Н.Алтанхуяг: Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас зарим зүйлийг тодруулан ярилцлаа.
-Намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Олны анхаарал татсан нэг том хууль бий. Тэр нь Эрүүгийн хууль. Уг хуулийн төслийг энэ долоо хоногоос эхэлж хэлэлцэж байна. Таны хувьд уг хуулийн төслийн ажлын хэсэгт багтан орсон шүү дээ?
-Хоёр том хууль явж байгаа шүү. Нэг нь эрүүгийн хэргийн тухай хууль. Нөгөөх нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль явж байна. Нэг нь материалаг хууль. Нөгөөх нь процессын хууль гэсэн үг. тэгэхээр миний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Уг хуульд яагаад өөрчлөлт оруулах асуудал гарч ирэв ээ. Тэгэхээр манайд шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилдаг болчихсон. баривчлагдсан хүмүүсийн дийлэнх буюу 90 орчим хувь нь дандаа шүүхийн шийдвэргүйгээр баривчлагдсан гэсэн үг.
Олон улсын шинжээчид хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл манайд ирээд энэ хуулиа янзал, өөрчил гэсэн. Үүнийг Засгийн газар дэмжээд, зөв чигтэй ажлыг эхлүүлж байгаа нь сайн.
-Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсанаараа шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг байдал зогсох уу?
-Зогсоохын тулд л энэ хуулийн шинэчлэлийг хийж байгаа гэдгийг ойлгоорой. аливаа этгээдийг баривчлахын тулд заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой болно гэсэн үг. Зарим нэг тохиолдолд заавал баривчлах зүйл гарч ирнэ. тэгвэл маш түргэн хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргах ийм зохицуулалтыг тус хуульд оруулж байгаа. Наанадаж хагас, бүтэн сайн өдөр шүүгчид амрахгүйгээр ажилладаг болно. Нөгөөтэйгүүр одоо манайд ямар практик байна гэхээр хүнийг баривчилчихаад хугацааг нь сунгаад яваад байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнийг бариад хорьчихлоо гэхэд тэр хүнийг 1-12 сар хүртэл баривчилж болдог эрх зүйн зохицуулалт байна. Үүнийг энэхүү хуулиар цэгцлэх гэж оролдож байна. монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж. Өнөөдрөөс эхлээд байнгын хороод дээр ярина. Улмаар энэ чуулганы хугацаанд батлагдчих болов уу гэж ойлгосон.
-Сонгуулийн тойрог, мандаттай холбоотой өөрчлөлтүүд батлагдлаа. Энэ бол маш том өөрчлөлт гэж иргэд дүгнэж байна. Таны хувьд уг өөрчлөлтийг ямар байдлаар хүлээн авч байгаа вэ?
-Том өөрчлөлт гэдэгтэй нь санал нэг байна. харин үүнийг хийхдээ цагийг нь тулгаж байгаад баталчихсан нь жаахан тиймхэн санагдсан. Үүнээс хойш манай улс бүсчилсэн хөгжлөөр мандан бадрах юм шигээр ярьж байна. тиймээс үүнийг би бол монголчуудын тархийг угаах гэсэн нэг оролдлого гэж харсан. яах вэ, ерөнхий санаа нь бол буруу юм биш.
Сонгууль болохоос зургаахан сарын өмнө энэ том өөрчлөлтийг маш богино хугацаанд шийдчихэж байгаа нь өөрөө хардалт төрүүлж байгаа юм. МАН-ын хувьд 2024 оны сонгуульд оролцоход маш хүнд байгаа. Намын хувьд ч улстөрчдийнх нь хувьд ч тэр. Ихэнх нь хулгайд нэр холбогдчихсон.
– Надтай ярихгүйгээр л намайг энэ намын дарга болгочих санаатай хүмүүс олон байна-
Тиймээс үүнийгээ бодож тооцоолоод сонгуулийн энэхүү тогтолцоогоор явах нь илүү ашигтай гэж үзсэн байх. Тэр утгаараа сонгуулийг зөв, шударга, зарчимтай явуулъя гэхээс илүү энэ сонгуульд бид яаж ямар тогтолцоогоор оролцвол илүү ашигтай вэ гэдгээ юун түрүүнд харж ийм шийдвэр гаргасан болов уу. Түүнээс биш улсын хөгжил энэ тэр бол дараагийн асуудал байх аа.
-Тэгэхээр энэхүү сонгуулийн тогтолцоо танай намд ямар ч ашиггүй гэж үзээд байна уу?
-Тэр чинь өөр асуудал. Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая орчим иргэн байна. Үүний тал нь Улаанбаатарт, үлдсэн хэсэг нь орон нутагт байна. Тэр утгаараа тойргоос сонгогдох 78 мандатынх нь хуваарилалт шог болчихож байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотоос 20 гаруйхан хүн гарч ирнэ. Үлдсэн нь хөдөө орон нутгаас. Үүнийг нь хэлэхээр эрх баригчид өөрсдийгөө зөвтгөж дандаа ярьдаг. Монгол Улсын асуудлыг шийдье гэвэл эхлээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэх шаардлагатай биз дээ. Гэтэл энэ олон асуудалтай газраас гарч ирж байгаа төлөөлөл нь хамаагүй цөөн болчихож байгаа юм. Тиймээс зарчим гэхээс илүү өөрсдөдөө илүү ашигтайгаар энэхүү тогтолцоог хийжээ гэж надад харагдаж байна. Нэмээд хэлэхэд тогтолцоо, үндсэн асуудлаар өөр нэг зүйл байгаа юм.
-Тэр нь юу вэ?
-Мөнгө. Манай ард түмэн бүгд л харж байгаа байх. Нүүрсний хулгайчаас эхлээд асар их мөнгө эрх баригчдад байна. Тэр утгаараа хэн мөнгөтэй нам, улстөрч нь ялдаг сонгуулийн тогтолцоо руу битгий явчихаасай гэж бодож байна. Гэтэл тойргийг томсгочихлоо. Тэгэхээр гурван аймгийн “атаманууд” мөнгөө нэгтгээд зүтгэчихвэл бусад нэр дэвшигчдэд тун хүнд сонгууль болно л доо. Жижиг нам болон залуу нэр дэвшигчдийн хувьд танигдах цаг хугацаа болон санал аваад гараад ирэх боломж асар бага л болно.
-Тэгэхээр бүсчилсэн тойргийн давуу талыг та юу гэж харж байна вэ?
-Хэрвээ шударга явагддаг бол бас давуу тал харагдаж байна л даа. Угтаа том тойрог гэдэг бол улс төрийн намуудын тулалдаан болно гэсэн үг. Гэтэл манайд олон нам гэхээр зүйл алга байна шүү дээ. Тойргоо томсгочихоор улс төрийн жижиг намууд бараг алга болсонтой адилхан гэсэн үг. Тэгэхээр МАН болон АН л үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр намын тулалдаан л болно. Угтаа улс төрийн нам өөрсдөө зөв зохион байгуулалтад ороод явбал маш том боломж. Гэвч тэгж чадахгүй л дээ, манай жижиг намууд.
-Танай намын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ. Нам гэж ярьсных та өнгөрсөн сонгуулиар намаасаа гарч бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа бие дааж нэр дэвших үү, Ардчилсан намаас гарч ирэх үү?
-Би энэ удаа намаасаа нэр дэвшинэ. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар намайг энэ намаас зүгээр л хасаад хаячихсан. Тэгэхээр намгүй хүн чинь яах вэ дээ, бие дааж л нэр дэвшинэ биз дээ. Гарцаагүй намгүй учраас өөр арга байхгүйгээр бие даасан болохоос биш. Намаа орхиод амиа бодсон юм байхгүй. Энэ Ардчилсан намыг байгуулалцаж явсан хүний нэг нь би. Ардчилсан намын асуудлыг би цагтаа мэддэг байсан. Харин одоо удирдлага биш болохоор төлөөлж байр суурь илэрхийлэх боломж алга. Бидний хувьд зориг зүрх муутай, унхиагүй л ажиллаж байна. Тухайлбал, саяны энэ томсгосон тойрог дээр МАН-тай нийлээд нэг цаас бариад дэмжээд зогсох шаардлага манай намд огт байхгүй шүү дээ. Учир нь жар гаруй хүн хуулиа баталъя гэвэл манай намтай намгүй л батална. Тэгэхээр хам хэрэгтэн болох ямар ч шаардлагагүй байсан юм.
-Таны хувьд Ардчилсан намын “Алтангадас” фракцад нөлөөтэй хэвээрээ байгаа юу. Таныг сонгууль дөхөөд ирэхээр энэ намын дарга болно гэсэн мэдээлэл гадуур мэр сэр явж байна. Та үнэхээр сонгуулийн өмнө АН-ын дарга болох уу?
-Юуны өмнө Ардчилсан намаасаа би нэр дэвшинэ. Харин намын дарга болох асуудал өөр шүү. Надтай ярихгүйгээр л намайг энэ намын дарга болгочих санаатай хүмүүс олон байна. Ер нь надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна. Монгол Улсын хувьд тэртээ 1990 онд ирсэн ардчилал хаачив. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэх мэт маш олон эрх чөлөө өнөөдөр алга болсон. Үүнийг шинэ залуу үеийнхэн маань огт анзаарахгүй байх шиг байна. Надад бол хуучин байсан хар цагаан кино, өнөө цагийн өнгөт кино хоёрын ялгаа асар их мэдрэгддэг. Үүнд л их санаа зовж байна. Тиймээс би зөвхөн Ардчилсан намын тухай яримааргүй байна. Харин тэр 1990 оноос олж авсан монголчуудын эрх, эрх чөлөө хаана байна гэдгийг л нэхмээр байна даа. Чи ярилцлагынхаа эхэнд асуусан, УИХ өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан бэ гэж. Энэ УИХ хоёр ч удаагийн сонсголыг маш сайн хийлээ гэж харж байгаа. Нэг нь Хөгжлийн банкны сонсгол, нөгөөх нь Нүүрсний сонсгол. Ардын намын бүх юм нь муу биш шүү. Энэ намын хулгайчид л муу байхгүй юу. Тэр хулгайчдад ер нь нам ч байхгүй л дээ. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гишүүдийн санаачилсан Хяналт шалгалтын хууль маш сайн хууль болсон. Энэ хуулийн хүрээнд л дээрх хоёр сонсголыг явуулсан гэж харж байгаа. Эхний удаа хийж байгаа учраас жижиг алдаанууд бий. Гэхдээ хийж байгаа нь өөрөө маш том амжилт юм.
-Нийгэмд “одоо сонсгол хийгээд л суугаад байх уу. Өөр ямар нэгэн хариуцлага тооцохгүй юм уу” гэдэг хандлагатай байна. Таны хувьд ч гэсэн ийм бодолтой байна уу?
-Тиймээс л бид УИХ дээр сонсголын дараа эхлээд хуулиуддаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Дараа нь холбогдох арга хэмжээг авч ажиллах ёстой юм. Сонсгол болоод дууссан. Одоо таны хэлдгээр маш олон шийдэл үлдчихлээ. Үүнийгээ УИХ сонгуулиас өмнө шийдээд явах байх аа. Одоо “Ногоон автобус”ны сонсгол хийнэ гээд явж байна. Үүнийг дээрх хоёр сонсгол шиг хийх л хэрэгтэй.
-Эрх баригчдын төсөвт олон жил дарамт үүсгэсэн гадаад өрийг тэглэлээ гэдэг зүйл ярьж байгаа. Уг өр нь таныг Ерөнхий сайд байх үеэс эхэлж тавигдсан гэдэг. Та үүнд тодорхой байр суурь хэлэхгүй юу?
-Өр гэдэг дээр би хоёрхон тоо хэлье. Намайг Ерөнхий сайдаас огцруулдаг жил буюу 2014 онд Засгийн газрын өр 3.5 тэрбум ам.доллар байсан. Өнөөдөр энэ өр 8.5 тэрбум ам.доллар болж өссөн. Өөрөөр хэлбэл Чингис бондыг гурав дахин үржүүлсэн их мөнгийг эд нар нэмж зээлсэн гэсэн үг. Үүнийг та бүхэн хаанаас ч харчихаж болно. Одоо яаж байна гэхээр нүүрсний хулгайн мөнгөөрөө эд нар маш буруу суртал ухуулга хийж байна. Өр анх тавьсан. Одоо тэр өрийг л дарах гэж махаа идэж байна гэдэг. Тэгэхээр би түрүү нь хэллээ шүү дээ, анх 3.5 тэрбум ам.долларын өр байсан. Үүнийг эд нар дараагүй. Харин нэмчихсэн байгаа биз дээ, 8.5 тэрбум болгоод. Одоо тэгээд тухайн үед өр тавьсан нь буруу мэтээр ойлгуулах гэж эд нар хичээж байна. Үүнийгээ маш сайн явуулж байна. Яах вэ, хулгайчид асар их мөнгөтэй л байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Даваа [66.181.188.97] 2024-01-14 15:19:19
тэтгэвэртээ гараач дээ, мэдрэмж алгаа
Зочин [202.126.89.17] 2024-01-14 09:13:58
Алтанхуяг дарга удирдах чадвартай хүн шүү.
Зочин [103.212.119.116] 2024-01-14 03:18:34
Ардчилсан намыг Алтанхуяг удирдаад сонгуульд оролцох юм бол шууд ялна
зочин [103.57.92.215] 2024-01-13 14:19:16
Үг хэлэх ардчилсан эрх чөлөө доромжлох гүтгэх мушган гуйвуулах шудрага дүр эсгэх хулгай луйвар монголчуудын моод болчихлоо
Зочих [202.126.88.142] 2024-01-13 12:34:26
Чиний болон танай намын хийсэн гай лай шүү
Зочин [125.45.110.221] 2024-01-12 22:03:41
Бөөрөнхийлөөд бүүр зориг зүрх нь үхчихсэн үү?!
зочин [103.57.92.215] 2024-01-12 13:41:57
Ардчилалын жилүүдэд хүний үг хэлэх чөлөө гэгч нь гүтгэн доромжлох хараах худал хэлэх шудрага дүр эсгэж үнэнийг мушган гуйвуулах худлыг үнэн болгож хулгай луйвар авилгал цэцэглэн хууль бусаар баяжиж хөрөнгөжиж шүүх нь хамгаалж шудрага үнэний төлөө тэмцэгчийг ялгаварлан гадуурхаж нэр хоч өгч бохир хөрөнгө мөнгөнд эх орон газар нутгийг минь живүүлэх нээ харамсаж бна
Хаха [202.9.46.15] 2024-01-12 13:23:20
Авилгач хулгааачууд шоронд ордог юмууу том том хуцхааа боль хулгааачааа
Зочин [202.126.89.205] 2024-01-12 13:08:39
Энэ хүн л ан ыг удирдаж чадна
Зочин [202.9.40.161] 2024-01-12 12:34:26
Үүрэггүй шалдан эрх тунхагласан норовын нохой толгойтыг ямар хүн гэхэв дээ.дан ганц эрх ярьдаг улс орон монголоос өөр хаана ч үгүй
Иргэн [103.57.92.84] 2024-01-12 12:02:06
Алтанхуяг гишүүн баримттай цэгцтэй зөв ярьдаг. Шударга ёсны төлөө зөв хүмүүсээ дэмжих хэрэгтэй.
Зочин [203.17.23.197] 2024-01-12 10:35:35
Идэж завшаад байгаа урвагчид, луйварчидыг шоронд хийх хэрэгтэй
Зочин [203.98.76.9] 2024-01-12 10:28:48
Хууль бусаар хорьсон тогтоогдвол тэр буруутай этгээдүүдэд хариуцлага тооцдог хууль батлахгүй бол хууль бусаар хорьдог асуудал зогсохгүй