НӨАТ-ыг таван хувь болгосноор далд эдийн засаг ил болно
Улс төрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт гарч ирсэн онцлох сэдэв бол НӨАТ-ын таван хувь. Таван хувийг нь татвар төлөгчдөд буцааж олгох дээр УИХ-ын дарга Г.Занданшатар нэлээд хүч хаяж ажиллав. Сангийн сайд Б.Жавхлан анхандаа энэ саналыг эсэргүүцэж байсан ч судлан ярилцана гэдгээ мэдэгдээд байна. Мөн үүнтэй зэрэгцэн D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ. Тэгэхээр НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг санаачлан парламент хэлэлцэхээр болж байна.
Уг нь НӨАТ-ын таван хувь гэдэг нь төсөвтэй шууд хамааралтай зүйл биш л дээ. Иргэд худалдан авалтынхаа таван хувийг л буцаан авах эдийн засгийн эрүүл харилцаа. Төсвийн орлого бүрдүүлэх гол татвар НӨАТ мөн бол харин Нөатын буцаан олголт энэ татвар төлөлтийг урамшуулж байгаа бүртгэлийн механизм. ААН-ийн орлогын татварт ч шууд нөлөөлнө.
Энэ нь зардал болж гарах мэт харагдавч харин ч 10 их наядын далд эдийн засгийг ил болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх сайн талтай гэдгийг зарим эдийн засагч онцолж байна. Түүнчлэн иргэдийн НӨАТ-ын баримтаа нэхэж авах үйл хөдлөлд эерэгээр нөлөөлнө, татвараас зайлсхийлт буурна. Нэг сая татварын байцаагчтай болно гэсэн үг л дээ. Орлого багатай иргэдэд илүү эерэг нөлөө үзүүлнэ. Орлого багатай иргэдийн татвар, шимтгэлийн дараа үлдэх орлого нэмэгдэх нь илүү үнэ цэнэтэй. Энэ агуулгаар тэгш бус байдал буурахад нөлөөлж болох сайн талтай байна.
Инфляц өндөр байгаа үед эрэлтийг нэмэгдүүлснээр хэрэглээний үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж болзошгүй. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээс илүүтэй импортын төлбөрт шилжих эрсдэлтэй байна. Өсөлт өндөр байгаа үед үр ашгийг орлогын дахин хуваарилалтын шууд механизмаар хүртэх нэг хэлбэр байж болно.
Өөрөөр хэлбэл, төсөвт татвар хэлбэрээр орлого бүрдүүлээд түүнийгээ илүү үр ашигтай, үр дүнтэй зарцуулалт болгож чадахгүй байгаа энэ цаг үедэнэ хэлбэрийн шууд шилжүүлэг нь өрхийн секторт хүрэх үр нөлөөний хувьд өндөр байх боломжтой.Эдийн засгийн өсөлт, сэргэлтийн үр шим жигд хэлбэрээр өрхүүдэд хангалттай нөлөөлөхгүй байгаа энэ үед орлогын дахин хуваарилалтыг шууд хийх нэг арга хэлбэр гэж эдийн засагч нар онцолж байна. Ямартай ч НӨАТ-ын хэмжээг таван хувь болгох саналыг 100 мянган иргэн дэмжлээ. Удахгүй парламентад хуулийн төслийг хэлэлцэх нь.
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.10] 2023-10-24 13:34:33
Миний сарын зарлагын ихэнх нь Баянзүрх захаас худалдан авдаг мах, сүү, талх, ногоо, гурил будаанд зарцуулагдана. Энэ захын худалдагч нар нэг ч удаа нөтын баримт надад өгч байгаагүй. 11-11 төвд нэг удаа гомдол мэдүүлсэн. Баянзүрх дүүргийн татварын албаны нэг байцаагч өгөхгүй байна уу, өгүүлнэ дээ гээд таг болсон , бодит байдал ийм байна, худалдагч бүртэй маргаан хийгээд байх хэцүү, дуугүй л байхаас өөр арга байхгүй, Одоо урамшуулал нэмэх юм бол ёстой заргалдана. үнэ ямар байх нь хамаагүй, татвар төлдөггүй хүмүүсийг иргэд шахаж татвар төлүүлэх нь олон талын ач холбогдолтой гэдгийг УИХ эрх биш зөв шийдэх байлгүй дээ.
Зочин [66.181.165.88] 2023-10-24 12:17:01
Хэрэглээ өндөр худалдан авалт ихтэй баячууд маань төсвөөс их хэмжээний хэдэн саяараа мөнгөө буцаан авч Хэрэглээ худалдан авалт багатай эгэл дундчууд маань нөгөө 30,0 мянга хүрэхгүй мөнгөө буцааж авна гэсэн үг