В.Путин Африкийн орнуудын удирдагчидтай үр тарианы гэрээний талаар хэлэлцэнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зургаадугаар сарын 17-нд Африкийн удирдагчидтай Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгын талаар хэлэлцэнэ гэж түүний туслах лхагва гарагт мэдээлжээ.
Африкийн орнуудын удирдагчид тивдээ үр тариаг тогтвортой нийлүүлэх сонирхолтой байгаа, харин одоогийн үр тарианы гэрээний дагуу ийм нөхцөл хангагдахгүй байна гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков лхагва гарагт эхэлсэн чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Энэхүү гэрээний ОХУ-тай холбоотой нөхцөлүүд хэрхэн биелж байгаад бид сэтгэл дундуур байна. Үнэндээ сэтгэл хангалуун бус байна. Иймд гэрээг үргэлжлүүлэн сунгах эсэх талаар бид тунгаан бодох болно” гэж Ю.Ушаков хэлжээ.
Тэрбээр мэдэгдэхдээ, Орос-Африкийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт Африкийн орнуудад барууныхны үзүүлж буй “туйлын хүчтэй” шахалтыг үл харгалзан Санкт-Петербург хотноо долоодугаар сарын 27-28-ны өдрүүдэд болно гэжээ. Хэдийгээр шахалт үзүүлж байгаа ч ихэнх улс орнууд манай дээд хэмжээний уулзалтад оролцохоо батлан мэдэгдсэн гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил “идэвхтэй” явагдаж байгааг дурдаад, энэхүү уулзалт нь Орос-Африк тивийн орнуудын цаашдын харилцаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл