Э.Макрон, Д.Трамп нар уулзжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн тэргүүн Эммануэл Макроныг Цагаан ордонд даваа гарагт хүлээн авч уулзжээ. Атлантын далай дамнасан харилцааны ирээдүйн талаар тодорхойгүй байдал үүсээд буй үед энэ уулзалт боллоо.

Европын орнууд батлан ​​хамгаалах зардлаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаагийн зэрэгцээ Украинд энх тайвныг тогтоох үйл явц дахь АНУ-ын оролцоонд итгэн найдаж байгааг Э.Макрон уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

“Европчууд бид аюулгүй байдлын баталгаанд оролцогч талууд байх үүрэг хүлээсэн. Европын аюулгүй байдлын төлөө танай улсын олон жилийн турш үүрч ирсэн ачаанаас үүрэлцэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй гэдгийг бид сайтар ойлгож байна” гэж Э.Макрон Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Зууван танхимд болсон уг уулзалт Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш яг гурван жилийн хугацаа өнгөрч буйтай давхацжээ.

Украины дайныг хурдан дуусгахыг эрмэлзэж буй Д.Трамп Америкийн гадаад бодлогыг өөрчилсөн нь Европын удирдагчдыг хэлэлцээнд оролцуулахгүй байх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

Тангараг өргөснөөс нь хойш Д.Трамптай уулзсан Европын орнуудын анхны төрийн тэргүүн нь Э.Макрон болж байна. Д.Трампын хувьд Украины дайн дуусах дөхөж байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд “энх тайвныг баталгаажуулахад шаардлагатай зардал болон ачааллыг АНУ дангаараа бус Европын улсууд хамт үүрэлцэх ёстой” гэдгийг онцолсон байна. Э.Макрон дайныг зогсоох талаар Д.Трампын гаргаж буй хүчин чармайлтыг сайшаагаад “ирээдүйд тогтоох энх тайван нь Украин бууж өгсөн гэх утга санааг илэрхийлэх ёсгүй” гэдгийг цохон тэмдэглэжээ.

“Украин сүүлийн хэдэн жил тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлынхаа төлөө, хамтын аюулгүй байдлын төлөө тэмцсэн. Энэ танхимд байгаа та бүгдийн хэн нь ч гэсэн хууль дүрэм, олон улсын хил хязгаарыг зөрчдөг тийм дэлхий ертөнцөд амьдрахыг хүсэхгүй байгаа гэж бодож байна” хэмээн Э.Макрон хэлэв.

Цагаан ордны зууван танхимд хэлэлцээ хийхээс өмнө Э.Макрон мэдэгдэхдээ, Д.Трамптай уулзах үеэр Украинд “өнө удаан үргэлжлэх энх тайвныг тогтоох” талаар ярилцана гэжээ. Үүний сацуу тэрбээр дайныг зогсоох хэлэлцээнд Киевийг “оролцуулах ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Э.Хулан


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.