"Түмэн тэмээний баяр"-т дотоодын 24500 гаруй оролцогч, гадаадын 100 гаруй жуулчин оролцжээ
Өмнөговь аймгийн 'Түмэн тэмээний баяр" наадмын оролцогчид 24 500-д хүрлээ
Өмнөговь аймаг соёл, уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Түмэн тэмээний баяр"-ыг 26 дахь жилдээ 02 сарын 01-03-ны өдрүүдэд Даланзадгад сумандаа зохион байгууллаа.
Тус аймаг 2024 онд 148 200 толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 мянга буюу 5.7 хувиар буурчээ. Удаад нь 58 мянган тэмээтэй Дорноговь, 52 500 толгой тэмээтэй Баянхонгор аймаг орж байна.
Наадмаар уламжлал болсон "Тэмээтэй сайхан хос", "Шилмэл буур", "Шилмэл ингэ" шалгаруулах тэмцээн, “Тэмээн поло” тэмцээний тоглолт, тором, тайлаг тэмээний уралдаанаас гадна “Тэмээчид дуулж байна” дууны уралдаан, “Монгол тэмээ–Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг, симфони найрал хөгжмийн тоглолт зэрэг 20 гаруй үйл ажиллагаа зохион байгууллаа.
“Түмэн тэмээний баяр 2025”-д Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн 21 сумаас 24 500 гаруй оролцогч, гадаадын 10 гаруй улс орны 100 гаруй жуулчид аялагчид оролцлоо. Мөн таван аймгийн 120 гаруй бизнес эрхлэгч, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээгээ хүргэлээ. Хоёр өдөрт 78,2 сая төгрөгийн сүү, цагаан идээ борлуулсан гэв.
Сэтгэгдэл