Д.Трамп эсрэг талуудыг хэлэлцээний ширээний ард суулгахаар болов

Кремль “Дональд Трамп Владимир Путинд мөргөлдөөнд оролцогч талуудад 30 хоногийн турш эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид халдлага хийхгүй байх саналыг дэвшүүлсэн.
Владимир Путин энэ санаачилгыг нааштайгаар хүлээн авч, Оросын армид зохих тушаал өгсөн” гэж албан ёсоор мэдээлсний маргааш нь Украины Батлан хамгаалах яам “Кремлийн мэдэгдлийн дараахь шөнө ОХУ Украинд 145 довтолгооны дрон, зургаан пуужингаар иргэний дэд бүтэц рүү довтолсон” гэж мэдэгдэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам хариуд нь “Бид энэ шөнө Украины алсын зайн 57 дрон устгасан” гэж мэдээллээ. Энэ явдалтай холбогдуулан Германы Батлан хамгаалахын сайд Писториус “Хоёр улсын тэргүүн утсаар ярьсны дараахь эхний шөнө оросуудын Украины иргэний дэд бүтцэд халдсан дайралт сулраагүй нь тогтоогдсон” гэж шүүмжлээд “Путины амлалт бол үнэндээ ямар ч утгагүй зүйл.
Учир нь энэ бол Оросууд тэртэй тэргүй халдаж чадахгүй байгаа Украины хамгийн сайн хамгаалагдсан дэд бүтцэд халдлага үйлдэхгүй, харин өөрсдийн хамгаалж чадахгүй байгаа байгууламжууддаа Украины цохилтыг зогсоох гэрээ байгуулахыг Путин хүсэж байна гэсэн үг" хэмээн тайлбарлав.
Мөн Украины ерөнхийлөгчийн албан айлчлалын дараа Финландын ерөнхийлөгч Александр Стубб “Украин түншүүдийнхээ тусламжтайгаар өөрийгөө хамгаалах маргаангүй эрхтэй бөгөөд Финлянд улс Киевийг шаардлагатай бүхнээр нь дэмжих болно” гэж онцлов.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа “Барууны орнуудаас Киевт зэвсэг нийлүүлэхээ зогсоох нь Украины эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид 30 хоногийн турш халдлага үйлдэхээ зогсоох нэг нөхцөл болно” гэж хэлсэн.
Тэгвэл Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кая Каллас “ОХУ-ын эсрэг түрэмгий дайн хийж байгаа Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоох тухай Москвагийн шаардлагыг "Хүлээн авах боломжгүй зүйл” гээд “Хэрэв Украинд цэргийн тусламж үзүүлэхээ больчихвол Оросууд хүссэн үйлдлээ үргэлжлүүлж, украинчууд өөрсдийгөө хамгаалах чадваргүй болно” гэж мэдэгдэв.
Германы Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Сара Рыглевский “Бундестагийн Төсвийн хороо Германы засгийн газар Украинд 11 тэрбум еврогийн нэмэлт цэргийн тусламж олгох шийдвэрийг дэмжсэн” гэсний дараа Германы Сангийн сайд Йорг Кукиес “Энэ онд Украинд үзүүлэх төлөвлөөгүй зардлыг 2547 тэрбум еврогоор батлахаар төлөвлөж байна.
Санхүүгийн бусад эх үүсвэрээс авах орлоготой нийлээд Украинд өгөх бэлэн байгаа хөрөнгийн хэмжээ гурван тэрбум евро болж байна” гэлээ.
Энэ бүх үйл явдлын дараа АНУ, Украины ерөнхийлөгч нар утсаар ярив. АНУ-ын ерөнхийлөгч Трамп өөрийн “Truth Social” хуудсанд “Зеленскийтэй нэг цаг орчим үргэлжилсэн маш сайн яриа өрнүүлсэн” гээд “Ярианы ихэнх хэсэг нь ОХУ, Украины хүсэлт, хэрэгцээг зохицуулах зорилготой ерөнхийлөгч Путинтэй өчигдөр хийсэн ярианд тулгуурласан. Бид зөв замаар явж байна.
Би Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Вальц нараас хэлэлцэж буй асуудлын талаар тодорхой тайлбар өгөхийг хүсэх болно” гэж бичжээ. Харин Украины ерөнхийлөгч Зеленский “X” олон нийтийн сүлжээнд “Ерөнхийлөгч Трамптай хийсэн яриа эерэг, маш утга учиртай, илэн далангүй болсон” гэж онцлоод “Ерөнхийлөгч Трамп Путинтэй хийсэн ярианыхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэлэлцсэн гол асуудлынхаа талаар надтай саналаа хуваалцлаа.
Би мөн тулалдааны талбар дахь нөхцөл байдал, Оросын цохилтын үр дагаврын талаар мэдээллийг түүнд өгсөн. Дайныг бүрэн зогсоох эхний алхам нь эрчим хүч болон бусад иргэний дэд бүтцэд халдлагыг зогсоох явдал юм. Би энэ алхмыг дэмжиж, Украин үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ баталсан. Украин, Америкийн багууд ойрын өдрүүдэд Саудын Арабт уулзаж энх тайван тогтоох алхмуудыг үргэлжлүүлэн зохицуулахад бэлэн байна” гэж бичжээ.
Үнэндээ гал зогсоох гэрээнд гарын үсэг зурагдан хүчин төгөлдөр болж, гэрээг олон нийт ил тод мэдэж байж л уг гэрээ хэрэгждэг. Өөрөөр хэлбэл хаана, хэдийд гал зогсох ёстойг хүн бүр мэдэж байж гал зогсоно. Ямартай ч байсан ардчилсан улсууд буюу Дональд Трамп бас Европын Холбоо, Их Британи тэргүүтэй Европын бусад улсууд, Япон, Өмнөд Солонгос, Турк зэрэг Азийн зарим улсууд мөн Канад, Австрали, Шинэ Зеланд ч үнэхээр мундаг байна.
АНУ-ын ерөнхийлөгч бүх зүйлийг хөдөлгөөнд оруулж, эсрэг талуудыг хүртэл хэлэлцээний ширээний ард суулгахаар болов. Европын улсуудыг бие даасан том хүчин болгов. НАТО хэмээх “цаасан бар”-ын оронд “Украинд сайн дураар туслах улсуудын эвсэл” буюу Европ-Азийн бие даасан зэвсэгт хүчин шинээр бий болов. АНУ-ын төрд цомхтгол явуулж, төсвийн алдагдлыг багасгаж, хөрөнгийн бирж гэх “хөөсөн” мөнгөний аюулаас нийт америкчууд төдийгүй ардчилсан улсуудыг холдуулах боломжийг бий болгож өгөв.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
зочин [192.82.66.30] 2025-03-21 14:44:41
3 тэрбумаас шат бүхэнд идэж л байгаа
Зочин [202.131.248.102] 2025-03-21 12:10:05
УКРАЙНЫГ ДЭМЖИХЭЭ БОЛЬ
Зочин [66.181.186.31] 2025-03-21 11:31:29
ХЭТ БАРУУНЫ ТАЛЫГ БАРЬЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ 2-ХӨРШТЭЙ НЬ ТЭРСЛҮҮЛЭХ БОДЛОГО ЯВУУЛАХАА БОЛИО!!!АМЕРИКИЙН БОДЛОГЫН УЛМААС "ЕВРОПЫН ЭДИЙН ЗАСАГ УНАСАН!!!АМЕРИКААС ҮНЭТЭЙ ГАЗ,НЕФТЬ АВДАГ БОЛСОН!!!БИД ХЭРВЭЭ ТА НАРЫН БОДЛОГООР ЯВБАЛ ТОГ ЦАХИЛГААНЧ ҮГҮЙ,ХЯМД БЕНЗИН Ч ҮГҮЙ БОЛООД АМЕРИКИЙН ГАРТ ОРЖ ДАЛАЙН ЦААНААС БЕНЗИНЭЭ,ХООЛ ХҮНСЭЭ АВАХ БОЛЖ БАЙНА УУ?АВИЛГА АВЧ УЛСАА ХУДАЛДСАН ЛУЙВАРЧИН ТА НӨХӨД Ч ЯАХ ВЭ ЭХ ОРНОО ХАЯАД ЭЛБЭГДОРЖИЙНХОО АРААС АМЕРИКРУУГАА ЯВАЦГААХ БИЗ,МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД ЯАХ ВЭ?!
Зочин [66.181.186.31] 2025-03-21 11:16:42
Tegeed buh uym orsuudiin buruu bolj baina uu?! OROSUUD evropiin ornuudiin(frantz,german...)adil AMERIKIIN GAR HUL-bolohgui bodlogiin ulmaas ene dain EHELSEEN!AMERIK UKRAIND TUSALJ baigaad etsiin dun ni ukrainii hovor erdes,metalluudiig-ugsun zevsgiinhee orond avhaar bolloo...Ene ni ukrainii ard tumenii amidrald ASHIGTAI uy?!