Д.Ганбаяр: Төрийн дарангуйлал тогтсон учраас хүний эрх зөрчигдөж, улсын хөгжил саарч байна

Aдмин / Хууль

Орос Украины дайныг эсэргүүцсэний улмаас дарамт, шахалтад орж элэг нэгт Монгол орноо зорьж ирсэн ОХУ-ын иргэн Халимаг Б.Баатарын эрхийг хамгаалж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад авч гарч чадсан Олон улсын эрхзүйч Д.Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр Ардчилсан намд Хүний эрхийн хороог гишүүдийн хамт санаачлан байгуулжээ. Тус хорооноос С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэдэг аравдугаар сарын 2-ны өдөр “Хүний эрх ба Үзэл санааны хоригдол” форумыг зохион байгуулах аж.

-Таныг Удирдлагын академид багш байхаас эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн болж компанийн засаглалыг Монголд бий болгох гэж явж байгааг мэдэхийн хувьд яагаад улс төрийн намд орж сүүлдээ хүний эрхийн хамгаалагч болсон талаар юуны өмнө тодруулж болох уу?

-Би Америкт эрсдэлийн удирдлага, компанийн засаглалаар суралцаж ирээд судалгаа хийж багшилж зөвлөж байсан. Компанийн засаглал сайн байж гэмээнэ бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэж улмаар нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулж, улс орон хөгждөг. Сайн засаглалыг компаниудад хэрэгжүүлэх гэж явахад төрийн байгууллагын дарамт шахалтаас болж авлига өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Ингэснээр компаниуд шударгаар үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрдэг. Тиймээс Монголын төрийг нийтийн засаглалыг хэрэгжүүлдэг болгохын тулд олон улсын Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) эхлээд байнга шаарддаг ч хэрэгжүүлж чаддаггүй. Шалтгаан нь төрийг сонгуулиар байгуулдаг болохоор яах аргагүй улс төрийн намын засаглалыг сайжруулах хэрэгтэй болдог.

Миний хувьд 2000 онд Ардчилсан намд элссэн ч төрийн (public governance) засаглал, улс төрийн намын засаглалыг (political gover­nance) сайжруулах зорилго өвөртлөн 2017 оноос улс төрд оролцож байна. Монголын улс төрийн намын засаглал улам л тааруу болсоор байна. Үүнийг сайжруулах санаатай Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн, Хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргын ажлыг хийж явсан.

Өнгөрсөн Цагаан сарын үед Халимаг Баатарт туслах ажлыг санаачилж Ардчилсан намынхныг баг болгож ажилласны үр дүнд бид хүний эрхийг хамгаалж чаддаг гэдгээ харуулж Монгол Улсын нэр хүндийг олон улсад аварч гарсан. Энэ талаар олон хүн хэлж талархсан.

-Та эрхзүйч хүний хувьд өнөөгийн Монголын асуудал нь улс төрийн намын засаглалын гажуудлаас болоод Төрийн засаглал болохгүй байна гэж хэллээ. Тодорхой хуулийн жишээгээр тайлбарлахгүй юу?

-Монголын улс төрийн намууд төрийн сонгуульд оролцож эрх барихыг л боддог болохоос биш бусад ардчилсан улс орнуудын улс төрийн намуудтай адил улс төрийн ажил хийдэггүй. Хийх гэхээр нэр хүнд, рейтингт нь нөлөөлөх гээд байдаг тул эрх баригч нам төрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хүч, нөлөөгөөрөө дарангуйлж сөрөг хүчнээ намнах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарладаг. Товчхондоо эрх баригчид өөрсдөө Үндсэн хууль зөрчиж, хууль хүчний байгууллагыг өөрсдийг нь хуулиа зөрчүүлж ашиглаад байгааг хүн бүр л хэлдэг болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Хүнийг эрхэлсэн ажил, үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж болохгүй, мөн 16.10-т аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө, гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэдэг боловч зөвхөн сөрөг хүчний гишүүдийг гэлтгүй, үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчийн эрхийг зөрчих нь хэвийн үзэгдэл болчихоод байна.

Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Ковидын үеэс хэлсэн, шүүмжилсэн болгоныг барих, хорих, гав зүүх үзэгдэл ердийн болж Монгол Улс дарангуйллын нийгэм рүү аажмаар орж байгааг иргэд анзаарч эрх нь зөрчигдсөн ч хүлцэнгүй болж, дийлэнх залуус харь улсад очиж амьдрахыг сонгож байна.

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан ч хэрэгжүүлэх байтугай хариуцлагаа хүлээдэггүй төрийн засаглалтай улс болчихоод удаж байна.

-Үндсэн хуулийн уг заалтад хүний эрх, эрх чөлөөг хангахуйц гэдэг нь чухал болчихоод байна. Үүнийг яаж хэрэгжүүлэх боломж байна вэ?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрхийг хангаж чаддаггүй юм гэхэд Үндсэн хуульд заасан хүний эрхийн ядаж Үндсэн эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ ч хязгаарлаж болохгүй. Энэ эрх нь бусад эрхээ эдлэх суурь нөхцөлийг хангаж байдаг хамгийн чухал заяагдмал эрх юм шүү.

Үүнийг Эрүүгийн хуулийн 13.14-т “Илт худал мэдээлэл тараах” гэж оруулсан нь эрх баригч төр засгийг шүүмжилж эсэргүүцэх, жагсах байтугай цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоор пост хийхэд хүртэл эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог.

Эрүүгийн хэрэг бол гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх ёстой байтал энэ зүйл ангиар бүрэлдэхүүнтэй болохыг нотолж чаддаггүй. Надад ч гэсэн иргэн Д.Мөнх-Эрдэнийг өмөөрч үг хэлж, шүүмжилсэний төлөө хэрэг үүсгэж байсан гэж бодоход дэлхийд байхгүй стандартыг Монголд бий болгож улмаар дарангуйллын нийгэм рүү хөтөлж байна.

Тийм учраас улстөрчийн хувьд Улс төрийн намын тухай хуулийн 14.1.3-т заасан намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Ардчилсан намын дэргэд Хүний эрхийн хороог үзэл санаа нэгт нөхөдтэйгөө санаачлан байгуулсан. Энэ хорооны үйл ажиллагаа нь улс төрийн үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалах боломж олгож байгаа юм.

Нөгөөтэйгүүр 2021 онд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг нь эрх баригч МАН 30 дугаар их хурлаас 30 мянган хүний эрхийн хамгаалагчийг бэлтгэнэ гэж сүртэй тогтоол гаргаж Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран бэлтгээд байсан. Тэр тогтоол хаана байна вэ. Өнөөдүүл нь яагаад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж хүний эрхийг хамгаалахгүй байгаа нь тодорхой. Яаж өөрийн намын байгуулсан төрийг шүүмжилж, өөрсдийгөө эсэргүүцэж чадах билээ дээ. Тиймээс л улс төрийн намын засаглалыг төрийн засаглалаас салгаж өгөхгүй бол улс төрийн ялгаварлан гадуурхалт их болж хүний эрх ноцтой зөрчигдсөөр байна.

-Танай Хүний эрхийн хороо яаж ажиллах гэж байна вэ?

-Монголын ардчилсан нийгмийг бий болгоход манлайлсан сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач, улстөрч С.Зориг агсныг жил бүр Ардчилсан намын зүгээс хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөөд тардаг байсан. Бид С.Зориг агсныг Хүний эрхийн хамгаалагч байсан учраас өнгөрсөн төрийн дарангуйллын нийгмийг өөрчилсөн гэж үздэг. Тиймээс жил бүрийн энэ өдөр Хүний эрхийн форум зохион байгуулж байхаар намын дарга тушаал гаргаж Хүний эрхийн хороог байгуулсан. Тус хороо нь улс төрийн намын засаглалыг бий болгох GRC буюу Засаглал-Эрсдэл-Комплаенс тогтолцоог Ардчилсан намд бий болгож түүчээлэх юм.

Үүнийг бий болгох гэж энэ форумыг зохион байгуулж, бусад уригдан оролцож байгаа намын нөхдөдөө уриалж, хамтдаа хүний эрхийг хамгаалдаг тогтолцоог улс төрийн нам хэрэгжүүлдэг болгохоор ажлаа эхлүүлж байна. Цаашид хийх ажлаа хийсэний дараа л яаж өөрчилж болдгоо харуулах нь чухал байх даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.128] 2023-10-02 17:38:15

Хачин царайтай гар вэ

зочин [139.5.216.220] 2023-10-02 12:30:54

АНУ-д тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчин, Сайханбилэг тэргүүтний багийн хүн гэнэ үү?

Мөнх [66.181.182.78] 2023-10-02 11:02:43

Эрх нь аль аль талдаа дэндлээ Ард олон мөнгөтэйд үйлчилж жагсаал янз бүрийн гүтгэлэг доромжлол явуулах дэндлээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.