Доктор Ц.Батсүх: Манайд бараа бүтээгдэхүүний үнэ 1991 онтой харьцуулахад 600 дахин өссөн
СЭЗИС-ийн багш Экономиксийн тэнхимийн профессор, доктор Ц.Батсүхтэй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар ярилцлаа.
-Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна гэсэн нийгмийн бухимдал их бий. Яг үндэслэлтэй өсч байгаа юу гэдэг ил тод тооцоо судалгаа хараахан алга. Тиймээс үнийн өсөлтийг хардах сэдэл бий болсоор байна. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг яаж тооцдогоос та эхэлж тайлбарлаж өгөхгүй юу?
-Хэрэглээний үнийн индекс тооцож байгаа гол зорилго бол өрхүүдийн худалдан авах чадварыг хэмжих явдал юм. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өрхүүдийн орлогын өсөлт хоёрын хооронд ямар холбоо хамаарал байна гэдгийг харна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс өрхүүдийн орлогын өсөлт их байх юм бол асуудалгүй. Харин бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурдаас орлогын өсөлтийн хурд удаан байгаа учраас хүмүүсийн худалдан авах чадвар жил ирэх тутам унаад байгаа юм.
Хүмүүсийн сайн сайхан байдлыг бууруулахгүйн тулд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хэр зэрэг явж байгаа нь түүнтэй уялдуулж өрхүүдийн орлого, бусад нэмэлт янз бүрийн тэтгэмжүүдийг яаж олгох вэ гэдэг асуудлыг шийдэхэд энэ индексийг тооцдог зарчимтай.
Үүнийг тооцохдоо өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг Үндэсний стаститикийн хорооноос авдаг. Өрхүүдийн хамгийн өргөн хүрээтэй хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнийг сонгож аваад, түүгээр сагс үүсгэдэг. Сагсныхаа үнийг сарын дотор, заримд нь долоо хоног бүр хэмжилт хийж байгаад бүтээгдэхүүний үнэ тухайн сард, долоо хоногт хэдэн хувиар өссөн байна гэдгийг тооцоолно.
Ингээд үнэ дунджаар тэдэн хувь өсч байна гэдэг мэдээллийг эндээс авдаг юм. Манай улс 1991 оноос өдийг хүртэл 5-6 удаа сагсаа сольж байгаа. Ер нь сагсыг таван жил тутамд сольдог. Учир нь бараа бүтээгдэхүүн зарим нь хэрэгцээнээс гарчихдаг, цоо шинэ бараа бүтээгдэхүүн ороод ирдэг. Жишээ нь, 1996 он хүртэл гар утасны хэрэглээ гэж байсангүй. Гэтэл одоо хүн бүр гар утас барьж байна. Кабелийн телевиз ч байхгүй байлаа. Бараг машин ч ховор байв. Ийм бүтээгдэхүүнүүд тэр үед байхгүй, сүүлийн үед нэмэгдэж гарч ирж байгаа учраас анх 1991 онд 150 гаруй бараа бүтээгдэхүүнтэй сагстай байсан Монгол өнөөдөр 400 гаруй бүтээгдэхүүнтэй болчихож байгаа юм. Энэ 30 орчим жилийн хугацаанд бид хэр их хэрэглээтэй, хэр их бараа бүтээгдэхүүний ялгавартай болсон нь эндээс харагдаж байгаа байх. Шинээр орж ирэхээс гадна хүмүүсийн бараа бүтээгдэхүүнээс авч байгаа таашаал өөр болчихдог. Хуучин контик печень байсан бол түүнийг орлосон өөр нэг печень ороод ирсэн байх жишээтэй. Бараа бүтээгдэхүүний хэрэглээний байдал нь ч бас өөрчлөгддөг учраас сагсыг байнга сольж шинэчилж байдаг юм.
-1991 оноос өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүний үнэ 600 дахин өссөн гэсэн судалгааг та тооцоолж гаргасан байсан. Маш цочирдом үр дүн гэж харж болохоор. Яагаад ийм байдалд хүрэв?
-1991 онтой харьцуулахад бараа бүтээгдэхүүний үнэ 600 дахин өссөн гэдэг дүр зураг харагддаг. Он, онд бараа бүтээгдэхүүний үнэ янз бүрээр өсдөг. Гэхдээ энэ нь цаанаа олон шалтгаантай. Эдийн засгийн агуулгаар эрэлт болон нийлүүлэлт талаас нь харах ёстой. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт сайн, хангалттай байвал үнэ буурна гэдэг зарчим байгаа шүү дээ. Гэтэл манайд хэрэглэж байгаа ихэнх бараа бүтээгдэхүүн импортынх. Тэр нь хил гаалиас болоод гацдаг, нийлүүлэлт нь улирлын шинж чанартай өөрчлөгддөг. Ингээд нийлүүлэлт нь тогтворгүй. Тиймээс үнэ өсч буураад байдаг. Нөгөө талдаа эрэлт буюу худалдан авагч талаас янз бүрийн баяр тэмдэглэх, эсвэл хаврын сард юм ховор болчих үеийг далимдуулаад юмны үнэ хөөрөгддөг талууд бий. Зах зээлийн зарчмаараа үнэ эрэлт нийлүүлэлтээрээ зохицон өөрчлөгдөх ёстой гэдэг боловч яг үнэндээ өнөөдрийн Монголд нийлүүлэгч буюу үйлдвэрлэгч, худалдагч тал нь үнэ тогтоож, хэрэглэгч нь тэр үнээр л аваад байгаа юм. Үйлдвэрлэгч, худалдан авагч тал нь хүчтэй буюу цөөвтөр байгаад учир байна. Тэр тал нь үнээ эхэлж тогтоочихоод олон жижиг хэрэглэгч үнэд нөлөөлөх боломж байдаггүй. Ийм байдлаар үнийн хяналт тогтооход нэлээд хэцүү байгаа юм.
-Үнийг хяналтыг хэн хянах ёстой юм бэ. ШӨХТГ гэж бий. Гэхдээ өнөөдөр үнийн өсөлт дээр ажиллаж харагдахгүй л байгаа?
-Олон улсад монополын эсрэг юм уу, үнийн өсөлтийн эсрэг хууль байна. ШӨХТГ-ынхан хэт үнийн өсөлттэй байгаа бараа бүтээгдэхүүн дээр очоод өртөг зардал, нэмэгдэж байгаа ашгийг тооцоод монопол биш ААН дээр торгууль тавих арга хэмжээг авах ёстой. Бодвол хүчин чадал нь хүрдэггүй юм уу. Зайлшгүй монопол гэж байна. Ганцхан үйлдвэрлэгчтэй салбарууд Монголд байна. Энэ газар түүнийг бас зарлана, хяналттай байлгах ёстой. Үнийн өсөлт чинь тэдэн хувиас давсан байх юм бол болохгүй гэх мэтээр. Төрөөс үнийн хяналт тавих ганц боломж нь энэ газраар дамжиж хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид энэ байгууллага руу гомдол гаргана. Талхны үнэ хэт өсөөд байна гэхэд ШӨХТГ үйлдвэрүүд дээр очоод өртөг зардлын тооцоо хийгээд яг зардал нь өсөөд талхны үнэ өсөв үү, хомсдолыг далимдуулаад хөөрөгдөөд байна уу гэдгийг ялгаж салгаж тогтоох ёстой.
-Өртөг зардлын тооцоолол манайд их нууцлагдмал юм. Тийм байлгахыг ч хүсдэг байх. Жишээ нь, талх хэдэн төгрөгийн өртгөөр бүтдэг. Үнэ нь өсөхөд ямар нөхцөл байдал шалтгаалав гэдгийг хэрэглэгч мэддэг байж болох уу?
-Зардлын инфляци гэдэг ойлголт бий. Талх хийхэд гурил, тог зэрэг зүйл оролцоно. Тэдгээрийн үнэ өссөн бол яах аргагүй бүтээгдэхүүний үнэ өснө. Өртөгийн үнэ өсөөгүй байхад үнэ өсчхөөд байгаа бол ямар нэгэн хомсдолоор далимдуулаад нөхцөл байдалд тохируулж байгаад үнээ өсгөөд байна гэсэн үг. Хэрэглэгч тал нь үнэд нөлөөлөх чадваргүй байгаа тохиолдолд үйлдвэрлэгч хүчтэй, үнэ өсгөх боломжтой.
-Үйлдвэрлэл л олшрох ёстой байх нь ээ?
-Үйлдвэрлэлийг олон болгох ёстой, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ёстой. Бидний хүссэн хэмжээнд нэмэгдэж өгөхгүй л байгаа. Бас нэг аюултай тал нь хуучин зах зээлийг эзэлчихсэн байгаа компаниуд бий. Тэр чинь шинэ өрсөлдөгч орж ирэхийг ямар нэг аргаар шахдаг. Тиймээс өнөөдрийг хүртэл өрсөлдөөн цэврээр явна гэдэг асуудал хүндрэлтэй байгаа юм.
-Бараа бүтээгдэхүүний үнэ 600 дахин өссөний дотор хамгийн өндөр өсөлттэй нь хүнсний бараа бүтээгдэхүүн байсан. Хүнс гэхээр мах, гурилаа бид дотооддоо үйлдвэрлэдэг. Гэвч хамгийн өндөр өсөлт үзүүлжээ. Учрыг нь тайлбарлаж болох уу?
-Манайд хуучин бол бараа бүтээгдэхүүний ангилал арай цөөн байсан. Одоо 12 бүлэг бүтээгдэхүүн байгаа. Нэгдүгээр бүлэг нь хүнсний бүтээгдэхүүн, хоёрдугаар бүлэг нь согтууруулах ундаа, тамхи гэх мэт байдаг. Тэгээд хувцас, эм, нийтийн тээвэр гээд салбарладаг. Гэхдээ үнэн чанартаа эдгээр бүлгүүдээс 2-3-хан бүлгийн үнэ л хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэр нь хүнсний бүтээгдэхүүн, төрөөс зохицуулдаг бараа бүтээгдэхүүний үнэ. Төрөөс зохицуулдаг гэдэг нь төрөөс дулаан, цахилгааны үнийг нэг удаа нэмчихээр мэдэгдээд байдаг. Түүнээс гадна зуны саруудад аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийн үнэ хүчтэй өсчихдөг. Намрын 8-9 дүгээр сарын хооронд сургалтын төлбөр нэмэгдэхэд нэг удаа нөлөөлөөд нөлөө нь хадгалагддаг онцлогууд бий.
Хүнсэн дотор гурил мах голлодог. Одоо болтол бидний тайлж чадахгүй байгаа оньс нь энэ. Гурилаа бид дотоодоосоо зуун хувь хангадаг. Махаа ч тэр. Тэгсэн мөртлөө яагаад энэ бараа бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр хадгалагдаад байдаг оньсыг олохгүй байгаа юм. Нэг талаасаа үүн дээр хүч тавиад юунаас болоод байгааг судлах үйлдлийг төрөөс хийхгүй байна.
Махан дээр сонирхолтой үр дүн нь мэдээж улирлын нөлөө л дөө. Намар тарган байхад нь малаа нядлахад үнэ хямдарчихдаг мөртлөө хаврын саруудад тэртээ тэргүй нийлүүлэлтийн хомсдолоос болж өсдөг. Тэгэхээр III, IV, V сард махны үнийн өсөлтөөс манай инфляци хамгийн өндөр харагдаад байдаг юм.
-Ийм өсөлтүүд л инфляцид нөлөөлж, хоёр оронтой тоон дээр байсаар байгаа. Өнөөдөр гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөлттэй хэвээр байна. Талх хэдхэн сарын дотор 2000 гарчихлаа шүү дээ. Энэ өсөлт үндэслэлтэй байсан уу?
-Хамгийн сүүлд инфляцид маш хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл бол гурил, түүнийг дагасан гурилан бүтээгдэхүүн байгаа. Түүний учир нь 2022 оны есдүгээр сард улаан буудайг улс тариаланчдаас худалдаж авахдаа геополитикийн нөхцөлөөс болсон. Украин Орос дэлхийн улаан буудайны нийлүүлэлтийн маш том хувийг эзэлдэг улсууд.
Дайн болж байгаа учраас дэлхий даяар улаан буудайн нөөцийн хомсдол үүснэ гээд үнийг нь өндөрсгөөд авчихсан. Тонн тутамд нь 100-150 мянган төгрөг нэмж байгаад хуучнаасаа авчихсан. Улаан буудай үнэтэй авахаар гурилын үйлдвэрүүд гурилынхаа тонн тутамд 150-180 мянган төгрөгөөр нэмчихэж байгаа юм. Гурилын үйлдвэрээс асуухаар “Манайх хуучин ашгаараа байгаа. Өртөг нэмэгдсэн” гэдэг. Үйлдвэрлэгчид үнэтэй гурилаар гурилан бүтээгдэхүүн хийхээр үнэ нэмсэн шалтгаанаа бас ингэж тайлбарлаад байгаа. Ийм маягаар гурил, гурилан бүтээгдэхүүний цикл жил гаруй явчихлаа. Сүүлийн 10 хэдэн хувьтай инфляцид маш том импакт үзүүлсэн зүйл бол дотоодын гурилын үнэ нэмэгдсэн энэ явдал.
-Геополитикийн нөхцөл байдал нэрээр төр өндөр үнэтэй улаан буудай авах нь зөв байсан уу?
-Улаан буудайн үнийг анх зохицуулсан төрийн зохицуулалт дээр алдаа гарсан нь жил орчим айхтар үнэ хадгалагдахад хүргэжбайгаа юм.
2022 оны есдүгээр сард хурааж авсан улаан буудай явсаар энэ жилийн есдүгээр сар хүртэл хэрэглэсэн. Одоо энэ есдүгээр сард хурааж авсан улаан буудайн дээр нэмэлт байсан уу гэдгийг мэдэхгүй. Хэрэв нэмсэн бол энэ түүхээ давтаад үнэ нэмэгдсэн гэсэн санаа.
-Манайд бараа бүтээгдэхүүний үнэ нэг өссөн бол эргэж буурдаггүй. Өссөн. Дахиад л өснө. Ийм нөхцөл байдал ганц манайд л байна уу?
-Эдийн засгийн онолоор төгс өрсөлдөөнтэй зах зээл дээр маш олон хэрэглэгчтэй, маш олон нийлүүлэгчтэй тохиолдолд зах зээлийнхээ тэнцвэрээр үнэ тогтох ёстой. Үнэ тогтоно гэдэг нийлүүлэлт ихсээд ирвэл үнэ буудаг, эрэлт ихсээд ирвэл үнэ өсдөг. Хоёр тийшээ савах нь төстэйдүү байх ёстой. Эдийн засгийн онол дээр хэдийгээр ингэж ярьж байгаа ч бодит амьдрал дээр ажиглаад байхад өсөх үзэгдэл илүү явагддаг. Өссөний дараа бууралт хэр баргийн бараан дээр харагддаггүй. Бензиний үнэ байнга өсдөг боловч дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буулаа гээд ганц хоёрхон удаа багаар буудаг.
Зөвхөн манайд ч биш. Дэлхий даяараа тийм зүй тогтолтой. Нэгэнт ашгийн төлөө байгууллагууд өндөр болгоод авчихсан үнийг бууруулна гэж тэр бүр байдаггүй. Тэгэхээр манай Монголын онцлогтой зүйл ч биш, нийтлэг гэсэн үг. Тиймээс үүнийг эдийн засагчид тэгш хэмтэй биш, өсөхдөө хурдан, буурдаггүй процесс илүү явж байна гэж үздэг.
-Манайх дэлхийн чиг хандлагаар үнийг үндэслэлтэй, цэврээр өсгөдөг гэдэг эргэлзээтэй. ШӨХТГ үнийн хяналтыг төрийг төлөөлж тавих ёстой гэлээ. Гэхдээ хангалтгүй байна. Худалдааны хууль батлах ёстой юу?
-Манайд хүчгүй асар олон жижиг хэрэглэгч байна. Олон улсад зохицуулдаг арга нь хэрэглэгчийн хүчтэй төлөөлөлтэй болох ёстой. Хэрэглэгчийн холбоо ч юм уу байгуулаад ажиллах ёстой гэсэн үг. Үйлдвэрчний эвлэл цалин хөөцөлдөөд яваад байдаг шиг хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалаад үнийн өсөлттэй хөөцөлдөж явах хэрэглэгчийн багц төлөөний байгууллага байх хэрэгтэй. Тэр нь тодорхой хэмжээнд хуулиар хамгаалагдах ёстой.
Манайд хуультай олон нийтийн байгууллага хоёрхон байдаг. Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо, МҮХАҮТ хоёр хуультай. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг хуультай олон нийтийн байгууллага гараад тэр нь янз бүрийн ажил хийгээд эхэлбэл үнэ буурах боломжууд бүрдэж магадгүй.
-Гурилын хувьд ийм байж. Тэгвэл махыг дотоодоосоо хангадаг. Үнэтэй хэвээр байна. Яагаад тэр вэ?
-Өмнө нь үхрийн мах хямд байсан. 7000, 8000-аар авдаг байснаа гэнэт үсрээд 10 гаруй мянга болоод буухаа больчихсон. Үүний гол шалтгаан нь эхлээд үнэ өссөн нөлөө байгаа. Тэр бол Хятад руу мах экспортлоод зах зээл томорсон үе. Тэгэнгүүт махны үнэ гэнэт өсөөд түүнээс хойш буурахаа больчихсон. Малчид нэг удаа өсчихөөр бууруулахгүй байгаа юм. Бас л нөгөө зах зээлийн зарчим. Хоёрт, мах үнэтэй байдгийн шалтгаан бөөний, жижиглэнгийн процесс дээр алдаа байна гэж би хардаг. Архангайн малчин үхрийн махаа ачаад Хүчит шонхор зах дээр ирээд 9000 мөнгөн төгрөгөөр зардаг. Тэгвэл Эмээлтийн цаана яармаг худалдаа үүсгээд, тэнд нь хорио цээр эрүүл ахуйн байдлыг хангачихвал ченжийн нөлөөгүйгээр эндээс хотынхон давхиж очоод малчнаас 10.000-аар авчих боломжтой. Тэгвэл малчин 1000-аар, бид нар 7000-аар хямд мах аваад байх болно. Гэвч манайд мах нийлүүлэлтийн сүлжээ дундын зуучлагчтай. Малчнаас 9000-аар мах авангуут 40 хувь нь яс байдаг гээд тэр хувиа малчнаас авсан үнээр үржүүлээд 4000-5000 нэмчихэж байгаа юм. Ингээд 13000 болдог. Жижиглэнгийн худалдааачин лангууныхаа мөнгө, ашгаа бодсоор бидэнд 17000-аар ирээд байгаа юм. Нийлүүлэгч хэрэглэгч хоёрыг саадгүй холбодог худалдааны механизм үүсгэчихвэл ядаж үхрийн махны үнэ 4000-5000-аар хямдрахаар байгаа юм. Бодвол үүний цаана энэ хэдэн ченжүүд үүнийг алга болгодоггүй “улс төрийн нөлөөтэй” байх. Бид малчдыг загнах ямар ч боломжгүй. Үүнийг зөв зохицуулаад ирвэл махан дээр хяналттай болоод ирнэ.
-Үнийн өсөлтөд Ковид бас их нөлөө үзүүлсэн үү?
-2021, 2022 оны өндөр инфляци гарч ирсэн шүү дээ. Ялангуяа 2022 он гараад маш өндөр гарч ирсэн. Үүний гол шалтгаан нь ковид. Ковидоос болоод дэлхийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг сүлжээн дээр тасалдлууд үүсчихсэн. Нэг улс нь хилээ хаадаг, нөгөө нэгийнх нь зам хаагддаг. Түүнээс болоод улсууд хаагуур яаж бараагаа татах вэ гэсээр байгаад хугацаа алдсан. Тээвэр ложистикийн асуудлаас болоод импортын бараан дээрээс үнэ өсчихсөн. Нөгөө талаар улс болгонд Ковид гараад үйлдвэрлэл зогсоод нийлүүлэлт багассан учраас бүх улсын бүтээгдэхүүний үнэ өссөн. Ингээд импортын бараа цаанаасаа үнэтэй орж ирээд байгаа юм. Ковид зогсоод сэргэлт гараад иртэл нэмэгдчихсэн, үнэтэй бараа зарагдаад байгаа учир нь тэр.
Одоо тэр нөлөөлөл арилж байгаа. Хамгийн сүүлд БНХАУ ковидын хоригоо авлаа. Хуучин явдаг байсан тээврийн сүлжээ зөв замаараа яваад холбогдоод ирэхээр импортын талын нөлөө харьцангуй багасч байгаа.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.23] 2023-11-16 22:39:56
Хуучин нэг атар талхны үнэ нэг төгрөг хорин мөнгө байсан.
Зочин [66.181.161.149] 2023-11-13 00:12:27
Худлаа. 1000-2000 дахин өссөн.
Зочин [66.181.181.23] 2023-11-16 22:40:21
Яг үнэн.
Зочин [139.5.216.139] 2023-11-12 20:13:57
хоёр өрөө байр сая хоёр зуун мянган төгрөг байлаа гэж
Зочин [59.153.115.97] 2023-11-12 19:51:08
гадаадын сүлжээ дэлгүүрүүдийн үнэтэй дэлгүүрүүд уралдаад удаалж явна. түрүүлж амжихгүй л байгаа
Манай төрийн толгойд байгаа хүмүүс арга хэмжээ авахгүй юм чинь өсөлгүй яахав дээ [59.153.113.228] 2023-11-12 09:41:02
Зочин
Шинжлэх ухааны арга мөн үү? [103.57.95.80] 2023-11-11 21:46:19
Доктор оо! 1991 оны төгрөгийн ханшийг 2023 оны төгрогийн ханштай автоматаар ОДОО шууд ингэж тулгаж "үнэ 600-аар өсчихлөө" гэж бичиж БОЛДОГ юм уу? Энэ чинь тэгээд шинжлэх ухааны арга мөн үү? Та чинь эдийн засаг, төсвийн асуудлаарх эрдэмтэн биздээ?