Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Монголын сайхан ээжүүд-үзэсгэлэнт сарангоо бүсгүйчүүд ээ,
Эрхэм хүндэт алдарт эхчүүд ээ,
Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.
Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Аливаа улс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, харилцан ойлголцол, гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал байдгийн нэгэн адил хүн төрөлхтний эе эв, аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдагч, манлайлагчдын үүрэг, оролцоо нэн чухал билээ.
Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулъя: Хөгжил дэвшлийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улс 2022 онд “Эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Түүнчлэн 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан.
Энэ хүрээнд жендерийн тэгш байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, эмэгтэй манлайлагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалсан.
Мөн энэ оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилга гаргасныг НҮБ талархан дэмжиж, хамтран зохион байгуулах болсныг баярын энэ өдөр дуулгахад таатай байна.
Энэ чуулга уулзалтаар олон орны манлайлагч эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчид манай оронд анх удаа хуран чуулж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэн, мэдлэг туршлагаа хуваалцаж, үр дүнтэй санал, санаачилга дэвшүүлэн, дэлхий нийтэд хандсан уриалга гаргах болно.
Эх орны минь эхлэл болсон эрхэм хүндэт Монголын сайхан ээжүүд ээ,
Монголчууд бид өнө эртнээс элбэрэлт эхчүүд, үзэсгэлэнт эмэгтэйчүүд, билиг төгс охид бүсгүйчүүдээ өрх гэрийнхээ нэгэн багана, улс үндэстнийхээ нэгэн тулгуур хэмээн үзэж, үнэт сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь мөнхжүүлж ирсэн бахдам сайхан түүхтэй.
Тийм ч учраас Монгол Улсын үе үеийн төр, засгийн бодлого, үйл ажиллагааны төвд охид, эмэгтэйчүүд байж ирснийг Та бүхэн мэднэ.
Монгол Улс Ази тивд анх удаа 1924 онд Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сурч боловсрох, хөгжин дэвших, удирдан манлайлах эрхийг хангаж, жендерийн тэгш эрхийг баримтлан, төрийн бодлогод хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэж хөгжсний түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цаашид бид хүн амаа өсгөх, эх оронч, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх бодлогоо тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх маань 66,234 хүүхдээр ам бүл нэмж, хүн ам 3.5 саяд хүрлээ. 10,638 эх “Эхийн алдар” одон хүртлээ.
Мөн хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна. Улсын хөгжил хүнээсээ эхэлдэг. Монгол хүн бол Монголын ард түмний эрхэм дээд баялаг мөн. “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг” гэж манай ард түмэн ерөөдөг.
Монголын баялаг болсон хүмүүнийг төрүүлж өсгөн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байдаг амьд бурхад болсон ээжүүд, эхчүүддээ гүн талархал илэрхийлье.
Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ. Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай.
Хайрын тэнгэр, ханийн түшиг, халамжит эмэгтэйчүүддээ, хацар гоо охид бүсгүйчүүддээ хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол газар ээжийн бүүвэйн дуу өнө мөнхөд эгшиглэж, монгол эмэгтэйчүүд үргэлжид аз жаргал, баяр баяслаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Эрхэм хүндэт ээжүүд, эхчүүд, охид, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 18 дахь жилдээ зохион байгууллаа.
“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.
Сэтгэгдэл
Luivriin [202.126.90.117] 2024-03-11 14:09:19
Luivraar garch irsen gar hunii suudal bulaasan tuuhend uldenedee judaggui er hunii araas hutga shaadag
Зочин [202.126.91.1] 2024-03-08 16:25:34
Баярлалаа ЕК-д ээжүүд минь Дандаа авах идэхийг бодохоо болимоор…Зүгээр сууж мөнгө нэхэх бэлэнчлэх сэтгэлгээ эцэст нь муу үйлд хүргэнэ. Хөдөл, хөдөлмөрлө!!!!
зочин [66.181.160.113] 2024-03-08 15:12:08
төрсөн ээжийн мөнгийг сарын сая төгрөг одон авч бгаа ээжүүдийн мөнгийг нэммээр бна Монголын хүн ам олон болтугай