Ирланд улс төвийг сахих асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна

Aдмин / Гадаад мэдээ

Ирландын Засгийн газар олон жилийн турш баримталж ирсэн тус улсын цэргийн төвийг сахих бодлогын талаар олон нийтийн хэлэлцүүлгийг пүрэв гарагт Корк хотод эхлүүлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх хэлэлцүүлэг Ирландын гурван хотод болно. "Олон улсын аюулгүй байдлын бодлогын асуудлаар зөвлөлдөх чуулга уулзалт" хэмээн албан ёсоор нэрлэж буй энэхүү хэлэлцүүлгийн үеэр дэлхийн өнөөгийн байдал, олон улсын тавцанд Ирландын гүйцэтгэх үүрэг, дэлхий нийтэд одоо тулгарч байгаа болон шинээр бий болж буй аюул занал зэрэг сэдвээр 18 салбар хэлэлцүүлэг болно.

Үүнээс гадна, НАТО-гийн талаар цаашид баримтлах бодлого, аюулгүй байдлын асуудлаарх Европын Холбооны /ЕХ/ нийтлэг бодлогод Дублиний оролцох зарчмуудыг тодорхойлоход энэхүү чуулга уулзалт нь хувь нэмрээ оруулах ёстой юм.

Ирландын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд Мишоль Мартин чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дөрөвдүгээр сард зарлахдаа, одоогийн Засгийн газар "Ирландын төвийг сахих бодлогыг өөрчлөх" эсвэл тус улсыг Умард Атлантын эвсэлд элсэх асуудлыг хөндөхөөр төлөвлөөгүй, гэхдээ Ирланд улс ялангуяа Украинд үргэлжилж буй мөргөлдөөнтэй холбоотойгоор бусад улс, үндэстэн, ард түмэн, угсаатны бүлгүүдийн хэрэгт оролцохгүй байх үзэл дээр үндэслэсэн гадаад бодлогын чиглэлийг /Isolationism/ баримтлах боломжгүй гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, хэлэлцүүлэгт бусад орны шинжээчид, төлөөлөгчдийг урьж оролцуулах бөгөөд Ирланд улс олон улсын аюулгүй байдлын салбарт бодлогоо хэрхэн тохируулах вэ гэдэг асуудлыг нарийвчлан авч үзэх зорилготой юм.

Тус улсын сөрөг хүчний олон төлөөлөгч энэ чуулга уулзалт нь төвийг сахих зарчмыг хэсэгчлэн алдагдуулах, ялангуяа Ирландын өөрийгөө хамгаалах хүчнийг гадаадад ашиглах хатуу шалгуурыг эргэн харах талаар олон нийтийн санаа бодлыг бэлтгэх зорилготой гэж үзэж байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард тухайн үед шадар сайдын албыг хашиж байсан Лео Варадкар Украинд болж буй үйл явдал нь Ирландын Засгийн газрыг цэргийн төвийг сахих бодлогыг эргэн харахаас аргагүйд хүргэж байна гэж мэдэгдэж байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.