ЗГ: Менингококкийн эсрэг “Нимерикс” вакциныг “Пфайзер” компаниас худалдан авахаар ажиллаж байна
![](/files/khfvvtn9ikyoowlwqk2q/3/Design-20-1024x536.jpg)
Засгийн газрын өчигдөр (2025.02.05)-ийн ээлжит хуралдаан дээр гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүн менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонссон.
Хуралдаанаас менингококкт халдварын эсрэг шаардлагатай арга хэмжээ авч, вакцин авах санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгасан байна.
2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас баржээ.
Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн бол 78 хүнээс сорьц авч шинжлэн, эрсдэлгүйг тогтоожээ.
Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй байна. Монгол Улсад 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлжээ. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байгаа аж.
Засгийн газар менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж буй юм байна.
Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ.
Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гардаг байна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт, тууралт 4-6 цагийн дотор гардаг бөгөөд маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл