Эрчим хүчний салбараа аваръя
Эрчим хүчний салбар аваарын байдалд байна. Ийм байдалд ороод 20-30 жил болж байна. 1980-аад онд ашиглалтад оруулсан IV дулааны цахилгаан станцаас хойш томоохон хэмжээний нэг ч шинэ эх үүсвэр барилгүй өнөөг хүрсэн. Тийм учраас өнөөдөр улсаараа эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж, гал алдах дээрээ тулаад байгаа юм. Энэ бол яг өнөөдөр тулгарч буй асуудал биш. Олон жилийн өмнөөс л салбарынхан сануулж, анхааруулсаар ирсэн ужиг асуудал.
Миний бие эрчим хүчний салбарын тухай 23 жил бичихдээ энэ салбар хүнд байдалд байна, шинэ эх үүсвэр барихгүй бол жил бүрийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах эх үүсвэр дутагдана гэсэн асуудлыг хөндөж, мэргэжлийн хүмүүсийн үгийг хүргэсээр ирсэн билээ. Гэвч энэ хугацаанд шинэ эх үүсвэр баригдаагүй, байдал бахь байдаг хэвээрээ.
Төр, засгаас шинэ эх үүсвэр барина гэж ярьсаар, харин эрчим хүчний салбарынхан гал алдах нь байна шүү гэж анхааруулсаар 23 жил өнгөрчээ.
Ялангуяа эрчим хүчний инженерүүд жил бүрийн намар дуугарч, өвлийг өнтэй давах асуудал улам хүндэрсээр буйг баримт дэлгэн ярьдаг. Энэ хугацаанд амаа урагдтал ярьж, цаасан дээр хэрэгжүүлсэн бодлого, төслүүд олон бий. Эрчим хүчний томоохон эх үүсвэртэй болох талаар төр дуугараагүй биш дуугарсан, хөдөлсөн. Гэхдээ энэ бүх хүчин чармайлт харамсалтай нь цаасан дээр л бичигдсэнээс бус амьдрал дээр бодитоор хэрэгжсэнгүй. Хэрвээ цааснаас бодит үйлдэл болж, шинэ эх үүсвэр барьсан бол цахилгаан, дулааны дутагдалд өнөөдөр орохгүй, аваарын тухай ярихгүй байсан юм.
Монгол Улсын үе үеийн Засгийн газар томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ярьсан. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, V цахилгаан станц, Шивээ-Овоогийн уурхайг түшиглэсэн том чадлын станц гэх мэт. Төслүүдийн нэгж байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг ч эцсийн зорилгоо биелүүлж чадахгүй явсаар хаалгаа чимээгүйхэн хаадаг. Энэ бүхэнд багагүй мөнгө төсөвлөнө, эцэстээ үргүй зардал болоод дуусдаг.
Хөгжлийн банкны удирдлагууд УИХ-ын сонсголын үеэр эрчим хүчний том төслүүдийг хэрэгжүүлэх нэрийдлээр төслийн нэгж байгуулагдаж ихээхэн мөнгө зарцуулдаг тухай ярьж байсан. Хамгийн гол нь эцсийн үр дүн гарахгүй, төслийн нэгжийг удалгүй татан буулгадаг жишиг эрчим хүчний салбарын хэд хэдэн төсөл дээр давтагдлаа.
Эрчим хүчний салбарт өнөөдөр тулгамдсан гурван гол асуудал байна. Шинэ эх үүсвэрийн дутагдал нь эргээд үнэ тарифтай холбогдоод ирнэ. Эрчим хүчний салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг УИХ-аас сайтар бүрдүүлж өгсөн. Тухайлбал, 2001 онд баталсан Эрчим хүчний тухай хууль хоёр зорилготой.
Нэгдүгээрт, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд оруулж, эрчим хүчний нэгдсэн системийн бүтцийг задлах зорилгыг агуулсан. Тус хуулийн хүрээнд эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийснээр эрчим хүчний үйлдвэрүүд үйлдвэрлэгч, дамжуулах, түгээх гэсэн 18 компани болж задран үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Хоёрдугаарт, эрчим хүчний салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх зорилготой. Эрчим хүчний тухай хуульд тус салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхийн тулд өртгөө нөхсөн эрчим хүчний үнэ тарифтай байна гэсэн заалт оруулж өгсөн. Гэвч өртгөө нөхсөн үнийг мөрдүүлж чадаагүй өнөөг хүрчээ. Эрчим хүчний тухай хууль нэг дэх зорилгоо хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн. Харин хоёр дахь зорилго биелсэнгүй. Яагаад гэдэг асуулт гарч ирнэ.
Эрчим хүчний салбарын үйлдвэрүүд ашиг гэдгийг мартсан он жилүүдийг туулж байна. Тэд үнэндээ ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Учир нь үйлдвэрлэсэн өртгөөсөө доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна шүү дээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол Улсад өртгөөсөө доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг ганцхан салбар байгаа нь эрчим хүч.
Бүгдээрээ тооцоо хийж үзье. Нэг кВт.ц цахилгааны өртөг өнөөдөр 224.11 төгрөг. Үүнийг 175 төгрөгөөр зардаг. 224 төгрөгийн өртгөөр бүтсэн бүтээгдэхүүнээ 175 төгрөгөөр борлуулдаг ямар салбар, ямар бизнес эрхлэгч, ямар хувь хүн байх вэ? Зах зээлийн зарчим энэ мөн үү?
Энэ нь төр сүүлийн 20-30 жилд эрчим хүчний үнэ тарифыг зохицуулахад оролцсоор ирсэнтэй холбоотой. Уг нь 22 жилийн өмнө УИХ-аас хараат бусаар ажиллах Эрчим хүчний зохицуулах газрыг байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэхдээ хараат бусаар ажиллах ёстой энэ байгууллага төрөөс хараат ажилласаар байгааг эрчим хүчний салбарын өнөөгийн аваарын байдалд байгаатай холбон тайлбарлаж болно.
Үе үеийн засгийн газрууд эрчим хүчний үнэ тарифыг хүчээр барьж ирсэн. Үүнээс үүдэн эрчим хүч үйлдвэрлэгчид өнөөдөр маш их алдагдал хүлээн ажиллаж ирлээ. Эрчим хүчний үнэ мэдээж ард иргэдийн амьжиргаа, өрхийн эдийн засагтай холбогддог. Гэхдээ Засгийн газрууд эрчим хүчний салбарын цаашдын төлөвийг харж, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид, инженерүүдийнхээ үгийг сонсож, уян хатан бодлого баримталж ирсэн бол асуудал аваарын түвшинд хүрэхгүй байсныг мэргэжилтнүүд онцолдог.
Өөрөөр хэлбэл, жил бүр маш бага хувиар үнийг өсгөөд явсан бол эрчим хүчний үнэ өртөгтөө очиж, үйлдвэрлэгчид их хэмжээний алдагдал хүлээхгүй байлаа. Хэрэглэгчдийн нуруун дээр нэг дор 20-30 хувийн үнийн өсөлтийн ачаалал үүрүүлэхээс өөр аргагүй байдлаас зайлсхийх боломжтой байсан гэсэн үг. Тухайлбал, эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр айл өрхийн эрчим хүчний үнийг дунджаар 28 хувиар нэмэх төлөвлөгөө боловсруулжээ. Гэхдээ тус байгууллагын энэ саналыг УИХ-ын сонгуулийн өмнөх жилд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зөвшөөрөх нь эргэлзээтэй.
Энэ бүхэн үе үеийн эрх баригчдын зөвхөн нэг талд буюу хэрэглэгч, ард иргэдийн талд орсон бодлогыг баримталж ирсэнтэй яахын аргагүй холбоотой. Нам, улс төрийн эрх ашгаа эн тэргүүнд тавьж ирсэнтэй ч салшгүй холбогдоно. Энэ нь манай нам эрчим хүчний үнийг нэмээгүй шүү гэсэн ядмагхан аргыг УИХ-ын сонгуулиар хэрэглэхийг хүсдгээс нь улбаатай. Ард иргэдээс улс төрийн оноо авах гэсэн энэ бодлого нь эцэстээ эрчим хүчний салбарыг аваарын байдалд хүргээд байна. Эрчим хүчний бодлогыг УИХ-ын дөрвөн жилийн циклээр явуулж болохгүй тухай мэргэжилтнүүд байнга л хэлдэг. Урт хугацааны, тогтвортой бодлогын үр дүнд босч ирдэг салбар. Тэгвэл өнгөрсөн 30 жилд өрнөсөн УИХ-ын сонгуулийн дөрвөн жилийн мөчлөг, хоёр жилд солигддог Засгийн газруудын тогтворгүй байдал энэ салбарыг уналтад хүргэв
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДАЛ
Гурав дахь асуудал нь Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдал юм. Бид ОХУ-аас эрчим хүчээр тодорхой хэмжээнд хараат. Эрчим хүчний хэрэглээний оргил цагаар хойд хөршөөс эрчим хүч импортолдог. Баруун бүсийн аймгууд импортын эрчим хүч хэрэглэдэг. ОХУ-аас эрчим хүчээр хараат энэ байдлыг хална гэж бас л 30 жил ярьжээ. Энэ нь мөн л шинэ эх үүсвэрийн асуудалтай холбогдоно.
Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал нь улс орны аюулгүй байдалтай хамааралтай асуудал юм. Хойд хөрш ямар нэгэн шалтгаанаар эрчим хүчээ таслахад, эсвэл эрчим хүчний системд нь доголдол үүсвэл бид яах вэ? Энэ байдал хэдэн цагаар үргэлжилбэл юу болох вэ?
Монгол Улс нэг квт.ц цахилгааныг ОХУ-аас дунджаар 250 төгрөгөөр худалдаж авдаг. Тухайлбал, 2021 онд 330 сая кВт.ц импортолсны төлбөрт 83 тэрбум төгрөг төлсөн бол өнгөрсөн онд 510 сая квт.ц импортолж авч 206 тэрбум төгрөг төлжээ. Долларын ханшийн зөрүүнээс улбаалж жил бүр төлбөрийн хэмжээ нэмэгдсээр байна. Манай улсын нийт эрчим хүчний 20 хувийг импортын эрчим хүч эзэлж, дотооддоо 80 хувийг үйлдвэрлэж байна гэсэн статистик мэдээ бий. Үе үеийн Ерөнхий сайдууд энэ асуудлыг шийдэхийн төлөө байна гэж тунхаглаж ирсэн. Гэхдээ ярихаас, цааснаас хэтэрдэггүй хэвээр. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар манай улсын үндэсний аюулгүй байдал баталгаажиж, эрчим хүчээр хараат байдалд цэг тавих ач холбогдолтой гэж 30 жил ярив.
Эрчим хүчний салбарт өөр олон асуудал бий ч энэ удаад хамгийн том гурван асуудлыг хөндлөө. Дараа дараагийн нийтлэлүүдээрээ эдгээр асуудлыг дэлгэрүүлэн хөндөх болно.
Эх сурвалж: mongolianeconomy.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.112] 2023-12-15 21:12:13
Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг онгоц бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм.
зочин [139.5.217.44] 2023-12-15 17:07:10
Шинээр цахилгаан станц бариад хэрэггүй,тэрний оронд хөшөө соёлын төв музей барих хэрэгтэй.
Мөрөөдөөд мөнгөө гарзадваа. Бодооч! [66.181.160.50] 2023-12-15 15:59:23
Бодлогоо нутгийнхаа БОДИТ байдалд нийцүүлээчээ. Бид чинь Францтай ойр Африк, Европ, Америкийн улс БИШ. Монгол бол Орос, Хятадтай, дээрээс нь Казахстан, Киргиз, Солонгостой ойрхон улс. Энэ хэдтэй л юуны түрүүнд бизнес хийнэ. Тэрнээс биш Франц, АНУ-ыг мөрөөдөх ИНЭЭДТЭЙ, УТГАГҮЙ, БҮТЭХГҮЙ. Яг Францад уран хуучин нийлүүлдэг байсан Африкийн Нигэр шиг болно шүү.
Зочин [202.9.46.139] 2023-12-15 19:47:40
Яг үнэн.