Антарктидад хамт байх Болгарын багийн нөхдүүдтэйгээ нийлсэн. Ингээд Антарктидын зах буюу Ливингстоны арал хүртэл нийт 31 мянга гаруй км зам туулж очсон. Энэ хооронд нисдэг тэрэг, усан онгоц гээд янз бүрийн унаа хөлөглөсөн дөө.

-Ирэхдээ ямар замаар явав. Ер нь нийт хичнээн км зам туулсан бэ?

-Ливингстоны арлаас наашаа яг очсон замынхаа маршрутаар буцсан. Нийтдээ 65 мянган км зам туулсан байна.

-Антарктидад очоод ямар судалгаа хийв. Тэндхийн сонин хачнаас дуулгаач?

-Болгарын туйл судлалын багтай Монголын Антарктидын нийгэмлэг таван жилийн гэрээ байгуулсан байдаг. Бидний хамтын ажиллагаа хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Гол нь Антарктидад цаг уур, ус, геологи, микробилогийн судалгаа хийх ажилд монгол судлаач оролцох зорилготой юм. Ингэснээр Монголын цаг агаарын судалгааны цаашдын чиглэлийг тогтооход чухал ач холбогдолтой. Нөгөө талаар Монголоо сурталчлах ажлын нэг хэлбэр болж байгаа юм. Антарктидад гадаадын олон орны судалгааны баг ажиллаж байна. Тиймээс байрласан газартаа эх орныхоо далбааг хатгасан. Мөн жижигхэн монгол гэр барьсан. Гэрийг гадаадынхан их сонирхон гайхаж байна лээ. Би тэр гэрт бэлгэдэл маягаар нэг хоносон. Тэнд утаагүй түлшээрээ гал түлж багийнхандаа борцоор хоол хийж өгсөн. Их л сонирхож байна лээ.

-Гэрээ тэнд үлдээсэн үү?

-Тэгсэн. Барьсан чигээр нь үлдээгээд ирсэн. Тэнд байгаа судалгааны бааз буухдаа хураачихна. Тэгээд ирэх жил Монголоос очих дараагийн судлаач дахиад тэр гэрээ барина.

-Гэр салхинд хийсэхгүй юу?

-Гайгүй. Ер нь салхи нь хүчтэй л дээ. Бид очсон өдрөө далайд хөлөг онгоцноос буугаад моторт завиар эрэг хүрэх үед далайн салхи шир үүсээд давалгаанд нь шидэгдчихсэн. Тэр шөнө дунджаар 28 м/сек хүртэл хүчтэй салхилсан гэж байсан. Ер нь очсоны дараа хэд хоног хүчтэй салхилсан. Тэр нь яаж мэдэгдсэн гэхээр, Монголын далбааг мандуулаад гурав хоносны дараа үзүүрээсээ хоёр см хэртэй тасраад алга болчихсон. Харин дараа нь салхи тогтонги болсон хойно шинэ далбаа хатгасан л даа. Тэгээд арав хоногийн дараа үзүүр нь сэмэрч байх жишээтэй. Салхигүй үед шүү дээ.

-Тэнд мандуулсан далбаагаа яасан бэ?

Энд аваад ирсэн. Одоо Ерөнхийлөгчид гардуулж өгөх гэж байгаа.

-Таны очсон газар Антарктидын зах хавиар юм байна. Ер нь Антарктидын гүнд болоод эрэг хэсгээр хичнээн судлаач ажиллажбайгаа вэ?

-ОХУ, АНУ-ын судалгааны баг Антарктидын гүнд судалгаа хийдэг. Цэвэр мө- сөн дээр амьдарч байна гэсэн үг. Цаснаас өөр зүйл олж харахгүй л дээ. Бидний очсон газар бол эрэг хавиар нь юм. Тэнд ирээдүйд хүн амьдрах боломжтой эсэхийг судалж байгаа байхгүй юу. Ер нь Антарктид Монголоос арав дахин том газар нутагтай. Тиймээс үүнийг бүхэлд нь судлахад багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулагдана. Өнөө жил Антарктидад 36 орны 3900 гаруй судлаач ажиллана гэсэн тооцоо байна лээ.

-Антарктидын цаг агаар ямар байсан бэ. Одоо тэнд зун болж байгаа байх аа. Ер нь дэлхийн дулаарлын байдал нөлөөлсөн зүйл ажиглагдаж байна уу?

-Энэ чиглэлийн судалгаа хийж байгаа Испанийн багийн нөхдүүдтэй уулзаж ярилцсан. Цаг уурын илэрхий өөрчлөлт зарим нэг зүйл дээр ажиглагдах болохоос биш мөсний хэмжээ хорогдоод хайлаад байгаа юм байхгүй. Дулаарал дэлхий даяараа болж байгаа учраас бас мэдрэгдэж байгаа зүйл бий байх. Одоо Өмнөд туйлд зун болж байгаа. Өдөр шөнө нь мэдэгдэхгүй нэг хэвийн гэрэлтэй. Цаг агаарын температур нь ерөнхийдөө 0+2 градус байсан. -Зун нь тэнд ургамал ургах уу. Пенгвин, далайн гахай мэдээж байсан биз…

-Далайн эрэг хавиар загас байна. Пенгвин маш их байсан. Тэгээд цахлай шувуу, мэдээж далайн гахай, халим. Мөн далайн замаг, хадан дээр ургадаг хагд гэж ургамал байдаг юм билээ. -Өмнөд туйлд очсон хойно таны биед ямарнэгэн өөрчлөлт мэдрэгдэж байв уу? -Нэг их сүйдтэй өөрчлөлт мэдрэгдээгүй. Монголчууд хүйтэн уур амьсгалтай цастай газар зохицно л доо. Миний хувьд бүтэн жилийн хугацаатай байгаагүй учраас айхтар мэдэгдсэн юм байхг үй.

-Антарктид руу аялал жуулчлалаар очих боломжтой гэсэн. Ийм байдал хэр ажиглагдаж байна. Жирийн хүмүүс очсон байх юм уу?

-Арал дээр очиж байгаа энгийн хүн гэх юм бол Монаккогийн хан хүү Альберт. Тэр өнөөдөр очиж байгаа гэнэ. Тэнд гурав, дөрвөн цаг болоод буцах юм байна лээ. Намайг тэнд байх үеэр жирийн хүмүүс аялахаар очсон тохиолдол байгаагүй.

-Өмнөд туйлын газар нутгийг яваандаа улс орнууд өмчилж авах тухай яригдаж байгаа юу?

-Антарктидын конвенцийн дагуу тэр тивийн газар нутаг хэний ч өмч биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ тивд хэн хайгуул судалгаа хийсэн, үүнд хэн их хөрөнгө зарцуулсан нь Антарктидын газар нутгийг манайх гээд өмчл өхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тэнд цэвэр ус, нефть, нүүрс, зэсийн орд газар бий. Бүх л эрдэс баялаг байгаа. Ойрын хоёр гурван зуун жилдээ энэ дэлхийн 10 тэрбум хүнийг тэжээх хэмжээний эрдэс баялгийн нөөц бий.

-Хэрэв тийм цаг ирвэл манай Монгол Улс тэр газар нутгаас өмчилж авах боломж байгаа болов уу?

-Тэр боломжийг олж авахын тулд Монголын судлаачид гадны судалгааны ажлын багт багтаад яваад байна. Цаг уурч, геологич хүмүүс яваад ирлээ. Одоо ирэх жил микробиологийн судалгааны хоёр хүн явна.

-Та тэнд алт угаасан гэж байсан. Гарч байна уу?

-Би Болгарын багт багтсан байсан. Энэ багт дандаа геологийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс байлаа. Би өөрөө Болгарт геологич мэргэжлээр боловсрол эзэмшсэн хүн. Тэгээд манай багийнхан алтны судалтай газруудаас шороо авч угааж үзсэн. Гэхдээ алт гараагүй. Үүнээс гадна зэсийн хүдэр илэрхий харагдаж буй газар ч байна лээ. Ер нь Антарктидын хаана нь ямар эрдэс чулуу байна гэдгийг тогтоох ажлууд хийгдсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.116] 2023-01-25 17:22:53

Бичих юм олдохгүй байгаа юм уу. Яагаад нас барсан хүний ярилцлагыг одооных юм шиг тавиад байгаа юм бэ.

Zocnin [174.90.223.144] 2023-01-25 02:50:34

Ex orondoo ihiig hiijee. Araas ni oor sudlaacn ocnson uu

Зочин [66.181.191.27] 2023-01-24 20:31:41

Сэтгүүлчил ийи ёс зүйгүй болсон юм уу? Ядаж тайлбар, он сараа тавьдаг байгаа.

Зочин [122.201.22.28] 2023-01-24 17:46:50

Бурхан болсон хүнээр олон түмнийг ингэж тохуурхаж болохгүй дээ.

Зочин [202.9.46.46] 2023-01-24 14:17:44

Алтай таван богдын мөс их хайлсан байна. Монгол улс нүүрс экспортолж хүлэмжийн хий ялгаруулж уур амьсгалын өөрчлөлтөнд хувь нэмэр оруулж байгаа орнуудын нэг шүү дээ.

хмм.... [43.228.129.139] 2023-01-24 12:56:49

судлаач багш мааньь жил гаруйн өмнө тэнгэрт морилсон до...... сэтгүүлч нь, сайт нь энэ мэдээллээ нягталж залруулга хийхгүй бол талийгчийн ойр дотны хүмүүст эвгүй л юм да,

Зочин [98.204.176.20] 2023-01-24 09:40:56

Hamag mos hailah gej bhad demii dongosoh gej

Ёсзүйгүй [66.181.191.251] 2023-01-24 09:25:13

Энэ хүн бурхан блооч болоод удаж байна. Дөнгөж өчигдөр ирээд ярилцлага өгсөн мэт бичээд бдаг нь хэр зөв бэ. Эх сурвалжаа шалгаач хөө.

Зочин [122.201.22.233] 2023-01-24 09:08:57

Энэ ажлаар явж байх үед засаг төрөөс хэрхэн тусалсан бэ.Энэ эрдэмтэн бурхан болсон.Яаж яриоцлага авав.

zochin [64.119.21.83] 2023-01-24 09:02:03

Энэ судалгааны ажилд монгол улсын засгийн газар хөрөнгө гаргах хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол 20-50 жилийн дараа бидний үр ач нарт хэрэг болох судалгааны эхлэл шүү

Зочин [98.204.176.20] 2023-01-24 09:41:21

Mos hailj duusna

Зочин [203.91.115.55] 2023-01-24 08:34:16

Нөхөд гэдэг юм шүү. Бид нийгмээрээ буруу яриа руу гулсаад байна. Хулгайчууд, авилгачид, нүүрсчид, сайд нар, багш нар, түшээд, жолооч нар, нисгэгчид, хоньд, үхэрнүүд, одод, юмс, номс, сувс гэх мэтээр монгол хэлний үгийн олон тоо үүсдэг жишээ бий.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.