Т.Баярхүү: 10 аймгийн 22 суманд зудын нөхцөл байдал бүрдээд байна

Aдмин / Орон нутаг

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Та сая орон нутагт ажиллаад иржээ. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Ус цаг уур орчны шинжилгээний газраас жил бүр зудын эрсдэлийн зураглал гаргадаг. Хамгийн эхнийх нь арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар гарсан. Энд нийт нутгийн 50 гаруй хувь зудын эрсдэлтэй, 40 хувь нь дунд эрсдэлтэй, 10 хувь нь бага эрсдэлтэй гэсэн зураглал гарсан байна. Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч аравдугаар сарын сүүлээр гантай байсан аймгуудад ажиллаж үнэлгээ хийгээд ирсэн. Үүнээс үзэхэд өвөлжилт нэлээн хүндрэх зураглал гарсан.

УОК-ын ажлын хэсэг Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгууд буюу өнгөрсөн зун гантай байсан хэсгүүдээр ажиллалаа. Эдгээр аймгуудад зудын эрсдэл маш өндөр байна. Сүүлд гарсан үнэлгээгээр төвийн аймгуудад нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ нь арваннэгдүгээр сард орсон их хэмжээний цастай холбоотой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 22 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн, найман аймгийн 26 суманд цагаанаар зудархуу гэдэг үнэлгээ гараад байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10 аймгийн 22 сум зудын, найман аймгийн 22 сум зудархуу нөхцөл байдалтай байна.

-Сүүлд та бүхэн зүүн аймгуудад ажилласан. Тэнд нөхцөл байдал ямар байна вэ?

-Сая УОК-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг цасан шуурганы улмаас нөхцөл байдал хүндэрсэн Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажилласан. Энэ хүрээнд 330 орчим иргэн төөрч сураггүй алга болсон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Аймаг орон нутгийн онцгой байдлын газруудтай хамтарч эрэн хайх ажиллагаа явууллаа. Энэ үеэр Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Бусад иргэдийг олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Зарим нь шуурганы нөхцөл байдал тогтворжиход гэртээ өөрсдөө ирсэн. Эдгээр аймгуудад цас их унасан өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна.

-Та бүхэн эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр явуулсан талаараа онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Сүхбаатар аймгийн зарим сумдад цас их унасан. Цасан шуурганы үеэр тээврийн хэрэгсэл зорчих ямар ч боломжгүй байсан. Цаг агаарын нөхцөл гайгүй болмогц эрэн хайх, аврах ажиллагааг нисдэг тэргээр зохион байгуулсан. Энэ үеэр Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт төөрсөн иргэнийг тогтоож ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

-Манайд шаардлагатай үед ажиллагаа явуулах хэдэн нисдэг тэрэг байдаг юм бэ?

-Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд нисдэг тэргийг шаардлагатай үед л ашигладаг. Нисдэг тэрэг ашиглах эсэх нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг. Мэдээж цасаар шуурсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нисдэг тэргээр явах боломжгүй. Одоогоор Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд хоёр нисдэг тэрэг ашиглаж байна. Зэвсэгт хүчний жанжин штабт нисдэг тэрэг ашигладаг.

-Эрэн хайх аврах ажиллагаа явуулахад бага биш хэмжээний зардал гардаг. Үүний тодорхой хувийг аврагдсан иргэн төлдөг үү?

-Иргэн төлөхгүй шүү дээ. Тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын төсөвт суусан байдаг. Эндээс л санхүүжээд явдаг. Бага биш хэмжээний зардал гардгийг иргэд ухамсарлаж цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр хол замд гарахгүй, баталгаатай замаар зорчиж байх хэрэгтэй. Ингэвэл хаана хаанаа хүндрэл учруулахгүй.

-Та бүхэн энэ сарын эхээр Төв аймгийн зарим сумдад ажилласан шүү дээ. Газар дээрх нөхцөл байдал ямар байна вэ?

-Төв аймгийн Лүн суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулсан. Яг газар дээрх нөхцөл байдал маш хүнд байна.

-Та бүхний хийсэн үнэлгээгээр бол өвөлжилт хүнд болох нь. Цаашид яах вэ?

-Өвөлжилт удаан хугацаанд үргэлжилнэ. Малчид мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын гамшигт үзэгдлийн тухай сэрэмжлүүлгийг дагаж урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулж өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах арга хэмжээг дор бүрнээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

О.ДАШНЯМ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.183] 2023-12-04 08:12:53

Зуд гээд байгаа юм бол яагаад хонины мах нь өөхтэй байдаг юм бэ?

Зочин [118.79.106.38] 2023-12-04 05:44:00

ene jil mash huiten ovol bolno geed gadaadad ch shuugij bna shuu dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.