Нийслэл болон орон нутагт 2189 сонгуулийн хэсгийн хороо байгуулжээ
Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-д сонгуулийн хэсэг байгуулж, улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст уг мэдээллийг нэгтгэн Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-д гуравдугаар сарын 6-ны дотор хүргүүлэхээр хуульчилжээ. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 2,189 сонгуулийн хэсэг байгуулахаар ИТХ-д шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, орон нутагт 330 сум 1,643 багт 1,680 сонгуулийн хэсэг байгуулжээ. Суманд багадаа 200-гаас 2,000 сонгогчийн дунд сонгуулийн хэсэг байгуулахаар тогтоосон байна. Харин нийслэлийн есөн дүүргийн 204 хороонд 509 хэсэг байгуулсан байна. Дүүрэгт 3,000-аас багагүй сонгогчийн дунд хэсэг байгуулахаар хуульд заажээ. Өмнөх сонгуулиар 2,070 сонгуулийн хэсэгт санал авсан бол энэ жил хэсгийн тоо 119-өөр нэмэгдсэн байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах болон хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий Хорооны зөвшөөрлөөр шийдэх боломжтой.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
Сэтгэгдэл