Европын төв банк бодлогын хүүгээ бууруулжээ

Европын төв банкны бодлогын уулзалтын үр дүнд банкны удирдлагууд гол хүүгээ дараалан 5 дахь удаагаа бууруулжээ.
Ирэх 7 хоногийн лхагва гарагт хэрэгжиж эхлэх шийдвэрээр бүсийн орнуудын жишиг хүү 0.25 хувиар буурч, 2.5 хувьд хүрч буй юм байна.
“Эдийн засгийн ихэнх үзүүлэлтүүд инфляцыг тогтмол хугацаанд манай банкны дунд хугацааны зорилтот 2 орчим хувьтай тэнцэхээр байгааг харуулж байна” хэмээн албан мэдэгдэлдээ өгүүлжээ.
Европын төв банк пүрэв гарагт хийсэн хуралдаанаараа мөн евро бүсийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 0.9 хувь байна хэмээн өмнөх төсөөллөө бууруулсан байна.
12-р сард гаргасан таамаглалаар энэ нь 1.1 хувь байсан байна.
Шинэ төсөөлөл нь экспорт багасч, зарим талаараа худалдааны бодлогын тодорхойгүй байдал өндөр байгаагаас үүдэлтэй гэж албаныхан тайлбарлажээ.
“Тарифын өсөлт, болзошгүй хариу арга хэмжээнээс үүдэн бий болсон тодорхойгүй байдал болон суларсан итгэл үнэмшил нь хөрөнгө оруулалт, хэрэглээний шийдвэр, ажил эрхлэлт, ажилд авах болон бусад бүх зүйлийг сааруулж байна” гэж Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл