Цагдаагийн байгууллагад бүртгэгдээд илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ
"Илрүүлэлт-оргодол-шийдвэрлэлт" арга хэмжээний хүрээнд олон тооны хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг олж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээд илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ.
Илрүүлсэн хэргүүдийг бүлгээр ангилбал хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 24, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 680, хүчиндэх 51, хүн худалдаалах 15, хулгайлах 403, мал хулгайлах 41, дээрэмдэх 34, залилах 1235, гээгдэл эд хөрөнгө завших 84, эд хөрөнгө устгах, гэмтээх 48, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 32, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 18, хүрээлэн байгаа орчны эсрэг 59, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 33, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 95, бусад 20 хэрэг зэрэг байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт гэмт хэргийн улмаас 5696 хүн, 14 хуулийн этгээдэд учирсан 67.0 тэрбум төгрөгийн хохирлын 51.3 тэрбум төгрөг буюу 76.5 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.
Хохирсон иргэний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх зорилгоор энэ хугацаанд амины орон сууц 2, Монгол гэр, эзэмшлийн газар, банкны данс, 8 нэрийн хүнсний дэлгүүр, гэмт хэргийн замаар худалдан авсан байж болзошгүй тээврийн хэрэгсэл 19, хулгайд алдагдсан мал 43 толгой, бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу битүүмжлэн хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-11-09 15:23:25
пээ их гийгүүлжээ: нөгөө тарган гахай нараа шалгаад далд оруулаач
Зочин [103.212.117.69] 2023-11-09 15:42:08
Нэрээ бичиж чадөхгүй байж худлаа хуцахын хэрэг юу бна даа