УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлнэ
Орос, Монгол, Хятадын төмөр замын компаниуд гурван улсын төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай "Оросын төмөр зам" компани "Telegram" сувагт мэдээлжээ.
“Орос-Монгол-Хятадын төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг батлах тухай протоколд тус гурван улсын төмөр замын компаниудын удирдлагууд Хятад улсын Хөх хотод гарын үсэг зурлаа. Талууд Улаанбаатар төмөр замын (УБТЗ) ачаа тээврийн хэмжээг 2030 он гэхэд 50 сая тонн, 2050 он гэхэд 90 сая тонн болгон нэмэгдүүлэх тухай төлөвлөгөөг батлав” гэж мэдээлэлд дурдсан байна.
Эдгээр зорилгод хүрэхийн тулд Монголын талаас Замын-Үүд, Сүхбаатар хилийн өртөөнүүдэд дэд бүтцийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгааг “Оросын төмөр зам” компани онцолжоо. Тодруулбал, Замын-Үүд өртөөнд нарийн царигтай хоёр дахь замыг ашиглалтад оруулах бөгөөд ингэснээр Хятадын төмөр замаас илүү олон галт тэрэг хүлээн авах боломжтой болно. Мөн Сүхбаатар өртөөний шинэ терминалын барилгын ажлын судалгааны ажил эхлээд байна.
УБТЗ ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн онд 32.4 сая тонн болсон нь түүхэн дээд үзүүлэлт юм. Энэ оны найман сарын эцсийн байдлаар энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.8 хувиар өсөж, 21.7 сая тоннд хүрчээ.
Сэтгэгдэл