М.МАНДАХМЯГМАР: ХААН БАНК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД НИЙТ 10 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛААД БАЙНА

Aдмин / Эдийн засаг

ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмартай тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудынх нь талаар ярилцлаа.

-ХААН Банк Тогтвортой хөгжлийг яагаад чухалчилж авч үздэг гэдгээр яриагаа эхэлье?

-Тогтвортой хөгжлийн бодлого ярихаас өмнө нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа тухай танилцуулъя. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголт 2000 оны үеэс Монголд дэлгэрч эхэлсэн. Тухайн үед л ХААН Банк дотоод буюу ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийддэг, татвараа цаг тухайд нь төлдөг, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байсан, одоо ч тэр жишгээр явж байна. Харин компанийн нийгмийн хариуцлагыг системтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор 2007 оноос дэргэдээ ХААН Банк санг байгуулж байлаа. Энэ хүрээнд бодитой, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл нийт 10 тэрбум төгрөг зарцуулаад байна. Дэлхий даяар яригдаж эхэлсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилго руу яаж бид уялдаж ажиллах вэ гэдэг санал, санаачилгууд 2018 оноос гарч, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаануудаа илүү тэлснээр банкныхаа дотоод үйл ажиллагааны түвшин бүрд тогтвортой хөгжлийн зорилгыг нийцүүлэн ажиллаж эхэлсэн.

Ингээд 2019 онд тогтвортой хөгжлийн ажлын хэсгийг байгуулан, жил болгон банкны үйл ажиллагааны жилийн тайлангаас тусдаа тогтвортой хөгжлийн тайлан гаргадаг болсон. 2020 онд манай банк дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогоо баталж, энэ дагуу олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Загварчлалаа тодорхой болгож, дотоод үйл ажиллагаа, шийдвэр гаргалтууд, бизнесийн хөрөнгө оруулалтуудтай уялдуулах, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын, нийт ажилтнуудын түвшинд ойлголтоо нэгтгэх зэргээр маш олон ажил зэрэг хийгдээд явж байна.

-Тогтвортой хөгжлийн чиглэлээр тогтмол хийдэг, уламжлал болсон үйл ажиллагаанаасаа дурдвал?

- Ер нь Тогтвортой хөгжлийн чиглэлээр дотоод, гадаадын олон хөтөлбөр тогтмол хэрэгжүүлдэг. Үндэсний хэмжээний форум, чуулган, уулзалтад оролцож, сайн туршлага хуваалцсаар байна. Жил бүрийн намар бид шинэ оюутнуудад зориулсан томоохон үйл ажиллага хийдэг. Өнгөрсөн 9-р сарын 23-нд энэ жилийн “RISE-шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн нээлтээ хийлээ.

Бид энэ хөтөлбөрийг 2018 онд анх эхлүүлж байсан. Анх удаа оюутан болоход ялангуяа орон нутгаас оюутан болж хотод ирдэг хүүхдүүдэд маш их сорилт бэрхшээл тулгардаг шүү дээ. Ямар бэрхшээл хамгийн ихээр тулгарч байна, үүнийг яаж шийдвэрлэх вэ, оюутны 4 жилд амжилттай үр бүтээлтэй сурахад нь ямар чадварууд хэрэгтэй байна вэ гэдгийг судлаад яг хэрэгтэй мэдлэг, мэдээллийг нь нэг дор өгөх зорилготойгоор хөтөлбөрийг анх эхлүүлж байлаа.

ХААН Банк сан RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрөө зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ жилийн хөтөлбөрийн нээлтэд 800 орчим оюутан ирсэн. Жил жилийн намрын хамгийн олон оюутан цуглардаг, хүлээлт үүсгэдэг хөтөлбөр болсон. Хөтөлбөрийн хүрээнд залуус шинэ хүрээлэл үүсгэж, нийгэмдээ манлайлж буй залуу манлайлагчидтай чөлөөтэй ярилцаж, мэдлэг чадвараас нь суралцаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлдэг уламжлалтай. Гэхдээ зөвхөн нэг өдрийн арга хэмжээ бус цаашдаа бүтэн жилийн хугацаанд төрөл бүрийн хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг. Нээлтийн үйл ажиллагаанд орж чадаагүй ч RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2023-2023 группт нэгдээд хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой гэдгээрээ онцлог юм. Хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд дараагийн жилүүддээ яаж амжилттай сурах, сургуулиас гадуур яаж өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд яаж байр сууриа олох вэ гэдэгт тусалж байгаа хэрэг юм.

-Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол нь юу гэж харж байна?

-Энэ жилийн тухайд нээлтийн арга хэмжээгээр дамжуулаад бид шинэ оюутнуудад тогтвортой хөгжлийн тухай ойлголт өгөхийг зорилоо. Жишээ нь, бид НҮБ-ын залуучуудын зөвлөх хорооны төлөөллийг урьж оролцуулж, Тогтвортой хөгжлийн гол илтгэлийг миний бие хамтран тавьсан. Тогтвортой хөгжил гээд ярихаар хүмүүс өөрсдөөс нь хол хөндий гэж боддог ч энэ нь бидний өдөр тутмын, энгийн амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Үүнд иргэн, хувь хүн бүрийн оролцоо чухал байдаг. Оролцоог нэмэгдүүлэх хамгийн чухал арга бол энэ талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх юм. Тэгэхээр залуусын амьдралын хэв маяг Тогтвортой хөгжлийн 17 зорилготой яаж уялдах, бид өөрсдөө яаж хувь нэмэр оруулах вэ гэх мэт маш энгийн дадал хэвшлүүдийг хэлэлцүүлгүүдээрээ дамжуулж өгсөн.

Мөн нээлтийн үеэр энэ жил 8 байгууллага бидэнтэй хамтран ажиллаж, оюутнуудад зориулан мэдээллийн булан ажиллууллаа. Автобусны билет хэрхэн захиалах вэ гэдгээс эхлээд оюутнуудад тулгамддаг эрүүл мэндийн асуудал, банкны үйлчилгээг хэрхэн хялбараар авах гэхчилэн шинэ оюутнуудад хамгийн хэрэгтэй мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Мөн цалинтай дадлага, цагийн ажилд хамрагдах боломжууд, ногоон байгууламж байгуулах ач холбогдол, хуучин хувцсаа хэрхэн шинэчилж болон гэх мэт Тогтвортой хөгжлийн талаар өргөн цар хүрээнд мэдээлэл хүргэлээ.

-RISE хөтөлбөрт өмнөх жилүүдэд хамрагдсан оюутнуудтай эргэх холбоо байгаа юу?

- RISE хөтөлбөрийн оюутнууд маш идэвхтэй байдаг. Энэ оны арга хэмжээнд жишээ нь өмнөх оны хөтөлбөрт хамрагдсан оюутан залуучууд сайн дурын ажил хийж оролцлоо. Сайн дурын ажилд идэвхтэй байдаг оюутнууд ХААН Банк сантай байнгын холбоотой байдаг. Үйл ажиллагаанд оролцох, сангийн төслүүдэд гар бие оролцох, мэргэжлийнхээ чиглэлээр банканд дадлага хийх гэх мэт олон давуу тал, боломжууд бий. 2024 онд дахин нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахад энэ жилийн хүүхдүүд сайн дурын ажилтнууд болох боломжтой.

-Цаашдаа ХААН Банк Тогтвортой хөгжлийн ямар бодлого стратеги баримталж ажиллах вэ?

-Бид дунд хугацаандаа цахим стратеги батлаад энэ жил хэрэгжилтийн сүүлийн үе шатандаа явж байна. Банк санхүүгийн үйлчилгээг цахимжуулахад нэлээдгүй ажиллаж, олон шинэ төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байгаа нь тогтвортой хөгжилтэй уялдана. Харилцагчийн салбарт ирэх цагийг хэмнэнэ гэдэг тэр хэрээр машин техникээ унаад замын хөдөлгөөнд оролцохгүй болно, ингэснээрээ хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Харилцагчийн бүрдүүлдэг хэвлэмэл баримтуудыг цөөлж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж байна. Энэ мэт тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд олон улсын стандарт, чанарын шаардлагуудыг хангахыг зорьж байгаа юм.

Бид олон улсын санхүүгийн зах зээлээс маш их хэмжээний эх үүсвэрүүдийг татаж, харилцагчдадаа зээл олгодог. Үүний цаана маш олон шалгуур давдаг. Эдгээр нь дандаа Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдаж орж ирдэг. Тухайн шалгууруудыг хангахын тулд ХААН Банк ААН-ийхээ хувьд Тогтвортой хөгжлийн 17 зорилго, стандартуудад нийцсэн байх шаардлагатай. Дунд хугацаанд зөвхөн бизнес гэлтгүй үйл ажиллагаа маань уур амьсгалын өөрчлөлтөд ямар эерэг нөлөөтэй байх, дэлхийн дулаарлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад ХААН Банкны үйл ажиллагаа, бизнес, нийгмийн хөрөнгө оруулалтууд нь яаж оролцох талаар стратегийг тодорхойлоод явж байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.148] 2024-01-07 14:50:06

бүүр нэг сайн яваа нэгнээ үзэж чаддаггүй үхэр монгол зантай

Зочин [202.9.40.145] 2023-10-04 12:10:02

Хамгийн шулаач, шукатай банк. Эх орноо, нийгмээ шулаач. Далд цаашаа.

aagii [202.21.114.197] 2023-10-04 11:04:10

haraal idsen shuldag pisda shig llriin bankiig mongoloos zailuulah heregtei


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.