Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд өнөөдөр тохиож буй Монголын Ардчилсан намын ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгаад байгаа юм. Хуулийг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласныг дурдаж, Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед тус ажлын хэсгээс нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор болгон өөрчлөх, мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Ж.Алдаржавхлан, С.Амарсайхан, Б.Батбаатар, Ж.Баярмаа, А.Ундраа, Ө.Шижир, Б.Жаргалан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Засгийн газарт намууд хамтран ажиллаж байгаа боловч төрийн албаны дунд, доод шатанд АН болон ХҮН намын төлөөллийг томилох ажил удаашралтай явагдаж байгаад анхаарал хандуулж, хамтын ажиллагааг иж бүрэн болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир нар улс төрий намын төлөвшлийг удаашруулах үр дагавартай гэж үзэн хуулийн төслийг дэмжихгүй байх бүлгийнхээ байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Б.Жаргалан нар улс төрийн шалтгаан, учир холбогдолтойгоор хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гэж байгааг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачилга гарган хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хугацааг нэг жил болгон богиносгох санал гаргасныг дэмжиж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан хууль хэрэгжиж эхэлснээс хойших жил хагасын хугацаанд дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, төлөвшлийн ажлыг эхлүүлж чадаагүй намууд ирэх нэг жилийн хугацаанд энэ ажлаа амжуулж хийхийг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан энэ асуудал улс орны амьдралд ихээхэн чухал тул аль болон улс төржихгүйгээр шийдвэрлэж, намуудад цаг хугацаанд шахагдахгүйгээр дүрэм журам, дотоод байгууллаа шинэчлэх ажлыг чанартай хийх боломж олгох нь зүйтэй гэсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улстөрийн намын тухай хуулийг бүхэлд нь дахин эргэж харж, парламентад суудалгүй жижиг намуудын саналыг тусгаж шинэчлэн батлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа хууль хэрэгжээд жил гаруй болж байхад дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүйнхээ төлөө хуульд өөрчлөлт оруулж байгаа нь зохисгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлээд, хуулийн төслийг санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаах саналтай байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан улс төрийн намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэх үүднээс дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх, бүртгэх асуудал ихээхэн чухал учир энэ талаарх боломж бүх намуудад тэгш байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ажлын хэсэг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа нь “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очирыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байна. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тул эцсийн найруулгыг сонгов.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн 11, Улсын Их Хурлын тогтоолын дөрвөн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, төсвийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулжээ.
Эдгээр хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх, урсгал зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэв.
Дээрх хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан юм. Байнгын хороо төслүүдийг өнөө өглөөний хуралдаанаар хэлэлцэж, эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, төсөв хооронд үе шаттай оновчтой зохицуулалт хийн, импортыг орлох, экспортыг дэмжсэн татварын бодлогыг хэрэгжүүлэх, төсвийг алдагдалгүй байлгах зарчимд нийцүүлэн хэрэгжиж эхлээгүй байгаа зарим төсөл арга хэмжээг зогсоох, мөн Засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эргэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээлд үнэт цаасны арилжааг эхлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих, Ургамал хамгааллын тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулах, урсгал зардлыг бууруулж байгаатай холбогдуулан төсөвт хэмнэлт хийх арга хэмжээ авах зэрэг зорилгын хүрээнд боловсруулсан байх тул үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг үг хэлж, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг хэлэлцэхээс татгалзахыг уриалсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээний талаар асуулт асууж, хариулт авсан юм. Сангийн сайд Б.Жавхлан түүний асуултад хариулахдаа хуулиуд амьдралаар шалгагдаж, болох, болохгүй нь ялгарч байдгийг онцлоод Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь өмнө хэрэгжиж байсан Концессын тухай хуулиар хувийн хэвшлийнхнийг ихээхэн хашраасан нь нөлөөлж байна гэсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлж, өмнө алдаа гарсан байж болох ч түүний сөрөг үр дагаварыг одоо хэр нь төр засаг, хувийн хэвшилтэйгээ үүрээд байж болохгүй. Алдааг засах ёстой. Үүний тулд холбогдох саналыг боловсруулан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэн, засаж залруулаад явах нь зүйтэй гэв.
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд эдгээр гурван хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэж, тогтоол гаргав.
Харин хэлэлцэхийг дэмжсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл