Д.Амарбаясгалан: УБТЗ-ыг цахилгаанжуулж, хос замтай болгон, дэлхийн хөгжлийн түвшинд хүргэх цаг үе ирснийг зах зээл шаардаж байна

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.
-Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн эхэллээ. Энэ хүрээнд Улаанбаатар төмөр зам-Хятадын төмөр зам болон Оросын төмөр зам-Хятадын төмөр замуудын хооронд зөвлөлдөх хуралдаанууд болж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү зөвлөгөөн энэ удаа ямар онцлогтой болж байна вэ?
-Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын 2025 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөн гуравдугаар сарын 10-наас 15-ны хооронд Улаанбаатар хотод болж байна. Монголтой нийлээд 12 улсын төлөөлөгчид энэ хуралд оролцож байна. Энэ хурал 2014 онд Монгол Улсад болж байсан. Түүнээс хойш цар тахал гараад, байнга цахимаар зохион байгуулагддаг болсон. Энэ жил Улаанбаатар хотод биет байдлаар болж байна.
-“Улаанбаатар төмөр зам” 2025 онд хэдэн тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Нийт 34 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөөгөө биелүүлэх, ямар ямар ачааг хааш нь яаж зөөхөө, хэн хэнтэй ямар техник зохион байгуулалтын арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг энэ зөвлөгөөнөөр бид авч хэлэлцэж байна. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүн болох экспортын ачаа, мөн Монгол Улсад оруулж ирэх ард түмний өргөн хэрэглээний бараа, дизелийн түлш, бензин, барилгын материал, эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний бараа гээд ачааны нэр төрөл, хилийн гарц бүхнээр тодорхойлох, мөн энэхүү ачааг тээвэрлэхэд бид техник зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тус хурлаар хэлэлцэж баталгаажуулах юм.
-Энэ онд тээх ачааны хэд тонн нь Монгол Улсаар дамжин өнгөрөх вэ?
-Улаанбаатар төмөр зам Ази, Европыг холбосон хамгийн дөт, богино зам гэдгээрээ онцлогтой. Энэхүү замаар бид 34 сая тонн ачаа тээхээс 21 сая тонн нь гадаад худалдааны буюу Монгол Улсаар дамжин өнгөрөх ачаа байна. Манай улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж, 2024 онд 3144-т хүрсэн нь УБТЗ бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж байна. 2024 онд УБТЗ-ын тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээг 2023 онтой харьцуулахад экспортын ачаа 4.3 хувь, импортын ачаа 4.5 хувь, дамжин өнгөрөх (транзит) ачаа 4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
-Монгол Улс Төмөр замын хамтын ажиллагааны энэхүү байгууллагад хэзээ элссэн бэ?
-Монгол Улс тус байгууллагад 1956 онд элссэн хамгийн анхны 10 гишүүний нэг юм. Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ, үр ашгийг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд болон цаашлаад бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нөлөөлж байдаг.
-Энэ зөвлөгөөний ач холбогдлын талаар ярихгүй юу?
-2014 онд Монгол Улсад зохион байгуулагдсанаас хойш энэ зөвлөгөөн ковид цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдаж байгаад, өнөөдөр биет байдал дээр Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Нүүр нүүрээ харж ярилцахад хурлын болон ажлын үр дүн маш сайн байна. Энэ хурал Улаанбаатар төмөр зам болон Монгол Улсын эдийн засагт түүхэн чухал ач холбогдолтой хурал болж байна.
-Бүс нутгийн болон улс орны эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөө, үр дүнгийн талаар ярихгүй юу?
-Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага анх 1956 онд Болгар улсын Софи хотод байгуулагдсан. Энэ байгууллагаас төмөр замаар ачаа, зорчигч тээвэрлэхтэй холбоотой бүх дүрэм журам, гэрээ хэлэлцээрийг гаргадаг. Гишүүн бүр тэдгээрийг дагаж мөрдөн ажилладаг. Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Энэ байгууллагын гишүүн орнуудын төмөр замуудаар тээвэрлэх ачааны хэмжээг тохирох энэ хурал нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил, ялангуяа Монгол Улсын эдийн засгийн хөгжилд урд нь ч, одоо ч маш чухал ач холбогдолтой байсаар ирлээ. Бид жил бүр тээвэрлэх ачааныхаа хэмжээг энэ байгууллагын ажлын хүрээнд бусад улсуудтайгаа тохирдог. Тухайлбал, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, хэчнээн хэмжээний ямар ачаа, нүүрс, зэс хэдэн тонн, төмрийн хүдэр хэдэн тонныг төмөр замаар яаж тээвэрлэх вэ, ямар техник зохион байгуулалтын арга хэмжээ авах вэ гэдгээ тус хурлаар ярилцаж хэлэлцдэг тул энэ хурал Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний үр өгөөжтэй нь харагдаж байна.
-“Төмөр зам шинэчлэгдэхгүй байна” гэсэн шүүмжлэл гарсаар ирсэн. Өөрчилж шинэчлэх хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-“Улаанбаатар төмөр” зам улсын хойд хилээс урд хил хүртэл 1100 км замтай. Төмөр замын дэлгэмэл урт нь 1800 км. “Улаанбаатар төмөр зам” 2024 онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өөрийн тээх, нэвтрүүлэх чадлаас 20 хувь илүү ачаа тээвэрлэсэн гэсэн үг. Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх хэрээр “Улаанбаатар төмөр зам”-ыг хөгжүүлэх зайлшгүй түүхэн үүрэг бидэнд тулгарч байна. УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт 2030 онд төмөр замаар 50 сая тонн ачаа тээнэ гэсэн таамаглалтай байна.
-Ачаа тээврийн хэмжээ 50 сая тоннд хүрсэн тохиолдолд ямар өөрчлөлт гарна гэж тооцож байна вэ? Улаанбаатар төмөр замыг цахилгаанжуулах уу?
-Өнөөдөр бид улсын хойд хилээс урд хил хүртэл нэг замтай байна. Үүнийг хос замтай болгох, “Улаанбаатар төмөр зам”-ыг цахилгаанжуулах, замын тээх, нэвтрүүлэх боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, дэлхийн төмөр замуудын хөгжлийн түвшинд хүргэх цаг үе ирснийг нэгэнт зах зээлийн систем өөрөө шаардаад байна. Тийм учраас энэ хөгжлийг хийхийн тулд бид 2030 он хүртэл төмөр замыг яаж хөгжүүлэх вэ гэдэг хөтөлбөрүүдээ боловсруулаад байгаа.
-Ази, Европыг холбосон хамгийн дөт коридорын давуу талаа цаашид хэрхэн ашиглах төлөвлөгөөтэй байна вэ?
-Ази, Европыг холбосон хамгийн дөт, хамгийн богино зай бол энэ. Дээр үед “Цайны зам” гэж нэрлэдэг байсан. Энэ замаар хэчнээн их ачаа явна Монгол Улс, УБТЗ төдийчинээ их орлого олно. УБТЗ бол улсын өмнө хүлээсэн чухал үүрэгтэй. 16 мянган төмөр замчны амьдрал ахуй, бүхнийг авч явдаг, Монгол Улсын ажил олгогч байгууллага. Энэ зөвхөн төмөр замчдын амьдрал ахуй төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал юм. ОХУ, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт асар хурдацтай нэмэгдэж байгаа үед бид УБТЗ, Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорынхоо давуу талыг ашиглаж, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Д.ЭРДЭНЭТУЯА
ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Иргэн [103.57.92.160] 2025-03-12 17:09:27
Одоо ухаан орсон юм шиг аяглахаа болио!!! Тэтгэврийн эмээ шинэчилнэ гэж ярихаасаа ичих хэрэгтэй ,бүх насаараа шигдэж УБ- төмөр замыг Дэлхийн шившиг болгчихоод олон юм ярьж суудалдаа шигдэх санаатай!!!
Зочин [66.181.167.254] 2025-03-12 13:55:56
УБТЗ-ынхан ажил сайжруулах, шинэ юм санаачлах, өртөг зардал, үнэ тариф буулгах талаар огт толгой ажилдаггүй гарууд , сүүлийн 30 гаруй жилд төмөр замын үйлчилгээний үнэ тариф өссөн, үйлчилгээ муудсан, бүтэц орон тоо данхайсан. бас авилга нэмэгдсэн, нэг цуваа /50 ваг/ вагоны авилга нэг хэсэгтээ 500 сая хүрсэн гэдэг.Энэ авгайгийн хэлсэн ажлыг аль 20,30 жилийн өмнө хийх байсан.
Зочин [66.181.190.25] 2025-03-12 13:54:20
Тэр энүүгээр явж болохгүй гээд согтуу хүн шиг трасстай болсон. Цайны зам гажсан
Аялагч Б [202.55.183.178] 2025-03-12 13:25:08
Энэ өгүүллэгийн гарчиг нь зөв байна - бараг 100 жилийн дараа хос болгох цахилгаанжуулах ажил ярьсан байна. Хийгдээсэй.
Олон сонголт бидэнд байхгүй ш дээ. [66.181.160.35] 2025-03-12 11:18:50
Страгегийн 2 түнш, манай 2 ХӨРШ Орос, Хятадаар л төмөр замдаа хөрөнгө оруулалт хийлгүүлнэ ш дээ. ӨӨР СОНГОЛТ бидэнд БАЙХГҮЙ. Дээхэн үед УБТЗамынхан америкуудаар зам бариулах гэж байгаад юү ч болоогүй, бүтэхгүй юм байсан. Харин төмөр замынхаа нэг урсгалын оросуудаар бариулсан юм бол одоо НӨГӨӨ урсгалыг хятадуудаар бариулж НЭГ болно. ЭСХҮЛ Монголын Сэлэнгээс Дорноговийн хойд хил хүртэл оросуудаар, түүнээс урагш хятадуудаар ТУС ТУС зам бариулж болох юм биш үү? Бас элдэв үзэл баримтлал, концепциь болгоомжлол гээд болдоггүй юм болов уу?
Зочин [112.72.9.122] 2025-03-12 10:49:22
төмөр замын шуналын дэвнүүд
УБТЗ [203.91.116.130] 2025-03-12 10:35:37
Дээхнэ Рааш даргын үед төмөр замын удирдлагад 100-гаад хүн ажиллаж төв контортоо багтддаг байлаа, Одоо төв оффистоо 700 хүн багтаж чадахгүй, мэргэжлийн бус шахаасны хүмүүсээр дүүрсэн байна. Загас толгойноосоо өтдөг гэдэг.
1234 [202.5.202.32] 2025-03-12 09:32:48
Авилгач шуналтай авгай мөрөөдлөө ярьжээ.