Сэлэнгэ аймагт цасны зузаан талд 18-20 см, жалганд 30-50 см байна
Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр болон энэ сарын эхээр цас орж цочир хүйтэрсэн.
Түшиг, Цагааннуур Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Ерөө, Хүдэр, Хушаат, Сантын хойд тал, Мандал сумын хойд хэсгээр цас их орсон бөгөөд цасны зузаан талдаа 18-20 см, жалгандаа 30-50 см зузаан байгаа бөгөөд цаашид цас нэмж орвол дээрх сумдад өвөлжилт хүндрэх, цаашлаад аймгийн хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.
Мөн 17 сумын 57 багийн 9884 малчин болон мал бүхий өрхөд хоёр сая толгой мал өвөлжиж байгаа юм.
Малчдын түвшинд 165.5 мянган тн өвс, 1000 тн сүрэл, 14.4 мянган тн ногоон тэжээл, 34.5 мянган тн үйлдвэрийн тэжээл, 5.5 мянган тн дарш, 80 тн гар тэжээл, 3.9 мянган тн эрдэс тэжээл бэлтгэсэн нь малчин болон мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг 97.2 %- тай бэлтгэл хангасан гэж УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хуралд танилцууллаа.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл