"Цусгүй тулалдаан”-ы тухай өгүүлэл

Aдмин / Улстөр

(Дурдатгал)

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

АИХ-ын 50-р тойргийн депутат А.Далхжав: Депутатууд өөр хаалгаар зүг буруулан ордноос гарцгаах үе хэд хэд тохиосон

Шатраар наадахыг “цусгүй тулалдаан” хэмээдэг. Тэгвэл би бээр бас нэгэн онцгой “цусгүй тулалдаан”-д оролцож явснаараа сэтгэл зүрхэндээ бахархаж явдаг юм. Энэ бол цагаан Морин жилийн ардчилсан хувьсгалын үргэлжлэл-Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэж батлах 76 өдрийн үйл явдал. Ганц би ч биш, АИХ-ын депутат 430 хүн энэ их үйл хэргийн төлөө ёстой нойр, хоолоо умартан байж зүтгэсэн билээ.

Халуун намраар эхэлсэн АИХ-ын чуулган идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд үргэлжилсээр... Үндсэн хууль хэлэлцэхийг больё, дараагийн чуулган хэлэлцэж батлах биз, хөдөөд зуд, зурхан нүүрлээд, цаг агаар хүндэрлээ, тарцгаая гэсэн үг ч сонсогдож л байлаа. Яалаа гэж дээ. Бид чинь Монголын ард түмнийг төлөөлсөн төрийн түшээд шүү дээ. Үндсэн хууль хэлэлцэж батлах гэж Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бус уу. Энэ зорилгоосоо огтхон ч буцахгүй гэсэн үзэл бодол, сэтгэл зүтгэл давамгайлж, өдөр нь хэлэлцэж, шийдэлд хүрч чадаагүй асуудлаа шөнө үргэлжлүүлнэ.

Чуулганы танхимаас гараад ирэхэд Засгийн газрын ордны хойд талын баруун хаалган дээр туг, уриа лоозон барьсан жагсагчид орилолдон хашгиралдана. Депутатууд өөр хаалгаар зүг буруулан ордноос гарцгаадаг үе ч хэд хэд тохиосон.

Нам, эвсэл, холбоод аймгийн төлөөлөл депутатуудын хэсгүүд завсарлага авах, хурал орхих, өөрсдийн эрх ашигт нийцсэн элдэв янзын шаардлага тавих энүүхэнд. Гэвч чуулган ажил хэрэгчээр үргэлжлэн хуралдаж асуудлаа шийдэж чаддаг байв.

Танхимын уур амьсгал ачааллыг даахгүй суудал дээрээ ертөнцийн мөнх бусыг үзсэн тохиолдол ч гарав. Сэлэнгэ аймгаас сонгогдсон депутат М.Гантөмөр “Монгол хүн хоёр эхнэртэй байх”-ыг Үндсэн хуулиар баталгаажуулъя гэсэн санал оруулж, 70 гаруй депутатын санал авч, олныгоо нойрноос сэрээж ч байлаа.

Төрийн сүлд ямар байх тухай олон төсөл, загвар яригдаж байх энэ мөчид зураач Ш.Тэнгисболдын “цагаан шонхор” ч маргааны нэг сэдэв болж байлаа. Ер нь үхэр, хонь... ямаа, гурван толгойтой ногоон мориор сүлдээ хийвэл яана гэсэн олон санал, янз бүрийн загвар ирснээс шүүн хэлэлцсээр эдүгээгийн “Жигүүрт хөлөг” тодорч батлагдсан даа.

Чуулганы танхимд өлсгөлөн зарлана гэж депутат С.Харжаубай босож ирэв. “Иргэн” хэмээх депутат Д.Ламжав “галзуу” хүмүүсийн саналаар Үндсэн хуулийг манаачгүй (цэцгүй)-гээр баталж болохгүй гэж хатуу сануулав.

Яруу найрагч О.Дашбалбар тэрсэлдээд хурал хаяж гарав... Ер нь чуулганаа тараая ч гэх шиг амтай бүхэн дураар авирлаж эхлэхэд Ерөнхийлөгч ам нээж “Депутат та нар хязгааргүй эрхтэй. Харин чуулганаа тараах эрхгүй” гэсэн үгнээс хойш депутатууд хэлэлцэж байгаа асуудалдаа нэлээд нухацтай шуудрав. Харин депутат миний хувьд АИХ- ын сонгуулийн 50 дугаар тойргоос сонгогдсон юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний мэргэн ухаан нэвт шингэсэн, ардчилал, эрх чөлөөг ард түмэндээ жинхэнэ утгаар нь өгсөн бүтээл болсон гэж омог бардам явдаг.

Үндсэн хуулийн төсөлд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт яригдаж, төрийн хамгаалатгад байна, байхгүй гэсэн маргаан дэгдэв.

Дээрх заалтыг хэрэггүй гэж үзээд, төслөөс хасна гэсэн санал давамгайлах байдал үүсэхэд депутат Д.Лхагвасүрэн (гавьяат мал зүйч), бидний хэсэг депутатууд нэгдэн, төсөлд байгаа заалтыг хэвээр нь авч үлдээх саналтай байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол завсарлага авна, чуулганыг орхино гэдгээ мэдэгдээд, нэгдэл, сангийн аж ахуйн дарга депутатууд дэмжив. Олны мэргэн ухаанаар зөв шийдэлд хүрч батлуулаад, сэтгэл амсхийж билээ. Гэхдээ мал сүргийн “удмын сан” гэдэг хоёр үг орхигдсоныг одоо яалтай билээ.

Чуулганы танхимд Лу.Болд бид хоёр зэрэгцээд суудаг байлаа. Өрөвгөр үстэй шар банди үг хэлж, шинэ санаа гаргах боловч үг хэлэхдээ түгдчинэ. Бид хоёрыг зэрэгцээд сууж байхад Герман улсын сурвалжлагч бүсгүй фото зураг татаж, бидэнд дурсгасныг одоо харж байхад хуучин, шинэ төрийн өнгө төрх, хөгшин, залуу хоёрын зүс царайг яг илтгэнэ. Би чуулганы турш 20 гаруй удаа босож үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн болов уу.

Нэг өдөр хурлын танхимын баруун урд хаалгаар өндөр оройтой хар өнгийн бүрх малгай духдуулж, цэрэг маягийн өмд өмсөж, хромон гутал жийсэн эр ороод ирлээ. Бас цагаан цамцан дээр хар зангиа зүүсэн харагдана. Яруу найрагч, депутат О.Дашбалбарын үс нь дал мөрөө нөмөрч бутраад яах аргагүй мөн дөө. Танхим даяараа инээд хөөр болох нь тэр.

Тэрээр үнэний төлөө чанга дуугарна, эсвэл тэрсэлдээд танхимаас гараад явчихна. Депутат С.Билэгсайхан, Д.Энхбаатар, Н.Самат, К.Сайраан нар үе үе буриад, казах хувцсаар гангарч ирнэ. Үндэс, угсаагаа хамгаалах гэсэн өөрсдийнхөө саналыг Үндсэн хуульд тусгуулах гэж тэд зүтгэдэгсэн.

“Цусгүй тулалдаан” 76 хоног үргэлжлээд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгын доор Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан тэр сайхан цагийг монгол түмэнд үл мартагдана.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/


Сэтгэгдэл

иргэн [59.153.114.104] 2025-01-06 11:11:46

энэ төрд ийм л хүмүүс дутагдаад байна даа чааваас


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.