Экспортын 90 гаруй хувь түүхий эдээс бүрдэж байгаа нь эдийн засгийн солонгоролгүй, тогтворгүй байдал үүсгэж байна
"Mongolia Growth Forum" арга хэмжээ энэ сарын 12-нд Galleria Ulaanbaatar танхимд зохион байгуулагдлаа. Тус форумд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн шинэ үзэл баримтлал болон гадаад худалдааны бодлогод хийх реформын шинжтэй санал, санаачилгыг танилцуулсан юм.
"Mongolia Growth Forum"-д яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн байгууллага, ЭСЯ, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, эвсэл, холбоод, худалдааны танхимууд, бие даасан судлаач, эдийн засагчдын төлөөлөл 200 орчим зочин оролцлоо.
Уг форум нь оролцогч талуудын хооронд нэгдмэл ойлголцол бий болгох, өмнө дурдсан дөрвөн чиглэлийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төрөл бүрийн арга хэлбэрийг хөгжүүлэхэд чиглэсэн юм.
Mongolia Growth Forum-ын гол зорилго нь хамтарсан Засгийн газрын зүгээс Монгол Улсад тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэхээр санал болгож буй бодлогын шинэ хандлагыг танилцуулахад оршиж байлаа.
Тус форумаар хууль эрхзүй, бодлогын шинжтэй дараах асуудлуудыг хэлэлцэж, Шадар сайдын ажлын алба, хуулийн төслийн багийнхан илтгэл тавьж, гадаад, дотоодын байгууллагч, оролцогч нарт мэдээлэл өгсөн юм.
Гадаадын хөрөнгө оруулалт
Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалаас шууд хамаардгийг цаг хугацаа харуулдаг. Сүүлийн 11 жилийн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нийт 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсны дийлэнх нь бусад хуулийг дагалдсан нэмэлт, өөрчлөлтүүд бөгөөд эдгээр нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглээгүй байсан юм. Тийм учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж байна.
Уг хуульд зарчмын дараах өөрчлөлтүүдийг оруулах юм:
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгон өөрчилнө.
- Тогтвортой байдал, шударга тэгш байх, ойлгомжтой байх, таамаглахуйц, шуурхай, саад тотгор учруулдаггүй аль болох дэмждэг байх, цахимаар асуудлыг шийддэг байх гэсэн үндсэн таван зарчмыг тусгана.
- Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд харьцангуй давуу талыг улам нэмэгдүүлсэн, урамшууллын зохих бодлогуудыг тусгана.
- Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл болгон өөрчилж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бодлогын зөвлөмж гаргадаг, чухал шаардлагатай бодлогуудыг зангиддаг байгууллага болгоно.
- Томоохон хөрөнгө оруулалт татах урамшууллын систем бий болгох, тэр дундаа татварын болон татварын бус урамшуулал олгох боломжийг тусгаж өгнө.
Хөгжиж буй орнуудын ихэнх нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай байдаг бол бусад улс зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хуультай байдаг. Хөрөнгө оруулалтын хуультай улсуудын эдийн засгийн хөгжил сул, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг хангалттай сайн татаж чадаагүй жишээнүүд их бий. Тиймээс хөгжиж буй орнуудын жишгийн дагуу гадаадын хөрөнгө оруулалтад зориулсан хуультай байх ёстой гэсэн концепцийг баримталж байна.
Гадаад худалдаа
Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш худалдааны нэгдсэн бодлого, хуультай болох оролдлого тэр бүр амжилт олоогүй байсан бол Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх асуудлыг тусгасан.
Энэ хүрээнд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Худалдааны хуулийг батлуулах, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр Монгол Улсад олгогдсон боломжийг бүрэн ашиглаж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, гадаад худалдаанд үүсэх эрсдэл, саадыг бууруулах зорилтыг тавиад байна.
Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Түүнчлэн өндөр технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжин, инновац, технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулж, оюуны багтаамж өндөртэй, органик, монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр экспортыг нэмж, эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг тусгасан билээ.
Худалдаа бол өргөн цар хүрээтэй, бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг чухал харилцаа бөгөөд Монгол Улсын хувьд худалдаанд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй байдаг.
Гэвч экспортын 90 гаруй хувь нь түүхий эдээс бүрдэж байгаа нь эдийн засгийн солонгоролгүй, тогтворгүй байдал үүсгэж байна. Тиймээс уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүнийг экспортлох, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд худалдааны оновчтой, нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа юм.
Өрсөлдөөн
1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль батлагдсанаас хойш олон улсын жишиг, зөвлөмжийн дагуу уг хуульд 11 удаа багц нэмэлт өөрчлөлт оруулсан ч эл шинэчлэл манай улсад хэр нийцэж байгаа нь өнөө хэр асуулт дагуулсан хэвээр байна.
Иймд Монгол Улс Өрсөлдөөний тухай хуулийг улс орны онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Үндсэн хууль дахь суурь эрх ашиг, гадаад, дотоод бодлого, иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна.
Монополийн эсрэг газрын нэрийг өөрчлөхөөс реформ эхлэх бөгөөд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Картель байгуулж, үнэ хөөрөгдөхтэй тэмцэх, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн худал зүйлд итгүүлсэн зар сурталчилгаатай тэмцэх нь энэ цаг үед чухал болж байна. Мөн зах зээлд шинэ шинэ тоглогч орж ирэх бололцоог бий болгох, төрийн өмчийн компаниудын шударга бус өрсөлдөөн, монопольт байдлыг хязгаарлах үүрэг ролийг тус байгууллага орхигдуулахгүй байх хэрэгтэй юм.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөд монополийн болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, картел, төрийн өмчит ААН-ийн давамгай байдал, групп компаниудын тэлэлт, нэгдэн нийлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын эрх зүйн чадамж зэргийг хамарсан зохицуулалтууд багтаж байна.
Төрийн худалдан авалт
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн худалдан авалтыг тогтолцооны хувьд шинэчлэх, технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх зорилтыг тусгасан билээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаварт тусгасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах юм.
Эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын тушаалаар хуулийн төсөл боловсруулах ажлыг хэсэг байгуулагдаж Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга ахлаад ажиллаж байна.
Хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээнүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс чанарын үнэлгээг харгалздаг болох
- Тендер сонгон шалгаруулалтад хүний оролцоог багасгах, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлийг арилгах зорилгоор хиймэл оюун ухаан ашиглах суурь зохицуулалтыг нэвтрүүлэх
- Төрийн худалдан авах ажиллагаанд ногоон худалдан авалтыг дэмжих тодорхой хөшүүргүүд бий болгох
Худалдаа, Хөрөнгө оруулалт, Өрсөлдөөн, Худалдан авах ажиллагааны бодлого шинэчлэгдэх нь бүхэлдээ Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, улмаар улсын нөөц баялгийг үр ашигтай зарцуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл