Д.Оюу: Нээлттэй ажлын байрны өдөрлөг Голомт банкны бүх салбарт зэрэг болно

Aдмин / Эдийн засаг

Голомт банк “JOB FAIR-2023” буюу Нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан тус өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай ярилцлаа.

- Голомт банкны Нээлттэй ажлын байрны өдөрлөг ирэх долоо хоногт буюу 10-р сарын 10, 11-ний Мягмар, Лхагва гаргуудад болох гэж байгаа юм байна. Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Голомт банк JOB FAIR өдөрлөгийг уламжлал болгон хийдэг төдийгүй их, дээд сургуулиудаас зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүдэд ажил олгогчийг төлөөлж тогтмол оролцдог. Энэ жилийн Нээлттэй ажлын байрны өдөрлөгийг 10-р сарын 10, 11-нд 09:00-19:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотод байрлах Голомт банкны бүх салбар, бизнес төвүүдэд зэрэг зохион байгуулах гэж байна.

Өнөөгийн замын түгжрэл ихтэй, хурдтай, завгүй нийгэмд иргэд, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд маань өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны дурын салбар дээр очсоноор нээлттэй ажлын байруудтай танилцаж, анкет бөглөн анхан шатны ярилцлагад орох бүрэн боломжтой. Ингэснээр ажил хайж байгаа хүмүүсийн цаг завыг хэмнээд зогсохгүй шийдвэр гаргалтууд маш хурдтай явагдах боломжтой болсноороо их давуу талтай юм.

- Энэ жилийн ажлын байрны өдөрлөг өмнөх жилүүдээс юугаараа онцлог болох вэ?

Бид өмнө жилүүдэд өдөрлөгийг зөвхөн нэг байршил, нэг оффис дээр төвлөрч хийдэг байсан бол энэ жилийн хувьд банкныхаа бүх салбар, тооцооны төвүүдэд нэгэн зэрэг зохион байгуулж буйгаараа онцлог болж байна. Хоёрдугаарт, тухайн ажил горилогч тэр дороо ажлын анхан шатны ярилцлагад орох боломжтой. Гуравдугаарт, мэргэжил болон туршлага харгалзахгүйгээр бүх хүнд нээлттэйгээс гадна банкны хэмжээнд сул байгаа ажлын байрууд болон Хүний нөөцтэй холбоотой хүссэн мэдээллүүдийг бүрэн дүүрэн хүргэх болно. Мөн дээрээс нь Голомт банк дахь ажлын байр, албан тушаалууд салбар болон төвийн нэгж гэж хоёр ангилагддаг. Тухайлбал, та салбар тооцооны төвүүдэд теллер, харилцааны менежер, харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллахыг сонирхож байгаа бол тухайн ажиллахыг хүсэж буй салбарын захиралтайгаа шууд ярилцлага хийж, сонгон шалгаруулалтад ороод явна гэсэн үг.

- Өдөрлөгийг зорин ирж байгаа хүмүүс хэрхэн хамрагдах вэ?

Өдөрлөгт оролцохоор Голомт банкны дурын салбарт очиж буй хүмүүс маань тухайн салбарын Харилцагчийн зөвлөхтэй уулзаж ямар ажлын байрууд нээлттэй байгаа талаар мэдээлэл авч, тухайн ажлын байранд ямар шаардлагууд тавигдаж байгааг сайтар анхаарах нь зүйтэй. Өөрийгөө тухайн сонирхсон ажлын байрандаа тохирно гэж үзвэл анкет бөглөж, Голомтын гэр бүлд нэгдээрэй гэж хэлмээр байна.

Мэдээж таны сонирхсон ажлын байрны сонгон шалгаруулалт ганцхан ярилцлагад үндэслэхгүй буюу 2-3 удаагийн сонгон шалгаруулалт явагдахыг ойлгоорой. Таны бөглөсөн ажлын анкет, анхан шатны ярилцлагын хариуг бид хоёр хоногт багтаан өгөх болно.

- Өдөрлөгийг яагаад ийм хэлбэрээр хийх болсон юм бэ? Мөн шинэ төгсөгчдөд хандаж юу гэж хэлэх вэ?

Голомт банк “Харилцагч төвтэй банк” бодлого баримталж ажилладаг. Үүнийхээ хүрээнд иргэд, харилцагчдадаа илүү ойртож хүрч үйлчлэхийг зорьж байна. Мэдээж бүх зүйл дижиталчлагдан цахимаар холбогдож ярилцлага хийх бүрэн боломжтой болсон хэдий ч ажлын ярилцлагын хувьд ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлс гардаг учраас банкны бүх салбар нэгжээрээ дамжуулж өргөн хүрээнд биетээр хийхийг илүүд үзсэн.

Шинэ төгсөгчид, залуу үеийнхний хувьд эцэг эхийнхээ зөвлөснөөр, хэн нэгний хүслээр өөрийн сонирхоогүй мэргэжлээ сонгосон байх нь нийтлэг буюу тэр мэргэжлээрээ сурч төгсөөд яг ямар ажлын байранд юу хийх талаар тодорхой ойлголтгүй, цаашлаад ажил мэргэжлийнхээ гүнд нь орж чадахгүй, өнгөц хандах тохиолдол их. Тэгэхээр нээлттэй өдөрлөгийн үеэр манай банкны салбар нэгжийн туршлагатай захирлууд ярилцлага хийх учир тэднээс карьер төлөвлөлтийн зөвлөгөө чиглүүлэг, цаашдын сурч хөгжих арга барил, банкны салбарт ажиллахын онцлог, давуу тал зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөнүүдийг авах боломжтой юм.

- Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.