Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна
ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 18 /Nikkei/. Цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотойгоор Европын Холбоо /ЕХ/, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 2023 оны эцсийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан бол Хятадын өрсөлдөгч компаниудын хувьцааны үнэ мөн хугацаанд мэдэгдэхүйц өссөнийг Японы эдийн засгийн тэргүүлэх сонин болох “Nikkei”-н мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо харуулжээ.
Есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар автомашин ба түүний эд ангийг үйлдвэрлэдэг дэлхийн 1600 орчим компанийн хувьцаа нийтдээ 2.8 их наяд гаруй ам.долларт хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн 2023 оны сүүлийн арилжаанаас хойш 6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Ялангуяа ЕХ-ны автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцаа хамгийн их хувиар /26 хувь/ унасан байна. Япон, АНУ-ын үйлдвэрлэгчдийнх 8 ба 6 хувиар тус тус буурчээ. Харин Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ нийт 18 хувиар өсжээ. Тухайлбал, цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч BYD компанийнх 21 хувиар өссөн байна.
ЕХ-ны үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүд нь юуны түрүүнд шинэ цахилгаан автомашины борлуулалт муудсантай холбоотой гэж “Nikkei”-н мэргэжилтнүүд үзэж байна. Долоодугаар сард тэдгээр компанийн борлуулалт жилийн өмнөхтэй харьцуулахад 10.8 хувиар унажээ.
Ялангуяа Герман улсад цахилгаан автомашин худалдан авахад олгодог байсан татаасыг цуцалсны дараа шинэ автомашины борлуулалт ихээхэн /20 гаруй хувь/ буурчээ. Мөн Хятадын компаниуд ЕХ-ны зах зээлд автомашинаа харьцангуй хямд үнээр санал болгож байгаа нь борлуулалт буурахад нөлөөлж байна.
Сэтгэгдэл