ЁЗДБХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн 322 зөрчил тогтоогджээ
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2025.01.21) хуралдаж, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцлээ.
Тус хороо 2024 хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хянах, төрийн өндөр, түүнтэй адилтгах албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, хариуцлага хүлээлгэсэн эсэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан байгууллага юм.
Ёс зүйн хороо хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүд болон орон тооны бус дөрөв, нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Байнгын хорооны хуралдаанд Ёс зүйн хорооны 2024 оны тайланг тус хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гиишүүн Ц.Амартөгс танилцуулав. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тус хороо өнгөрөгч онд илүүтэй анхаарал хандуулж ажилласан байна.
Дөрөвдүгээр сарын 18-нд Улсын Их Хурлаас баталсан 2024-2030 онд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах, батлуулахад гол үүрэгтэй ажиллаж, улсын хэмжээнд 95 байгууллагыг хамруулсан уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, иргэд, албан хаагчдаас 1000 гаруй санал авч тусгажээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу төрийн 4239 байгууллагад ёс зүйн дэд хороо байгуулагдахаас 2281 байгуулагдаад байна. Тэдгээрийн 1808 буюу 79.3 хувь нь орон нутагт, 473 буюу 20.7 хувь нь нийслэл хотод ажиллаж байгаа бөгөөд эдгээрт нийт 9855 төрийн албан хаагч сонгогдсон байна.
Хуульд зааснаар Ёс зүйн дэд хороод тухайн байгууллагын албан хаагчдын тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гарган эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолтыг гаргуулах, ёс зүйн асуудлаар зөвлөмж өгөх, гарч байгаа болон болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцөл, эрсдэлийг тооцох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах чиг үүрэгтэй юм.
2024 онд улсын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар нийт 595 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 322 нь зөрчил тогтоогдсон, 221 нь тогтоогдоогүй байна. Үлдсэн 52 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхээр судалж байгаа талаар Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс мэдээлэв.
Эдгээр гомдол, мэдээллийн 47.5 хувь нь иргэнээс төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд, 40.6 хувь нь төрийн албан хаагчаас төрийн албан хаагчид, 11.9 хувь нь байгууллагынхаа дотоод хяналт, шалгалтаар гаргасан гомдол, мэдээлэл байгаа аж. Зөрчил тогтоогдсон 322 гомдол мэдээллийн 314 буюу 97.5 хувьд нь эрх бүхий албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээлгэжээ.
Ёс зүйн хороо өнгөрөгч онд “Төрийн албан дахь ёс зүйн зөрчлийн төлөв байдал, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох туршилтын судалгаа”-г хийсэн бөгөөд уг судалгааныхаа үр дүн, тайлан, зөвлөмжийг 2025 оны үйл ажиллагаандаа тусгахаар төлөвлөсөн байна. Мөн ёс зүйн гомдол, мэдээлэл, шийдвэрлэлтийн бүртгэл, хяналтын цахим системийг хөгжүүлж байна.
Түүнчлэн тус хороо 226496 төрийн албан хаагч, 500 гаруй төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэр, төсөвт байгууллагын албан хаагчдыг хамруулсан ёс зүйн зөрчлийн төлөв байдал, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн бүрэн судалгааг гүйцээн хийх шаардлага байгааг Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс онцлов.
Өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанаас дүгнэлт хийж, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хүрээнд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх байгууллагуудын бодлого, шийдвэр, ажлын уялдааг хангах, хууль тогтоомжийн нийцлийг сайжруулах шаардлагатайг тайланд дурджээ.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Хэрлэн, Г.Очирбат, Д.Энхтуяа нар ёс зүйн зөрчил их гарч байгаа төрийн үйлчилгээний байгууллагуудын ажлын ачаалал, стрессийг судалж, ажлын байрны зураг авалт хийх, гарч буй гомдол мэдээлэл, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж шалтгаан нөхцөлийг тогтоох, удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчдад хуулийн үйлчлэл адил тэгш байх, ёс зүйн хороо, дэд хороодод ажиллаж байгаа хүмүүсийн урамшууллыг зохих ёсоор олгох, мөн төрийн албанд сэтгэлгээ, үнэт зүйлийн өөрчлөлт хийж,
ялангуя өндөр албан тушаалтнууд ёс зүйн алдаа гаргасан бол уучлалт гуйдаг байх, төрийн албан хаагчдын алдаа бүрийн араас явах бус сайн руу тэмүүлэх тэмүүллийг нь урамшуулах, улам сайн болгох, сайн талыг нь товойлгох чиглэлээр Ёс зүйн хороо ажилладаг байх зэрэг олон асуудлаар асуулт асууж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Төрийн хэмнэлтийн тухай хууль зохих өөрчлөлтийг оруулж, Ёс зүйн дэд хороодын болон бусад төрийн үйл ажиллагааны хэвийн ажиллах нөхцөлийг хангах шаардлагатайг онцолсон юм.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Ёс зүйн хороо болон дэд хороод шинэ тутам учир Байнгын хорооноос эрх зүйн болон арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатайг тэмдэглэж, өнөөдөр сонссон тайлангийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас гаргах үнэлгээг үндэслэн 2025 оны хаврын ээлжит чуулганаар дахин хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана гэлээ.
Дараа нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Ажлын хэсэг Увс, Өвөрхангай аймгийн төрийн болон тусгай чиг үүргийн байгууллагууд, Сонгинохайрхан дүүргийн Тамгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчидтай уулзаж ярилцсан тухай Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал мэдээллийнхээ эхэнд танилцуулав. Мөн Ёс зүйн хороо, дэд хороодын бие даасан, хараат бус байдлыг судлах үүднээс ижил төстэй шинж бүхий Шүүхийн сахилгын хороо, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, онцлог байдал, цаашид хууль тогтоомж, бодлогын түвшинд анхаарах зүйлүүдийг бас харьцуулан дүгнэсэн байна.
Ажлын хэсэг дүгнэлтээ Ёс зүйн хороо, дэд хороодын үр нөлөөтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх, төрийн албан хаагчдын дунд нэр хүндтэйгээр ажиллах зарчмыг баримтлан гаргаж, цаашид хэрхэн ажиллаж, тогтвортой, нэр хүндтэй байх вэ гэдгийг илүүтэй харгалзан үзсэн байна.
Энэ үүднээс Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэж, хорооны гишүүдийг томилгооны сонсголоор оруулдаг байх, улс төрийн болон төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг нарийвчлан зааглах, мөн хууль тогтоомжийн хэрэглээний тодорхойгүй, давхардал хийдэлтэй байдлыг засах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сургалт, хөтөлбөрийг системчлэх шаардлагатайг дурдсан юм.
Түүнчлэн хууль сахиулах байгууллагууд, орон нутгийн төрийн байгууллагуудад үйлчилж буй өөр өөрсдийнх нь мэргэжлийн ёс зүйн дүрмүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай давхцаж, зарим байгуулагад ёс зүйн хоёр хороо зэргэцэн ажиллахад хүрээд байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ярив.
Ёс зүйн механизм үнэхээр чухал бөгөөд төрийн албан хаагчдын хүлээлт их байгаа боловч энэ асуудлаарх хууль тогтоомж уялдаагүй, Улсын Их Хурлын Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолуудын хэрэгжилт хангалтгүй зэргээс шалтгаалан энэ механизмд итгэх илтгэл суларч болзошгүй байгааг тэрбээр анхааруулсан юм.
Мөн урамшууллын болон эвлэрүүлэн зуучлах механизм Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд байхгүй, төрийн өндөр болон удирдах албан тушаалтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн талаарх мэдээллийг нийтэд ил тод зарлах зохицуулалт дутагдалтай байгааг Ажлын хэсгийн санал дүгнэлтэд дурдсан байна.
Төрийн анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаа дэд хороод тайлан мэдээллээ шууд Ёс зүйн хороонд өгч байгаа нь орон нутаг, засаг захиргааны түвшинд мэдээллийг нэгтгэх, хүний нөөцийн болон бусад бодлогын уялдааг хангах боломжгүй болгож байна гэсэн юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Ёс зүйн дэд хороодын дарга, гишүүдийн урамшууллыг зохих ёсоор олгож, ажиллах нөхцөлийг хангах шаардлагатай талаар үг хэлэв. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоол батлахаар боллоо. Тогтоолоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаарх сургалт, соён, гэгээрүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй, тасралтгүй зохион байгуулж үнэлэх, сургалтын агуулга хөтөлбөрт нийцсэн цахим болон танхимын сургалтын гарын авлага хэрэглэгдэхүүн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж, үр дүнг тайлагнах, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, сургалтын төлөвлөлт, тайлагнал, гомдол, мэдээлэл, зөрчил, хариуцлагын нэгдсэн бүртгэлийн системийг сайжруулж, тогтмол хэрэглээг хэвшүүлэх, мэргэжлийн ёс зүйн дүрэм, давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг эрчимжүүлэх тусгай чиг үүргийн байгууллагын ёс зүйн дэд хороог хэрхэн зохион байгуулж болох талаар судалж саналаа ирүүлэхийг Ёс зүйн хороонд даалгахаар тусгасан байна. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд Ёс зүйн хороо, дэд хороодын биеэ даасан, хараат бус ажиллах нөхцөл, чиг үүрэг, гомдол мэдээллийн харьяалал тогтоох зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийн талаарх үр дагаврын үнэлгээ болон холбогдох судалгааг хийлгэж, холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр заасан байна.
Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд бүгдээрээ тогтоолын төслийг дэмжин баталлаа. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Баярбаатар Улсын их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы ирцийн талаарх мэдээллийг нарийвчлан гаргаж, шаардлагатай бол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцох санал боловсруулахыг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа болон бусад гишүүдэд үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
иргэн [66.181.185.80] 2025-01-22 11:36:43
УИХ дандаа хаа нэг байгууллагын цалин урамшуулал ярих юм Бүүр өөрсдийгөө ард иргэддээ гологдвол жилийн цалингаар урамшуулна гэх шиг Ариунзаяа бол тэтгэвэрийн зөрүү дутууг нь шударгаар гүйцээгээд олгоё гэж дуугармаар хүн дээ мартжээ