ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Инфляц буурч, АНУ-ын эдийн засгийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа тул Олон улсын валютын сан /ОУВС/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.2 хувьд хүргэж ахиуллаа. Энэ нь нэгдүгээр сарын таамаглалаас 0.1 пунктээр илүү юм. АНУ-ын эдийн засгийн өсөлт өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд ОУВС-гийн шинжээчид энэ онд 2.7 хувиар өснө гэж төсөөлж байгаа нь өмнөх таамаглалтай харьцуулахад 0.6 пунктээр нэмэгджээ. Түүнчлэн 2025 оныхыг мөн 0.2 пунктээр ахиулж, 1.9 хувь болгожээ.

ОУВС-гийн “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал”-ын тайланд дурдсанаар, дэлхийн олон улс оронд хэрэглээний үнийг хяналтдаа аваад байгаа бөгөөд 2022 оны дунд үед оргил үедээ хүрч байсантай харьцуулахад зорилтот түвшин рүү дөхөж буурч байна. Түүнчлэн инфляцын жилийн дундаж түвшин 2023 онд 6.8 хувьтай байсан бол 2024 онд 5.9 хувь, 2025 онд 4.5 хувь болж буурах төлөвтэй байна.

ОУВС, Дэлхийн банкны жил тутмын хаврын чуулганд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс санхүүгийн байгууллагын удирдлагууд Вашингтонд хүрэлцэн ирэхийн өмнөхөн гаргасан уг тайланд “дэлхийн эдийн засаг гайхалтай тогтвортой хэвээр байгаа бөгөөд инфляц зорилтот түвшиндээ эргэж очихын хэрээр өсөлт тогтвортой байна” гэж бичжээ.

Харин 2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлт өмнөх таамаглалаас өөрчлөгдөөгүй буюу 3.2 хувьтай байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтийн хурдац нь түүхэн доод түвшинд байгаа бөгөөд Израил-ХАМАС-ын дайн ба бусад геополитикийн хурцадмал нөхцөл байдал, Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, зээлийн хүү өндөр байгаа зэрэг нь өсөлтийг сулруулах эрсдэлүүд болж байгааг ОУВС тэмдэглэжээ.

Хятадын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.6 хувь, ирэх жил 4.1 хувьтай байх төлөвтэй байгаа нь гурван сарын өмнөх төсөөллөөс өөрчлөгдөөгүй байна. “Үл хөдлөх хөрөнгийн салбарт иж бүрэн хариу арга хэмжээ авахгүй бол өсөлт суларч, худалдааны түншүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж тайланд Хятадын талаар өгүүлэхдээ дурдсан байна.

Японы эдийн засгийн өсөлтийн таамаглал 0.9 хувь хэвээр байсан бол 2025 оны төсөөлөл өмнө нь таамаглаж байсан 0.8 хувиас 1.0 хувь болж өсжээ. Харин Еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт 2024, 2025 онд тус тус 0.8 хувь, 1.5 хувьтай байна гэж таамаглажээ. Эдгээр нь өмнөх төсөөллөөс 0.1, 0.2 пунктээр тус тус буурсан тоо юм.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:25

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.