УИХ-ын даргад мэдэгддэг, бидэнд мэдэгддэггүй “хорлогч”-оо зарлана уу
Монгол Улсад өнөөдөр юу болж байна вэ. Дизель түлш орон даяар тасарч, алслагдмал сум, багийнхан хөл хумигдаад удаж байна. Саяын цасан шуурганаар уруудсан малаа олж авъя, өвс тэжээл дөхүүлье гэхэд түлшгүй таг гацсан малчид баруун, зүүнгүй л гасалцгааж сууна. Улсын нийслэл Улаанбаатар хотдоо бүр аюул. АИ-92 бензин аль өнгөрсөн сард тасарсан. АИ-95, АИ-98 нүдний гэм болж, олдсоноо авах гэсэн жолооч нарын дараалал км, км-ээр үргэлжилж байна. Салбарын сайд “Жолооч нарын дараалал гурван км байснаа нэг км болсон. Одоо хоёр хоног л тэсчих. Жолооч нар бензинтэй мөртлөө банкаа дүүргэх гэж дараалал үүсгэж байна” гэх зэргээр илт түмний дургүйг хүргэсэн амьдралгүй мэдэгдэл үе үе хийж, нийгмийн бухимдлыг улам өрдөхөөс өөрийг хийж гийгүүлэхгүй байна.
Удалгүй араас нь эрчим хүчний хязгаарлалт яригдаж эхэллээ. Эрчим хүч нийлүүлэгч ОХУ-ын нэг станцад эвдрэл гарснаар Монгол Улс даяар цахилгаан хязгаарлах аргагүй нөхцөл байдалд хүрснийг өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэв. Одоо хэзээ ч хэдэн цагт ч улс даяараа тоггүй болох эрсдэлтэй тулчихлаа. Шатахуун, эрчим хүчний хүнд асуудалтай нүүр тулаад буй нийслэлчүүдэд өөр нэг том зовлон нь замын түгжрэл. Түгжрэлд тэрбум тэрбумаараа зарцуулаад ч ганц ч шийдэлгүй Хотын захиргааны “ач тус”-аар улаанбаатарчууд зам дээр өдрийн талыг барж, шөнө хагаслаж гэрийнхээ барааг харж байна. Нийтийн тээвэр гэдэг салбар бүр навс уналаа. Буудал болгон дээр арав хориор биш зуу, зуугаар хүмүүс автобус хүлээн хэдэн цагаар мөсөн гудамжинд жиндэн зогсож байна. Түгжрэл дундаас арайхийж гарч ирсэн автобус цааш жаахан мацаад л хөлдөөд зогсчихож байна. Агаарын бохирдол, ханиад томууны дэгдэлтийг ярих шаардлагагүй.
Ерөөсөө өнөөдөр Монгол Улс маш хүнд нөхцөл байдалтай байна. Гялтайх ганц салбар, нийгмийг тайвшруулах ганц ажил гэж алга. Уг нь ард түмний ахуй амьдралыг дээшлүүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хөгжил өөд зүтгэ гэж УИХ-ыг байгуулдаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэж хатуу заасан. Ингэж сонгогдсон УИХ 76 гишүүн, нэг даргатай. Тэндээс Засгын газрыг байгуулдаг.
Сонгогч олон нь, нийт ард түмэн нь өнөөдөр хүнд хэцүү сорилтод бүдэрч, хотын зам дээрээ хэдэн цагаар түгжирч, буудал дээр даарч бээрч, ШТС-ууд дээр түлшний төлөө зодолдож байхад УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулган дээр учир битүүлэг мэдэгдэл хийлээ.
Тэрээр “…Үл үзэгдэгч л хамаг юмыг зогсоож байдаг. Цахилгаан станц ч тэр, газрын тосны үйлдвэр ч тэр. Үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг байгаа бид мэдэж байгаа ш дээ, өнөөдөр” гэсэн үгс УИХ-ын Чуулганы индэр дээрээс ууртайхан шидлэв. Ямар учиртай, юун хорлогч болоод явчихав аа. Ийм зүйлийг төрийн эрх барих дээд байгууллагыг тэргүүлж байгаа хүн хээв нэг яриад сууж болох уу. Өнөөдөр монголчуудын амьдрал, нийгэм бүх зүйл тэг зааж таг зогссоны шалтгаан найман жил дангаар эрх барьсан МАН-ын хийсэн ажил биш үү. Буруутан нь эрх баригчид биш гэж үү. Хариуцагч хайя гэвэл ард түмэн, сонгогчдын ашиг сонирхлыг илэрхийлж шийдэж шийдвэрлэн үүрэгтэй УИХ-ын 76 гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хамгийн түрүүнд цохогдох ёстой юм. Гэтэл бүх зүйл буруудаж, асуудал хүндрээд ирэх үед бусад руу буруугаа чихдэг эрх баригчдын арга заль бүр төгсрөөд, “үл үзэгдэгч”-тэй болчихож байгаа хэрэг үү. Г.Занданшатарын санаагаар түүний хэлсэн үл үзэгдэгч хорлогчийг бид бас даган баясаад хамт зүхэж, үзэн ядах болж байна уу. Одоо тэр үл үзэгдэгч “хорлогчоо” зарлах хэрэгтэй байна. Хэнийг нь ч мэдэхгүй хий боорлож байхаар ядахдаа нэр усаар нь мэддэг болоё хэдүүлээ.
УИХ-д бүрэн эрх бий. Тэд энэ улс оронд болох, болохгүй байгаа, гадна дотноос заналхийлж байгаа аюул, бүр нарийндаа ирээдүйд учирч болзошгүй хор хохирол зэргийг мэргэжлийн өндөр түвшинд мэдээлэл цуглуулах, хариу арга хэмжээ авах бүрэн боломж, эрх мэдэл байгаа. Түүнийг хэрэгжүүлээч, хийгээч гэж улсаас тусгайлан машин тэрэг, харуул хамгаалалт, ажиллах орчин нөхцөл, зардал тэргүүтнийг тэрбум тэрбумаар нь зарлагадан хангадаг юм шүү дээ. Хариуд нь харин “Та нарыг хорлож байгаа хорлогч байна. Би мэдэж байна” гэдэг бол маш хариуцлагагүй, эмгэнэлтэй дүр зураг байлаа.
Хорлогч байгааг мэдсэн бол арга хэмжээ авах нь та нарын үүрэг шүү дээ. Харин мэдээгүй найман жил засагласан бол эсрэгээрээ хариуцлагын асуудал яригдах ёстой болж таарна. Бүх эрх мэдлийг олонхоороо атгаж ирсэн энэ хугацаанд улс орны хөгжлийг гацааж байгаа хүмүүс байсан бол та нарын л буруу. Түүнийг мэдээгүй өдийг хүрсэн бол бас л та нарын буруутай ажиллагаа. Монголын нийгмийн нүүр царай ямар байна тухайн үеийн төр засгийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр дүн. Нийгмийн хөгжил сайн байсан бол та нарын гавьяа. Болоогүй, хөгжөөгүй, асуудалтай, бүр тартагтаа тулах нь ч та нартай холбоотой. Шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалт, түгжрэл, агаарын бохирдол энэ бүхний шийдэл тухайн цаг үед эрх барьж байгаа төр засгаас л гарна шүү дээ. Гэтэл энэ үр дагавраа өөрсдөөсөө, гишүүдээсээ засгаасаа эрэхийн оронд үл үзэгдэгч хорлогч гэж эзэн биегүй, хариуцах хүнгүй чиг рүү зааж, бултах гэж үзэж байна уу. МАН 2016 онд дангаар засаглах үедээ өмнөх АН-ын Засгийн газар, гишүүд рүү энэ улс орны хамаг булхай луйвар, болохгүй зүйлийг бухах гэж оролддог байв. Өнөөдөр хүртэл өр дангийн асуудал ярих гишүүн, сайд нар байж л байдаг. 16, долоон оны үед бол АН ын хулгайчууд л баллаад хаячиж дээ гэж үнэмшээд ирсэн. 20 оноос хойш яалаа гэж ийм юм ярьсаар байгаа юм бэ. Яг үнэндээ хамгийн их бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн ажлууд АН ын үед хийгдсэн гэдэгтэй улс нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болоод удлаа.
Одоо харин буруутан хайя гэтэл АН-ын Засгийн үе хэтэрхий алсарч, өөрсдийнх нь эрх барьсан бүтэн хоёр Засгийн газрын үед ажиллаж хийж бүтээж чадаагүйнхээ буруутныг ингэж зарлахдаа тулаа юу. Ерөөсөө товчхондоо УИХ Үндсэн хуулиар хүлээсэн бүрэн эрх, үүргээ энэ найман жил хэрэгжүүлж чадаагүй гэдгээ хэн нэгэн хорлогчоос болсон гэдгээрээ Г.Занданшатар дарга өөрөө хүлээчих вүү.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Монгол ч дээ. ОХУ-ын ойрын хөрш нь болж чадаж байгаа юм уу? [66.181.160.56] 2023-12-20 10:58:38
"Үл үзэгдэгч" гэдэг чинь Монгол-Оросын найрамдалт харилцааруу нулимж АНУ, Европын Холбоотой сүүжирч байгаа хэдэн УЛС ТӨРЧ л байгаа ш дээ. Монголыг өнөөгийн байдалд хүргэчихээд гэнэт л "үл үзэгдэгч"-ийг хайгаад унах юм. Хүрэлсүх ерөнхийлөгч нэг шүүгчээ ОУ-ын Эрүүгийн шүүхэд гаргаж өгөөд л байсан биздээ? Тэгэхлээр Путин Монголд ирэх нүүргүй болчихсон. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ доогуур нь Ерөнхий сайд Мишустинтэй яриад л царайчлаад байгаа биздээ? Монголын Гадаад хэргийн сайд ОХУ-тай харьцаатай байдаг юм уу, үгүй юу? Огт ойлгомжгүй. Бензин тосны сайд нараа л засаг нэг Эрхүү, Улаан-Үд хавьруу явуулаад байгаа юм шиг байгаа юм.
Зочин [202.9.40.117] 2023-12-20 07:47:47
Хий үзэгдэл тэнүүчилж бна... чөтгөр хорлогч 2 уул зохиомол. Бурууг бусад руу чихдэг блаа, одоо ,бусад,олдохоо болисон юм блгүй дээ
Иргэн [139.5.217.24] 2023-12-19 20:05:00
Юу ч хийдэггүй түгжрэлийн сайдаар ч яадаг юм???Удххгүй Монгол удс аз жаргадын сайдтай боллоо гэх вий дээ!!!
ЗОЧИН [202.9.46.57] 2023-12-19 18:16:24
ТӨР МААНЬ ЧӨТГӨРТЭЙ БОЛЧХОНО ГЭДЭГ АЙМААР БАЙНА ШҮҮ
Зочин [116.178.215.108] 2023-12-19 13:15:54
1987-88 онд Бага-нуурт ОХУ ТЭЦ барьж эхлэж бэлэн болсон байлаа Баабар Элбэгтэнгүүд хөөгөөд явуулсан даа !! Одоо Баабар Элбэгтэнгүүдийг хөлдүү зооринд хаяж үзүүлэхсэн
Зочин [202.70.44.46] 2023-12-19 13:37:21
Андуураад байна, андуураад байна. Оросуудыг хэн ч хөөгөөгүй. Хятадтай тохироод цэргээ татаад гараад явсан юм.
Иргэн [202.126.89.99] 2023-12-19 12:28:28
7.5 жил МАН төр засгийн толгойд суучихаад одоо ийм юм ярьж байх гэж. Маш том эмгэнэл. Өнгөрсөн 7-8 жил валютын ханшаа барьж чадсангүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш ихээр өслөө, түлш дизелийн үнэ нэмэгдэж, тасарсан хэвээр, хөхөө өвлийн хүйтнээр эрчим хүчний хомсдолд орлоо, нэг л өдөр гал алдана. Энэ 8 жилд шинэ цахилгаан станц барих хангалттай хугацаа байлаа. Нам тойрог гэджг тэнэг бодлого боплоо толгойноосоо авч хаяад, улс орноо томоор хардаг болоочээ. 33 жил нам гэж ард түмнээ хлоронд нь талцууллаа.
Зочин [59.153.114.80] 2023-12-19 11:41:16
МАН завсаргүй олон жил засагалаад хулгай , худал дээгүүрээ төгсөрч улны маниуус бядгүй болж ноёдын хараал зүхэлийн бай болж тавыг нь хангаж л байх шив дээ
Зочин [103.57.95.104] 2023-12-19 10:42:53
улс орныг самарч сөнөөхөөр санаархан нойр хоолгүй зүтгэж байгаа урвагчдын оройлон удирдагч цахиагийн элбэгдоржоос өөр хэн байхавдээ, жонхуу ч бас мөн