Европ-Өмнөд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг тохиролцжээ
МОНТЕВИДЕО, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /DW/. Европын Комисс ба Өмнөд Америкийн дөрвөн улсыг нэгтгэдэг МЕРКОСУР эдийн засгийн холбооны хооронд 20 жилийн турш хэлэлцээ хийсний эцэст Чөлөөт худалдааны хэлэлцээрийг боловсруулах ажил баасан гарагт Уругвай улсын нийслэл Монтевидео хотод дууслаа.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйений хэлснээр, энэхүү гэрээг байгуулснаар шинээр олон ажлын байр бий болж, жил бүр 4 тэрбум гаруй еврогийн гаалийн татвараас чөлөөлөх ажээ. Хятадтай хийж буй худалдаанаас Европын Холбооны хамааралт байдлыг бууруулахад чиглэсэн уг гэрээг байгуулахаар тохиролцсонд Герман улсын засгийн газар баяр хүргэлээ.
Одоо чөлөөт худалдааны гэрээг соёрхон батлахын тулд ЕХ-ны гишүүн 27 улсаас 15 нь дэмжиж, Европын парламентын гишүүдийн ердийн олонхийн саналыг авсан байх ёстой. 2019 онд урьдчилсан гэрээг байгуулсан боловч ЕХ соёрхон батлаагүй юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Францын эрх баригчид энэхүү гэрээг олон жилийн турш шаргуу эсэргүүцсээр ирсний учир нь, тус улсын фермерүүдэд хохиролтой гэж үзсэнээс үүдэлтэй. Мөн Австри, Польш, Нидерланд, Итали улсууд эл асуудлаар эргэлзсэн байр суурьтай байгаа ажээ.
Ийм учраас уг баримт бичигт гарын үсэг зурснаараа шинээр байгуулагдсан Европын Комисс улс төрийн эрсдэлтэй алхам хийж байна. Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ, зарим улсын болгоомжлол эргэлзээг анхааралдаа авч, гэрээг байгуулахад харгалзан үзсэн гэжээ.
ЕХ-ны гишүүн 27 улс болон Бразил, Аргентин, Уругвай, Парагвай гэсэн дөрвөн улсыг нэгтгэдэг МЕРКОСУР эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар 700 сая гаруй хүнийг хамарсан дэлхий дээрх хамгийн том чөлөөт худалдааны бүс бий болж, дэлхийн эдийн засгийн 20 орчим хувь, экспортын 31 хувийг бүрдүүлэх юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл